Үндсэн агуулга руу

Мэдээ

“Монгол дахь Гарма Гаржүд ёсны уламжлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2017.07.19  |  МэдээfX⧉


ШУА-ийн Философийн хүрээлэн, Оросын Очирт хөлгөний Буддистуудын холбоо хамтран “Монгол дахь Гарма Гаржүд ёсны уламжлал” эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 7 дугаар сарын 17-нд ШУА-ын Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Уг хурал нь Буддын шашны Гарма Гаржүд ёсны тэргүүн XVI Гьялва Гармавын шавь, Европ дахинд Буддын шашныг түгээн дэлгэрүүлэгч Оле Нидал ламтаны 2017 оны 7 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Монгол Улсад хийж буй анхны айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа олон үйл ажиллагаануудын нэг юм.

Буддизмын олон зуун жилийн түүхтэй Монгол Улсын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд төдийлөн гүнзгийрүүлэн судалж байгаагүй Буддизмын Гарма Гаржүдийн ёсны монгол дахь түүхэн уламжлал, орчин үеийн асуудлыг анх удаа хөндөж байгаа нь энэхүү хурлын онцлог юм.

Хуралд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Үндэсний номын сан, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Монгол судлал, Буддын судлал, Төвд судлалын хүрээлэн, ОХУ-ын Дорно дахины музей, ОХУ-ын Дорно дахины орнуудын институти, Их Британийн Ливерпүүл Жон Мүүрсийн их сургууль, БНХАУ-ын Хейхэ Их Сургууль, Энэтхэгийн Гармавагийн олон улсын буддистуудын институт зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны 10 гаруй байгууллагын 50 гаруй эрдэмтэн судлаачид, буддын шашны зүтгэлтнүүд оролцож дэлхийн болон Монгол дахь буддизмын орчин үеийн асуудал, Дорно дахин, тэр дундаа Монголд Гарма Гаржүд ёс дэлгэрсэн түүх, өнөөгийн байдал, Буддизмын зарим түүхэн сурвалжууд дахь Гарма Гаржүд ёсны үзэл санаа, уламжлал, Буддын бясалгалын аргуудын сэтгэл судлалын судалгааны зарим үр дүн зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.