Улс төрийн намын хөгжлийн өнөөгийн чиг хандлага: бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намаас картель загварт
Д.Баасансүрэн
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр судлалын салбар
Түлхүүр үг: улс төрийн нам, төлөвшил, шинэчлэл, хөгжлийн чиг хандлага, олон түмний нам , бүхнийг шүүрэгч өргөн хүрээний нам, картель загварын нам.
Товч хураангуй: Манай орон олон намын тогтолцоо бүхий хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжээд 27 жил болж байгаа боловч орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшиж чадаагүй л байна. Монголын улс төрийн намууд хөгжингүй орнуудын улс төрийн намуудын хөгжлөөс даруй 30, 40 жил хоцрогдсон. Гэтэл орчин үед намын уламжлалт хэлбэрүүд үеэ өнгөрөөх болж оронд нь “өргөн хүрээний” нам (catch-all party), “картель” (cartel party) буюу хоршсон намын хэлбэр идэвхтэй гарч ирэн, “намуудын хувьд бүгдийг хамарсан буюу “catch all” юмуу хоршсон намын хэлбэр болох картел загварт шилжих шилжилт эрчимтэй явагдаж байна
ABSTRACT
The article describes a phenomenon of cartel political parties. The analyses the cause of appearance and specifics characteristics of political functioning of the modern party system.
Манай орон олон намын тогтолцоо бүхий хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжээд 27 жил болж байгаа боловч орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшиж чадаагүй л байна.
Сүүлийн жилүүдэд улс төрийн намыг өөрчлөн байгуулах, шинэчлэх тухай асуудал эрчимтэй яригдсаар ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монголын голлох намууд шинэчлэлийн асуудлыг сүр дуулиантай эхлүүлдэг боловч харамсалтай нь тэгсгээд боловсон хүчний халаа сэлгээ болон замхардаг зуршил тогтжээ.[1]
Намын шинэчлэл гэдэг нь өнөөдөр үнэн хэрэгтэй улс төрчдийн эрх мэдэл, нэр нөлөөгөө ахиулахын тул гишүүд, дэмжигчдэд таалагдаж дэмжлэгийг нь олж авахад ашигладаг популист уриа лоозон, улс төрийн бялуу хүртэх, эрх мэдэлд хүрэх хөзөр, нам доторх өрсөлдөгчөө дарах хэрэгсэл болж хувирчээ. Тухайлбал, “АН-ын шинэчлэл тэдний ярьж байгаа шиг болсонгүй. Анхнаасаа ч шинэчлэлийн салхины үнэр ч авчраагүй. АН-ын дотоод сонгууль нэрийдлээр нэр дэвшигчдээс мөнгө хурааж, дэнчингийн мөнгө, хураамж гэхчлэн тоо тоймшгүй мөнгө нэхэж эхэлсэн. Жинхэнэ утгаараа мөнгөний сонгууль болж хувирсан бөгөөд үүнийг намынхан нь эсэргүүцсээр ирсэн билээ.”[2]
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалт, чиг баримжаа хийгээд үйл ажиллагаагаараа ялгаран төлөвшихийн оронд “улаан нь цэнхэртэйгээ, баруунтан нь зүүнтэнтэйгээ аль хэдийнээс салах аргагүй “наалдан пад” болсон[3] нь намуудын төлөв хандлагад асуудал үүссэнийг илтгэхийн сацуу Монголын улс төрийн намууд дэлхийн хөгжлийн чиг хандлагаас ихээхэн хоцорсныг харуулж байна. Манай нэг судлаачийн барагцаалсан дүгнэлтийг эс тооцвол МУ-д бүртгэлтэй арав гаруй намуудын хэв маягийн асуудал ч тодорхой бус байсаар байна.
Иймээс энэхүү өгүүлэлдээ улс төрийн намын түүхэн хувиралт өөрчлөлт, шинэчлэлт хийгээд орчин үеийн хөгжлийн чиг хандлага, өргөн хүрээний намаас картель намын загварт шилжиж буй шилжилтийг өрнөдийн судлаачдын бүтээл, эх сурвалжид тулгуурлан авч үзэхийг зорьсон болно.
“Намын хэв шинжийн хувьд МАН, АН-уудыг “кадрын нам”, “олон түмний нам”, “өргөн хүрээний нам”-ын завсрын хэв шинжтэй гэж үзэж болох бол зарим жижиг намууд нь кадрын, зарим нь зөвхөн эрх зүйн шалгуураар л нам гэж тооцож болохоор төвшинд байна”[4] гэж нэгэн судлаач үзэж байхад “манайд ардчилалд нийцсэн намын загвар байхгүй, ний нуугүй хэлэхэд нам олигархиудын бүлэглэлүүдэд худалддагдчихсан”[5] хэмээн өөр нэгэн судлаач дүгнэж байна.
