ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн харъяанд “Философи, төр эрхийн тасаг” нэртэйгээр 1967 онд байгуулагдаж эрхлэгчээр нь нэрт эрдэмтэн, академич Ч.Жүгдэр 1967-1971 онд ажиллаж байв. Мөн хүрээлэнд “Буддын судлалын сектор” 1969 онд байгуулагджээ. Эдгээр нэгжийн үндэс суурин дээр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаар тогтоолоор Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулах шийдвэр гарч тэр дагуу бэлтгэл хийж 1974 оны 3 дугаар сард философи, социологи, төр эрхийн хэлтэстэйгээр албан ёсоор нээгдэж ажиллах болжээ. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний анхны ажилтнууд нь Х.Нямбуу, Б.Самбуу, Ш.Түдэв, Д.Тунгалаг, Ц.Төрбилэг, зааварлагч Ю.Санжаагончиг нар байв.
Хүрээлэнгийн анхны захирлаар академич Ч.Жүгдэр ажиллаж байжээ. Түүнээс хойших хугацаанд тус хүрээлэнгийн захирлаар академич С.Норовсамбуу, доктор (Ph.D) Г.Лодой, доктор (Sc.D) Д.Дашпүрэв, академич Г.Чулуунбаатар, академич Ж.Амарсанаа нар ажиллаж ирэв.
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны 60 хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөд одоогоор хүрээлэнд нийт үндсэн ажилтан 30, гэрээт ажилтан 6 байгаа болно. МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, доктор, профессор Б.Чимид, МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор Б.Даш-Ёндон, академич Г.Чулуунбаатар, доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий нарын манай улсын нэр хүндтэй эрдэмтэд ажиллаж байна.
Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид философи, социологи, улс төр судлал, эрх зүйн чиглэлээр 2000 оноос хойш:
- Нэг сэдэвт бүтээл -45
- Орчуулгын бүтээл –12
- Сурах бичиг, гарын авлага -8
- Социологийн судалгаа -100
- Толь бичиг -5 олон түмний хүртээл болгож, шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан.
1977 оноос “Философи, эрх зүйн судлал” эрдэм шинжилгээний цувралыг жилд нэг удаа (XXVI боть), 2009 оноос “Эрдмийн ертөнц” (Academae) сэтгүүлийг жилд хоёр удаа эрхлэн хэвлүүлж байна.
Эрдэм шинжилгээний ажлын үр дүн
1971-1981 он
Философи, социологи, эрх зүйн талаар капиталист бус хөгжлийн түүхэн туршлагын зарим онцлогийг нэгтгэн дүгнэжээ. Социалист ардчиллын хөгжлийн асуудал, мөн монголын нийгмийн бүтэц хийгээд ёс суртахууны хүмүүжлийн зарим асуудлыг судалсан.
1981-1991 он
ХХ зууны хоёрдугаар хагасаас манайд шинэ тутам хөгжиж эхэлсэн философийн судалгааны нэг үндсэн чиглэл монголын философийн түүхийн судалгаа болно. Энэ ажлыг анх тэргүүн эхэлсэн эрдэмтэн бол ШУА-ийн гишүүн, доктор Ч.Жүгдэр юм.
Монголын ард түмний философи, нийгэм, улс төрийн сэтгэлгээг нэн эртний тодорхойгүй үеэс эхлэн ХХ зууны эхэн хүртэл урт хугацаа, өргөн агуулгаар авч судалсан цуврал бүтээлийн эмхтгэл.
Зохиогч монголын философийн түүхийг илэрхийлэн харуулахдаа түүний хөгжлийн томоохон үе бүрийн онцлогийг гаргаж, тухайн үеийн үзэл санааны үндсэн урсгалыг тодорхойлон зарим төлөөлөгчдийн нийгэм, улс төр, философийн үзлийг жишээлэн авч үзжээ.
