"Ардчиллыг ойлгохуй ба судлахуй" бүтээлийн тухай
Өнөөдөр ардчиллын тухай хагас сая гарсан тооны тодорхойлолт байдгийг судлаачид тэмдэглэсэн боловч шинжлэх уханы хувьд нэг мөр тогтож чадаагүй байгааг бас онцолсон буй. Тэрхүү олон янзын ойлголт, тодорхойлолтын дотор ардчиллын тухай монголчуудын ойлголтын агуулга тодорхой бодит кейс дээр хэрхэн хэрэгжиж буйг болон Монгол дахь ардчиллын мөн чанар, төлөвших үйл явцын онцлог, тэдгээрийн талаарх иргэдийн ойлголт, төсөөллийн өөрчлөлтөд үнэлгээ хийх судалгааны ойлголт, үзэл баримтлалын талаар судлаачийн цуглуулсан мэдээлэл, судалгааны баримтад түшиглэн гаргахыг оролдсон болно.
Тухайлбал, ардчилал иргэдийн амьдралыг илүү баялаг болгож байдаг бөгөөд тэдгээр улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн хэрэгцээ, чөлөөт байдал, ардчиллын практикт суралцах зэрэг болно. Улс төрийн эрх чөлөө гэдэг нь хүний эрх чөлөөний нэг хэсэг бөгөөд иргэний болон улс төрийн эрхийг эдлэх нь хувь хүн нийгэмд амьдарч байгаагийнхаа хувьд сайхан амьдрахын салшгүй хэсэг нь байх ёстой. Тэрхүү улс төрийн болон нийгмийн оролцоо нь хүний амьдрал, сайн сайхан байдал бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдагт оршидог учраас чухал юм. Хүмүүсийн үзэл бодлын илэрхийлэл нь улс төрд анхаарагдах учиртай зүйл гэдгийг илэрхийлсэн дуу хоолойг бусдад сонордуулахад ардчилал нь өөрөө инструментал ач холбогдолтой. Харин ардчиллыг дэлгэрүүлэн судлахын сацуу ардчиллын практик нь иргэдэд нэг нэгнээсээ суралцах бололцоог олгож, нийгмийн үнэлэмж, тэргүүлэх зорилт бүрэлдэн тогтоход тус дэм болдогоороо онцлогтой юм. Энэ утгаараа ардчилал нь иргэдийн амьдралд төрөлхийн үнэ цэнэтэй байдаг төдийгүй улс төрийн шийдвэрт инструментал ач холбогдолтойгоос гадна конструктив ач холбогдолтой.
Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл явцаар манай нийгэмд улс төрийн үзэл бодол, иргэний ашиг сонирхол, улс орноо хөгжүүлэхэд оролцох арга хэлбэр зэргээрээ ялгаа бүхий нийгмийн бүлгүүд үүсэн бий болсноороо монголчууд өөрсдийн үзэл баримтлал, итгэл үнэмшлээ дагасан улс төрийн үйл ажиллагаа явуулах, олон намын тогтцолоо цоо шинээр бүрэлдэн тогтох чухал үйл явцын эхлэлийг тавьсан юм. Энэ үйл явцын тусгал болж түүнтэй нягт холбоотойгоор монголын нийгмийн улс төрийн амьдралд олон ургальч ардчиллын хэлбэр хөгжиж, ардчилсан үйл явцын өрнөл, нийгмийн улс төрийн амьдралын шинэчлэл, өөрчлөлтийн агуулгыг тодорхойлох болсон.
Бидэнд ардчиллын талаар бүхэнд нийцэх хэт ерөнхий, улс орон бүрд таарч сценари, жор болохуйц тийм загвар байх боломжгүйг зөвшөөрч байгаа боловч орчин үеийн ардчилал, ялангуяа төлөөллийн ардчиллын тулгуур үзэл санаа, үндсэн зарчим, гол нөхцөл, шаардлагыг тодруулахад ардчиллын суурь онолуудын судалгаа чухал гэж үзэж байна. Энэ бол ардчиллын үнэлгээ бодитой болох арга зүйн гол шаардлага мөн бөгөөд түүний учир холбогдлын талаарх дараах тодорхой үндэслэлүүд дэвшигдэж байна.
Нэгд, Монгол дахь ардчилал, засаглалын судалгааны явцад өнөөгийн ардчилсан үйл явцын хүндрэл бэрхшээл, гажуудал сорилтыг нэлээд тодорхой гаргаж, монголын ардчиллын онцлогийн олон чухал санаа дэвшигдэж байна. Манай үндэсний судлаачдын үзэж байгаагаар либерал ардчиллыг хэрэгжүүлэх үйл явц зөрчилтэй боловч тасралтгүй үргэлжилж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд хямрал, удаашрал, зарим талаар ухралтын байдал ажиглагдахын зэрэгцээ ардчиллыг ойлгон хэрэгжүүлэх рационал ухаан, зөв соёл төрд, нийгэмд ч дутагдаж байна.
Хоёрт, Ардчиллын тухай монголчуудын ойлголт төсөөлөл, түүний хувьсал өөрчлөлтийг судлах, ардчиллын төлөв байдалд үнэлгээ хийхэд онолын хувьд ардчиллын тухай ямар тодорхойлолтыг үндэс болгох вэ? гэдэг асуудал чухал. Энд улс үндэстэн бүр нэг л загвараар ардчиллыг хөгжүүлэх ёстой юу? Эсвэл шашин, иргэншлийнхээ үндэсний онцлогоос хамаарч өөр өөр загвартай байх уу? аль нэг эсвэл тэр загварт ямар хүчин зүйлс, яаж нөлөөлөх вэ гэх зэрэг ардчиллын философи арга зүйн олон асуултад хариулах шаардлага гардаг.
Ардчиллын үнэлгээний орчин үеийн арга зүй, аргачлалыг үндэс болгон ардчиллын өнөөгийн төлөв байдалд үнэлгээ хийж тулгамдсан асуудал, сорилт бэрхшээлийг тодорхойлоход эл бүтээлийн гол зорилго оршино.