Түүгээр зогсохгүй орчин цагийн улс төрийн нам төлөвшин хөгжих хууль эрх зүйн орчин ч манайд бүрдээгүй байна. Учир нь Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн нам болгон дор дурдсан хуулийн тодорхой шаардлагыг сахин хэрэгжүүлэх үүрэг хүлээхээс өөх аргагүй байдалд ордог. Тухайлбал, намын дүрэм, хөтөлбөртэй байх; 801-ээс доошгүй гишүүнтэй байх; үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах; намын Их, бага, бүгд хуралтай байх; намын удирдах дээд, төв, орон нутгийн төлөөллийн болон анхан шатны байгууллагатай байх зэрэг намын дотоод ардчиллыг хумисан босоо удирдлагын тогтолцоотой байх шаардлагыг биелүүлснээр өөр хоорондоо ялгаран онцлох боломжгүй болдог. [6] Нэг хэвэнд цутгасан нэг нэгнээсээ ялгагдах юмгүй, монголын насанд хүрсэн иргэдээс хол давсан гишүүдтэй (МАН 240000, АН 180000, ИЗН 35000, Эх Орон нам 160000, БНН50000, Ард түмний нам 11859,МҮАН 26000, МАХН 35000 гишүүнтэй)[7], намын хамт олныг хэт шүтсэн, үндсэндээ олон түмний хэв маягийн нам болж төлөвшихөд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль хөтөлж аваачаад байна.
Өмнөх тогтолцоо, социалист нийгмийн үеээс уламжлагдсан удирдлага зохион байгуулалтын шаталсан, нүсэр бүтэц, хатуу гишүүнчлэлтэй нэг нэгнээ хуулбарласан популист үйл ажиллагаатай намууд орчин цагийн хэрэгцээ шаардлагыг үнэндээ хангахгүй байна.
“Өнөөгийн Монголын улс төрийн намууд ХХ зуунд тархаж байгаад 1980-аад оноос үеэ өнгөрөөсөн хатуу гишүүнчлэл бүхий массын намын хэв маягтай байгаа юм. Үүнээс үзэхэд Монголын улс төрийн намууд хөгжингүй орнуудын улс төрийн намуудын хөгжлөөс даруй 30, 40 жил хоцрогдсон бололтой.”[8]
Сонгуульд ахиухан суудал авах, иргэд сонгогчдод таалагдахын тул намууд бүгд зүүний чиглэл бүхий хэт улс төржсөн үйл ажиллагаа явуулахад хүрдэг нь тэдгээрийг аяндаа социалист, коммунист болон популист хэв маягийн массын намууд болгоход хүргэдэг гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэр, манайд эдүгээ орчин үеийн хэв маягийн нам байх нийгэм улс төрийн хийгээд хууль эрх зүйн орчин нөхцөл, боломж бүрдээгүй байна. Шинээр ямар ч сайхан санаа, зорилготой үнэнхүү ардчилсан, либерал нам анхлан байгуулагдсан ч хуульд заасан бүтэц зохион байгуулалтын дагуу, намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийнхээ хүсэл зоригийн дагуу ард түмний хэрэгцээ сонирхолд тохируулан үйл ажиллагаа явуулахад хэсэг хугацааны дараа хүссэн хүсээгүй массыг хамарсан зүүний эсхүл популист хэв маягийн нам болж хувирдаг. Намын гишүүд нь ч ингэхийг хүсдэг, шаарддаг. Өөр зам байхгүй байна.
Гэтэл өдгөө дэлхий дахинд улс төрийн намын хямрал нүүрлэжээ. Энэхүү хямралд нэн түрүүнд олон түмний намууд өртөж байгааг Италийн улс төр судлаач Пьеро Игнаци[9] онцлон тэмдэглэсэн байдаг. Иймээс орчин үеийн намууд улс төрийн үзэл суртлын хатуу тогтсон хэлбэрийг тууштай хамгаалахаас илүүтэйгээр үзэл санаа, бодлого, үйл ажиллагааны прагматик үнэлэмжийг эрхэмлэх хандлагатай болж байна. Үүнтэй уялдан улс төрийн намын хөгжлийн чиг хандлагад ч өөрчлөлт гарч “catch-all party” [10] буюу “өргөн хүрээний” нам болон “cartel party“ [11] буюу “картель нам” гэсэн үндсэн хоёр загвар дэлхий дахинд давамгайлах болсныг өрнөдийн судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг.
