ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Mонголын үндэсний комисстой хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн философийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил: оюуны соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ШУА-ын Тэргүүлэгчдийн газрын III давхрын хурлын танхимд 9:30-13:30 цагт зохион байгууллаа.
2015 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар “тогтвортой хөгжлийн зорилгуудыг” баталж дэлхийн улс орнуудын түүнтэй уялдуулан өөрийн улс орны тогтвортой хөгжлийн зорилтуулыг батлан хэрэгжүүлэхээр ажиллах болсон билээ. Үүний нэгэн адил 2016 онд Монгол Улсын Их Хурал “тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг баталсан юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд философичдын оролцоо шаардлагатай, түүнчлэн философийн мэдлэг ухаан, арга, зарчмыг нийтээр эзэмших нь чухал болох нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, цаашдын тогтвортой хөгжлийн асуудлыг оюуны соёлын хүрээнд авч үзэн, тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлж, санаа оноогоо хуваалцан философийн ач холбогдлыг сурталчилан дэлгэрүүлэхийг зорьсон болно.
Хурлын үндсэн илтгэлийг Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа “Орчин үеийн оюуны соёл: Урлагийн философи” сэдвээр тавилаа. Хуралд тавигдсан илтгэлүүд нь урлагийн философи, соёлын философи, ёс зүй, шашны философи, улс төрийн философи, хүний тухай философи, техникийн философи зэрэг философийн бүх чиглэлийг хамарч буй бөгөөд эмхэтгэн ном болгон хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгож буйгаараа онцлогтой юм. Хурлын үеэр хэлэлцүүлсэн буй эдгээр илтгэлүүд нь эцсийн дүндээ тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийлснээрээ энэ удаагийн Дэлхийн философийн өдөрт зориулан зохион байгуулсан “Тогтвортой хөгжил: оюуны соёл” эрдэм шинжилгээний бага хурал чухал ач холбогдолтой байлаа.