Монголын нийгмийн үндсэн анги бүлгийг түүхчлэн шинжилдэг уламжлалыг гүнзгийрүүлэн тэрхүү анги бүлгийн дотоод бүтэц, хөдөлмөрт хандах харьцаа, соёл ахуйн төвшинг харуулсан социологийн судалгааны үзүүлэлтээр нэгтгэн дүгнэсэн юм. Хоршоолсон ард анги гэж нэрлэгдэж байсан малчдыг газар зүйн бүс нутаг, хариулж буй малын болон өмнөх малын тоо нэгдлийн хүчин чадал, удирдлага зохион байгуулалтын талаарх судалгааны олон баримтыг эрдэм шинжилгээний эргэлтэнд цоо шинээр оруулсан билээ. Энэ манай нийгмийн ухааны салбарт социологийн судалгааны шинэ чиглэлийг буй болгосон юм.
1991-2001 он
Монголын философийн Монголын философи, буддын судлалаар мэргэшсэн 20 гаруй эрдэмтэн судлаачдын хүч хөдөлмөрөөр нэн эртнээс ХХ зууныг хүртэлх монголын ард түмний гүн ухаан, нийгэм, улс төрийн сэтгэлгээний хөгжлийг тоймлон харуулж, түүний үндсэн үе шат, голлох урсгал чиглэлийг нарийвчлан үзэж тодруулснаараа шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий онолын суурь бүтээл бий болгосон.
2001-2011 он
Монголын нийгмийн амьдралд 1990 оноос хойш гарсан өөрчлөлтийг философи, социологи, улс төр судлал, эрх зүй болон эдийн засгийн ухааны үүднээс судлан төр засгийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэстэй бодлого боловсруулах онол, арга зүйг дэвшүүлэн тавьжээ.
-
Монголын хууль, тогтоомжийн түүхэн эмхтгэл (1206-2009 он) 16 боть. УБ.,2010“Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл (1206-2009 он)” бүтээл нь Монголын төрт ёс, түүх, соёлын уламжлалын сурвалж бичиг болох хуулийг ард түмний оюуны өв болгох, иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бататгах, гадаад ертөнцөд Монгол Улсыг сурталчлах, иргэдийн эрх зүйн соёл, ухамсрыг дээшлүүлэх, төрийн бодлогын уламжлал, залгамж чанарыг өнөө болон хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой.
Тус 16 ботид 6000 орчим эрх зүйн актыг багтаасан байна.
-
Мянганы хөгжлийн 9 дэх зорилтын шалгуур үзүүлэлтийг боловсруулах ажлыг ШУА-ийн ФСЭЗХ-ээс зохион байгуулж гүйцэтгэсэн нь Монгол Улс Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг баталсан нь нийгэм-эдийн засгийн урт хугацааны зорилго, түүний дотор Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ардчилсан засаглал ихээхэн үүрэгтэй гэдгийг онцолсон хэрэг бөгөөд олон улсын хэмжээнд шинэ бөгөөд бас нэлээд алсыг харсан чухал алхам болсон юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд, улс орнууд Монгол Улсын энэ санаачлагыг сайшаан дэмжиж НҮБХХ-ийн туслалцаатайгаар “Хүний эрх, ардчилсан засаглалын талаарх МХЗ 9-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийг ФСЭЗХ хэрэгжүүлсэн юм.
ФСЭЗХ-ийн зүгээс арга зүйн зааварчилгааг үр дүн болгоны шалгуур үзүүлэлтээр боловсруулж үүнд үзэл баримтлалын тодорхойлолт, мэдээллийн эх үүсвэр болон цуглуулах аргачлал, хэмжих арга техник болон тооцоолол, жэндерийн ялгаа ба ядуурлын нөхцөл байдлыг хэрхэн хамруулах зэргийг багтаасан ажээ.
Монголын ардчилсан засаглалын 130 шалгуур үзүүлэлтийг боловсруулах болон Монгол улсын ардчилсан засаглалын төлөв байдалд өөрсдөө үнэлгээ хийх эхлэлийг тавьсан юм.