“Монголын буддын шашны төлөв байдал ба нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний семинар боллоо
2018 оны 06
дугаар сарын 5-ны өдөр Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Шашин
судлалын салбар, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгмийн ажил, арга
зүйн тэнхимтэй хамтран “Монголын буддын шашны төлөв байдал ба нийгэм
хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний семинарыг ШУА-ийн
Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Уг семинар нь Монгол дахь буддын шашны
өнөөгийн байдал, буддын шашны байгууллагуудын зүгээс зохион байгуулж
хэрэгжүүлдэг нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагааны онцлог, үр нөлөөний тухай
шашин судлал, нийгмийн ажлын чиглэлийн эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын
асуудал хариуцсан мэргэжилтнүүд санал солилцоход чиглэж байв.
Семинарын үеэр
Философийн хүрээлэнд 2015-2017 онд хэрэгжсэн “Монгол дахь шашны төлөв байдал”
суурь судалгааны төсөл, Японы Шукутоку их сургуулийн дэмжлэгтэйгээр ШУА-ийн
Философийн хүрээлэн, МУИС, МУБИС-ийн хамтарсан судалгааны багийн гүйцэтгэсэн
“Монгол дахь буддист нийгмийн ажил” олон улсын хамтарсан төслийн зарим үр дүнг
танилцууллаа.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин
судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор С.Цэдэндамба, “Монгол Улс дахь
шинэ шашнууд: нийгэм, философийн шинжилгээ” суурь судалгааны төслийн ажилтан
Б.Мөнхцацралт нар “Монгол Улс дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал”, ШУА-ийн
Философийн хүрээлэнгийн ЭША, докторант Ж.Алтайбаатар “Монгол дахь буддын шашны
олон нийтийн байгууллагуудын нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаа”, МУБИС-ийн
БСС-ийн НААЗТ-ийн багш, “Буддист нийгмийн ажил” олон улсын судалгааны төслийн
зохицуулагч Н.Оюут-Эрдэнэ “Монголын Буддын шашны нийгэм хүмүүнлэгийн үйл
ажиллагаа”, МУБИС-ийн БСС-ийн НААЗТ-ийн эрхлэгч, доктор, дэд профессор
Т.Цэндсүрэн “Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн сүм хийдэд татагдаж буй
шалтгаан” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Семинарт ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС,
АШУҮИС, Улаанбаатарын олон улсын их сургууль зэрэг нийгмийн ажлын чиглэлээр
судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг байгууллагуудын багш, судлаачид,
нийслэлийн болон дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд, Нийслэлийн хүүхэд,
гэр бүл, залуучуудын хөгжлийн газар зэрэг төрийн захиргааны байгууллагын төлөөллүүд
оролцлоо.
Бусад мэдээлэл