МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР Ц.БАЛХААЖАВЫН 90 НАСНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР Ц.БАЛХААЖАВЫН 90 НАСНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН МЭДЭЭ
Монголын нэрт философич, хүний тухай философийн судалгааг эх орондооо хөгжүүлсэн гарамгай эрдэмтэн, улс төр, нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавын мэндэлсний 90 насны ойд зориулан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэнгээс эрдэмтний ойр дотнын хүмүүс, шавь нарын оролцоотой зохион байгуулав. Эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 10-р сарын 19-ны өдөр ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд 9:00-13:00 цагийн хооронд болсон.
Тус хуралд Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн нэрт эрдэмтний амьдрал бүтээлийн талаар танилцуулга илтгэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар “Ц.Балхаажав ба хүний философийн асуудлууд” үндсэн илтгэлийг, түүнчлэн доктор, профессор, Б.Даш-Ёндон “Монгол хүний чин хүслэнгийн асуудалд” ахмад судлаач, профессор, А.Жамбал “Нэрт философич, профессор Цэрэнпилийн Балхаажавын 1950-иад оны үеийн эрдэм судлал, бүтээл туурвил”, доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий “Хүмүүний ахуйн тогтвортой төлөв”, доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү “Доктор, профессор Ц.Балхаажавын бүтээл дэх хүний хөгжлийн асуудал”, профессор Л.Дашням “Хүнээр хүн хийх асуудалд”, профессор Б.Галиндэв “Өнөөгийн монголын оюутан залуучуудын нийгэмшлийн асуудалд” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн.
Өнөөгийн монголын шилдэг философичдын нэг, хүний тухай философийн асуудлуудыг системтэй судалж олон чухал бүтээлүүд туурвисан, нам улс төрийн өндөр албан тушаалыг нэр төртэй хашиж ирсэн Цэрэнпилийн Балхаажав хэмээх эрхэм хүний амьдрал, үйл ажиллагаа, зохиол бүтээл, монголын философийн хөгжилд оруулсан хувь нэмрийг манай эрдэмтэн судлаачид олон талаас нь үзэж судалж, үнэлж дүгнэснийг хурлын илтгэлүүдээс мэдэх боломжтой.
Мөн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын багш, судлаачдын нийт 25 илтгэл болон Ц.Балхаажавын найз нөхөд, шавь нарын дурсамж тэмдэглэл, их эрдэмтэнд холбогдох ховор чухаг баримт, гэрэл зургийг багтаасан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” нэртэй номыг хэвлүүлээд байна.
ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН
Холбоо барих утас: 99710703, 88186960
Имайл:emiga12@