Үндсэн агуулга руу

Бидний тухай

Гадаад хамтын ажиллагаа

Философийн хүрээлэн 2019 онд өмнө байгуулсан хамтран ажиллах гэрээ, санамж бичгийн хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн, Дорно дахины хүрээлэн, Хүн амын нийгэм-эдийн засгийн судалгааны хүрээлэн, Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэн, Буриадын Улсын их сургууль, Халимагийн Нийгэм, хүмүүнлэгийн хэрэглээний хүрээлэн, Унгарын ШУА, Өтвөш Лорандын нэрэмжит Их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим, Чехийн Шинжлэх ухааны академи, Өвөрмонголын их сургууль, Өвөрмонголын Багшийн их сургууль, Шведийн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллав. Түүнчлэн 2019 онд Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоо, ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэн, Чехийн ШУА-ийн Социологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоотой хамтран ажиллах талаар:


ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбооны Нарийн бичгийн дарга Ксения Кизиловатай 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Улмаар тус хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж 2019 оноос Дэлхийн үнэлэмжийн судалгааг Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэгийн удирдлага дор Монгол Улсад зохион байгуулж явуулахаар тохиров.
Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоо нь (www.worldvaluessurvey.org) Швед улсын Стокгольм хотод байрладаг бөгөөд нийгмийн болон улс төрийн амьдралд үзүүлж буй үр нөлөө, үнэт зүйлсийн өөрчлөлтийг судалдаг нийгмийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн дэлхий нийтийн сүлжээ бүхий олон улсын судлаачдын баг юм. Дэлхийн үнэлэмжийн судалгааг 1981 оноос хийж эхэлсэн бөгөөд өдгөө 115 оронд бараг 400,000 хүний дунд явуулсан болно. Тус судалгаа нь эрдэмтэд, бодлого боловсруулагч нарт дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд үнэлэмж, сэдэлжилтийн өөрчлөлтийг бүрэн дүүрэн ойлгуулахыг зорьдгоороо онцлогтой. Улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, социологич, нийгмийн сэтгэл зүйчид, антропологич, эдийн засагч нарт эдийн засгийн хөгжил, ардчилал, шашин шүтлэг, жендэрийн тэгш байдал, нийгмийн капитал, хувь хүний сайн сайхан байдал зэрэг сэдвээр дүн шинжилгээ хийхэд мэдээллийн эх сурвалж, сан болдгоороо чухал ач холбогдолтой. Түүнчлэн эдгээр мэдээлэл нь засгийн газрын албан хаагчид, сэтгүүлчид, оюутнууд төдийгүй Дэлхийн Банкны бүлгийнхэнд ч эдийн засгийн хөгжил болон соёлын хүчин зүйлсийн хоорондын уялдаа холбоог тодруулахад өргөнөөр ашиглагддаг билээ.

Чехийн ШУА-ийн Социологийн хүрээлэнтэй хамтран ажиллах талаар:
2019 оны 05 дугаар сард Чехийн ШУА-ийн Социологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээ ёсоор 2024 он хүртэл хоёр тал соёл, улс төр, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хүрээний асуудлаар судалгаа хийж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
Хоёр хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Чех улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Глобал судлалын захирал, доктор (Ph.D) Marek Hrubec 2019 оны 10-сарын 02-ны өдөр Философийн хүрээлэнд зочилж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн энэ үеэр орчин үеийн даяаршлын нөхцөлд пост-социалист орнуудын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, европ дахинаа даяаршлын асуудлыг хэрхэн харж, ямар үндсэн концепци баримталж буй болон БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам санаачилга” хэрэгжсэнээр Европын холбооны улсуудын эргэн тойронд ямар нөхцөл байдал бий болсон зэрэг асуудлаар “Innovation of the belt and road initiative: The perspective of central european political and economic philosophy” лекц уншлаа.
Хуучин социалист систем задран унаж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын зарим нь том улс орнуудын эрхшээл нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд хэт тусгаарлагдсан бодлого явуулж ирсэн нь тухайн улсуудын хөгжил дэвшилд сөрөг нөлөө үзүүлэх болсон бол, зарим нь хэт нээлттэй бодлого баримталж том гүрнүүдийн эдийн засгийн нөлөөнд автагдах болжээ. Иймд “Даяаршил-Дангааршил” зохистой харилцаанд байх ёстой, хөгжил буурай улс үндэстэн бүр үндэсний тусгаар байдал, үндэсний шинжээ хадгалах талаар ухаалаг бодлого явуулах нь зүйтэй. Аль ч улс үндэстэн өөрийн хүсэл зоригтой байдаг тул бүс нутаг, макробүсийн асуудлыг шийдвэрлэхдээ хувь нэмрээ оруулж өөрийгөө илэрхийлж байх ёстой. Ингэснээр тухайн бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хөгжил дэвшилд хамтран оролцох бололцоо нээгдэж байдаг. Мөн аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх, техник технологийн инноваци, шийдлийг санал болгох хүлээн авах боломж бий болно гэдгийг тэрээр онцоллоо.

Туркийн Их, дээд сургуультай хамтран ажиллах талаар:


2019 оны 09, 10 дугаар сард ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Турк улсын Ийдир Их сургуулийн Теологийн факультет, Нежметтин Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн факультетаас Исламын шашин, соёлын судалгааг хамтран хэрэгжүүлэх 3 талын гэрээ байгуулж ажиллахаар уулзалт хэлэлцүүлгийн 2 удаа зохион байгууллаа. Туркийн талаас Ийдир Их сургуулийн Теологийн факультетын Исламын суурь мэдлэгийн салбарын багш, доктор Исмаил Башаран Нежметтин Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн факультет социологи, арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Махмут Хакки Акын нарын төлөөлөл ирж хүрээлэнгийн бодлого, үйл ажиллагаатай танилцав. Мөн цаашид шашин судлалын судалгааг хөгжүүлэх, судалгааны цар хүрээг тэлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судлаачдыг мэргэшүүлэх тал дээр хамтран ажиллах боломжийг судлан хэрэгжүүлэхээр тогтов.