Үндсэн агуулга руу

Мэдээ

Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн 45 жил

2017.12.15  |  МэдээfX⧉

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн үүсэн байгуулагдсанаас хойш 45 жилтэйгээ золгож байна. Түүхийн хүрээлэнгийн дэргэд 1967 онд “Философи, эрхийн тасаг” нэртэй анх гал голомтоо бадрааж, улмаар 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 192 дугаар тогтоолоор “Философи, социологи, эрхийн хүрээлэн” болж өргөжсөнөөр Монголд анх удаа философи, нийгэм судлал, улс төр, эрх зүйн судалгааг төрийн нэгдмэл бодлого, зохион байгуулалтын институцлагдсан түвшинд цогц байдлаар хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд тус хүрээлэн нийгэм, хүмүүнлэгийн ухааны мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн бүхэл бүтэн үеийг бэлтгэн, өдгөө шинэ залуу боловсон хүчнээр хүч сэлбэн өргөжин ажиллаж байна. Өдгөө Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор (Ph.D), профессор Б.Даш-Ёндон, академич Г.Чулуунбаатар, доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий нарын зэрэг манай улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид ажиллаж байна.

Өнөөдөр тус хүрээлэнд эрдэм шинжилгээний нийт ажилтны 60 хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна. Хүрээлэнгийн анхны захиралаар нэрт философич, академич Ч.Жүгдэр томилогдон ажиллаж байсан бол түүнээс хойш академич С.Норовсамбуу, доктор (Ph.D) Г.Лодой, доктор (Sc.D) Д.Дашпүрэв, академич Г.Чулуунбаатар, Ж.Амарсанаа доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа нар ажиллаж ирлээ.

Үүсгэн байгуулагдсанаас хойшхи хугацаанд Философийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон  монголын болон өрнө, дорнын философи, философи сэтгэлгээ хийгээд социологи, улс төр судлал, шашин судлал, хууль эрх зүйн тулгуур асуудлаар өргөн хүрээтэй судалгаа эрдэм шинжилгээний ажил хэрэгжүүлсэн юм. 2000 оны дунд үеэс өдгөө хүртэл 30 гаруй суурь судалгааны төслийг хэрэгжүүлж, үр дүнд нь 100 гаруй хамтын болон нэг сэдэвт бүтээлийг туурвин гаргасан байдаг. Тухайлбал: “Монголын ардчиллын туршлага, сургамж” (2008-2010), “Нийслэлийн сонгогч” (2011), “Монгол Улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо” (2014-2016) “Монгол улс дахь Үндсэн хуулийн процессийн онолын тулгамдсан асуудал (хууль тогтоох, сонгуулийн болон төсөв батлах)” (2012-2013) “Монгол Улсын төрийн байгууламж: засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, зохистой харьцаа” (2014-2016), “Монгол дахь хотжилт үйл явц бас төлөв байдал” (2014-2016), “Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ” (1987) “Монголын философийн түүх”дөрвөн боть  (1997-2001), “Дандар Аграмба: Төв үзлийн гүн ухаантан” (2012) “Монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт: Асуудал ба хандлага”. (2016), “З.Агваанбалдангийн гүн ухааны үзэл” (2017) зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно.

Энэ онд тус хүрээлэнгийн хамт олон “Монгол Улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо” (2014-2016); “Монгол Улсын төрийн байгууламж: засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эрх зүйн байдал, зохистой харьцаа” (2014-2016); “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт хандлага” (2014-2016); “Монголын казакын угсаатны зүйн судалгаа” (2014-2016) зэрэг суурь судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ цаг үед философи, шашин судлал, социологи, улс төр судлал, эрх зүйн чиглэлийн “Монголын хөгжил: судалгаа, бодлогын хөгжил” (2015- 2017), “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субъектив хүчин зүйлийн шинжилгээ” (2017-2019); “Монгол дахь шашны төлөв байдлын судалгаа”(2015-2017), “Монгол дахь шинэ шашнууд: нийгэм-философийн шинжилгээ”  (2017-2019);  “Монголын улс төрийн үйл явцын хөгжилд улс төрийн соёлын гүйцэтгэх үүрэг” (2017-2019); “Монголчуудын ёс суртахуун-эрх зүйн хөгжлийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг иж бүрэн тодорхойлох нь” (2017-2019) зэрэг нийт 6 төслийг хэрэгжүүлж буй амжилтаар үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойгоо угтаж байна. Энэ хугацаанд тус хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагаа ч улам өргөжин гүнзгийрч, АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Польш, Унгар, Белорусь, Англи зэрэг орнуудын ижил төстэй эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, шинээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Үүсч хөгжсөний 45 жилийн ойгоо угтаж хүрээлэнгийн эрдмийн хамт олон нь жилийн турш олон талт, өргөн хүрээтэй ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн юм. Одоо ойн арга хэмжээний үеэр түүхэн замнал, бүтээл туурвилын үзэсгэлэн гаргаж, үе үеийнхний уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС-ийн ахлах ангийн дунд эссе бичлэгийн уралдаан, спортын арга хэмжээ, онолын семинарыг зохион байгуулж байна.