Үндсэн агуулга руу

Мэдээ

Профессор гүржавын лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойд зориулсан “монгол дахь буддын судлал ба нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

2018.12.12  |  МэдээfX⧉

Орчин үеийн Монголын сэтгэл төдийтний гүн ухаантан, доктор, профессор Г.Лхагвасүрэн агсан нь ШУА-ийн Философийн хүрээлэнгээс эрдэм судлалын ажлын гараагаа эхэлж, тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн зөвлөх, Удирдлагын академийн Эрдэм сургууль, Удирдахуйн ухааны хүрээлэнгийн захирал, МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн эрхлэгч зэрэг төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад хариуцлагатай албан тушаалыг нэр төртэйгээр хашиж байсан билээ.  

Тэрээр буддын йогачара философи, Ноён хутагт Данзанравжаагийн гүн ухааны үзлийг системтэй судалж, эрдэм шинжилгээний бүтээл туурвисан нь өнөө хэр судлаач, суралцагчдын ширээний ном, гол эх сурвалж болсоор байна.

Монголын гүн ухаан, буддын судлалын шинэ үеийн тэргүүлэх төлөөлөгчдийн нэг доктор, профессор Гүржавын Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулж буйн нэг нь энэхүү эрдэм шинжилгээний бага хурал бөгөөд үүний өмнө хамт ажиллаж байсан багш, судлаачид, найз нөхөд, үр хүүхэд, шавь нар нь хамтран “Гүржавын Лхагвасүрэн” сан байгуулж, Г.Лхагвасүрэн агсны “Сэтгэл төдийтний гүн ухаан”, “Ноён хутагт Данзанравжаа (гүн ухааны үзэл)” хоёр бүтээлийг дахин хэвлэж уншигч олны хүртээл болгоод байна.

Профессор Г.Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Удирдлагын академи, “Гүржавын Лхагвасүрэн” сан хамтран “МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СУДЛАЛ БА НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХИЙН АСУУДАЛД” сэдвийн дор МУИС-ийн хурлын танхимд 2018 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулав. Хурлыг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МУИС-ийн ШУС-ийн захирал доктор (Ph.D), профессор Г.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн захирал доктор (Ph.D), профессор С.Зүльфикар нар нээж үг хэллээ.

Уг эрдэм шинжилгээний бага хурал нь “Монголын буддын судлалд”, “Монголчуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх судлалд”, “Ноён хутагт Данзанравжаа судлалд”, “Сэтгэлийн тухай буддын сургаалын судлалд” гэсэн дөрвөн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж, салбарын нэр хүндтэй эрдэмтэд илтгэлээ танилцуулж бүтээлч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эрдэмтдийн танилцуулсан илтгэлд буддын шашин нь монголчуудын ахуй амьдралд бүрнээ нийцсэнээс гадна буддизм нь онол, арга зүйн хувьд төрийн хэргийг эрхлэн явуулахад эерэг нөлөө үзүүлснийг дурдаж, аливаа асуудалд төвч бөгөөд нарийн тунгаасан байр сууринаас хандах арга зүй нь энгийн иргэнээс төрийн хүн хүртэлх нийгмийн гишүүн бүрд чухал, нийгмийн зан суртахууны төлөвшил, төрийн албан хаагчийн ёс зүйд Буддизмын ёс зүй гол үүрэгтэй байж болохыг сануулсан сонирхолтой агуулгатай илтгэлүүд танилцууллаа.

Хурлын явцад Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, 25 дугаар суваг телевиз, TV8 телевиз, NTV телевиз, TV6 телевиз, TM телевиз болон бусад хэвлэл мэдээллийн сайт зэргээс ирж сурвалжлага, ярилцлага авсан болно.

ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол улсын ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Удирдлагын академийн захирал доктор, профессор С.Зүльфикар, Удирдлагын академийн Засаглалын судалгаа, зөвлөх үйлчилгээний төвийн эрхлэгч Ц.Баатартогтох, МУИС-ийн багш доктор, профессор М.Гантуяа, МУИС-ийн багш доктор, профессор С.Янжинсүрэн, МУИС-ийн багш докторант С.Дэмбэрэл нар хурлын тухай мэдээ мэдээлэл, мөн өөрсдийн тавьсан илтгэлийн тухай товч ярилцлага өгөв.

Тус хуралд тавьсан илтгэлүүд, мөн түүний найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүсээс ирүүлсэн дурсамжуудыг тус тус эмхэтгэн уншигч олны хүртээл болгохоор ажиллаж байна.

ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН