“ОЛОН
НИЙТИЙН ДИСКУРС ДЭХ ФИЛОСОФИЙН ҮҮРЭГ”
ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
ЮНЕСКО-ийн санаачилгаар жил бүр дэлхий даяар философийн
өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүн төрөлхтөн даяар философи сэтгэлгээний өв
сантай танилцаж нийтийн хүртээл болгохыг
уриалсан байдаг. Энэ жил Дэлхийн
философийн өдөр 11 дүгээр сарын 18-ны өдөр тохион ЮНЕСКО-гийн гишүүн орнууд
тэмдэглэн өнгөрүүлж байна. Жил бүрийн энэ өдөр тодорхой сэдвийн хүрээнд болон Олон
улсын хурал, семинар, дугуй ширээний ярилцлага, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ
зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил Монгол улсад ШУА-ийн
Философийн хүрээлэнгээс ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгээр “Олон
нийтийн дискурс дэх философийн үүрэг” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион
байгуулж байна.
Орчин үеийн ардчилсан
нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэх гол арга хэрэгсэл нь олон нийтийн
дискурс (хэлэлцүүлэг) болон хувирч,
үүнд хувь хүн, социаль бүлэг, нийгмийн байгууллагууд, улс төрийн хүчнүүд ч
татагдан орж байгаа. Ялангуяа технологийн хөгжилтэй холбоотойгоор нийгмийн олон
чухал асуудлыг нээлттэй хэлэлцэн шийдвэрлэх үйл явц улам бүр бие даасан
хэлбэрийг олох болсон. Тиймээс олон нийтийн хүрээ, түүний цаашдын төлөв хандлагыг философийн үүднээс эргэцүүлэх
зайлшгүй шаардлагатайг анзаарч эрдэмтэн судлаач, багш нарын үнэ цэнтэй санал,
зөвлөмж, шийдлийг хэлэлцэхэд энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго оршино.
Тус хуралд ШУА-ийн
Философийн Хүрээлэн, МУИС, ХААИС, СУИС, ДХИС зэрэг байгууллагын багш, судлаачид
илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн энэ өдөр философийн мэргэжлийн хүрээнийхэн бүтээл
туурвил, сургалт судалгааныхаа талаар санал солилцож, цаашид хийх эрдэм
шинжилгээ, үйл ажиллагааныхаа чиг хандлагыг тодорхойлдог юм.
Хурал 2021 оны 11-р
сарын 18-ны өдрийн 10:00-13:30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны 4 давхрын хурлын танхимд болно.
Мөн хурлын үеэр ШУА-ийн
Философийн хүрээлэнгийн Философийн салбарын эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг
танилцуулна.