Улс төрийн намын хөгжилд гарч буй энэхүү чиг хандлагыг манай судлаачид ч гярхай ажигласан байна. Судлаач О.Эрдэнэчимэг монголын улс төрийн намуудын төлөвшил, хандлага нь “нийгмийн улс төрийн нөхцөл байдлын онцлог, сонгууль, эрх мэдлийн төлөөх тэмцэл, бүлэглэлүүдийн эрх ашгийн нэгдэл зэргээс харилцан хамаарч байна” [12] хэмээн үзэж байхад доктор Д.Болд-Эрдэнэ “өнөө үед намын уламжлалт хэлбэрүүд үеэ өнгөрөөх болж оронд нь “өргөн хүрээний” нам /catch-all party/, “картель” (cartel party) буюу хоршсон намын хэлбэр идэвхтэй гарч ирэх болсон”[13] гэж дүгнэсэн бол “намуудын хувьд бүгдийг хамарсан буюу “catch all” юмуу хоршсон намын хэлбэр болох картель загварт шилжих шилжилт эрчимтэй явагдаж байна. Массыг хамарсан гишүүнчлэлийн оронд улс төрийн намууд харьцангуй цомхон бүтэцтэй болж эхэллээ” [14] хэмээн судлаач Ц.Мөнхцэцэг өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Улс төрийн намын хөгжлийн чиг хандлага ийм байхад манай намууд улиг болсон үл гүйцэлдэх “улс төрийн намын шинэчлэл” гэгчтэйгээ зууралдсаар л байдаг. Гэтэл улс төрийн намыг хэрхэн, яаж шинэчлэх асуудал бүрхэг байсаар л байна. Тэгээд ч манай орны өнгөрсөн хорь гаруй жилийн нам байгуулалтын туршлага улс төрийн намыг дотроос нь шинэчлэх боломжгүй гэдгийг харуулсан бус уу. Амьдралд хэзээ ч биелэхгүй зүйл ярихын оронд манай намууд дэлхий нийтийн чиг хандлагын дагуу орчин үеийн хэв маягт нийцүүлж өөрчлөгдөх нь бодит шинэчлэл болно. Юуны өмнө намын шинэчлэл бол тухайн намын удирдлага, даргыг солих, хөгшинг нь залуугаар солихыг хэлдэггүй. Харин улс төрийн намын модернжих үйл явцыг хэлдэг болохыг тэмдэглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болон ажлын арга хэлбэрийг нь боловсронгуй болгох, шинэ нөхцөл байдалд дасан зохицох үйл явц бол шинэчлэл мөн. Өөрөөр хэлбэл нийгмийн ардчилсан инститүцын хувьд улс төрийн нам шинэ хэлбэр загвар, шинэ агуулга хэлбэрээр чанарын хувьд баяжин хувьсан өөрчлөгдсөнөөр модернжин шинэчлэгдэж буй хэрэг юм.
Улс төрийн нам бол орчин үеийн бүтээгдэхүүн, улс төрийн либерал онолын үр хөврөл бөгөөд бүх нийтийн сонгуулийн эрх, сонгуулийн инститүцийн төлөвшил хөгжил тус улс төрийн байгууллага хөгжихөд огцом түлхэц өгсөн.
XIX зуунд улс төрийн намын сонгодог хэлбэр, загвар бий болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс төрийн намын төлөвшил, хөгжлийн явцад гурван удаагийн өөрчлөлт шинэчлэлт буюу модернизацийн үйл явц өрнөсөн байдаг.
Нэг дэх давалгаа нь XIX –ээс XX зууны эхэн үе буюу 1890 оноос Дэлхийн I дайн хүртэл үргэлжилсэн бол хоёр дахь нь Дэлхийн II дайны дараа эхэлж XX зууны 80-аад он хүртэл үргэлжлээд 80-аад оны дунд үеээс эхэлсэн улс төрийн намын гурав дахь модернжих үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Шинэчлэлийн давалгаа бүр улс төрийн намын хөгжил төлөвшилд чанарын гүн гүнзгий өөрчлөлтийг дагуулж ирсэн төдийгүй цаашдын тасралтгүй өрнөх хувиралт өөрчлөлтийн зүг чигийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Сонгуулийн үйл явцын хөгжил XIX –ээс XX зууны эхэн үе хүртэл хугацаанд улс төрийн өрсөлдөөнийг улам хурцатгасан нь намуудад бүтэц зохион байгуулалтаа боловсронгуй болгох, намын эгнээгээ өргөжүүлэн тэлэх, шинэ гишүүдийг намдаа элсүүлэх, хөрөнгө мөнгө хуримтлуулах, нийгмийн тодорхой анги, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах, сонгогчидтой ажиллах арга барил эзэмших зэргээр шинэ нөхцөл байдалд дасан зохицох, шинэлэг арга хэлбэрээр ажиллахыг нөхцүүлдсэн юм. Өөрөөр хэлбэл намын ажлын арга технологи ч шинэчлэгдсэн гэж хэлж болно. Улс төрийн намууд нийгмийн идэвхтэй хэсэг төдийгүй бусад зорилтот бүлэгт хандсан, тэдгээрийг өөртөө татах, дэмжлэгийг олж авах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Намын эгнээгээ зөвхөн нийгмийн дээд хэсгээр бус нийгмийн бүх бүлэг, давхаргаар өргөтгөж өөрийн нийгмийн бааз суурийг бий болгосноор боловсон хүчний намаас массыг хамарсан хэв шинжийг олж хувирч өөрчлөгдсөн. Олон түмний намууд болох социалист, социал-демократ намууд Баруун Европид олноор байгуулагдан улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Түүнчлэн энэ үеийн нэг онцлог бол Р.Михельсийн нээн илрүүлсэн “улс төрийн намын олигархжилтын төмөр хууль” XX зууны эхэн үеээс олон түмний намд үйлчилж эхэлсэн.
Язгууртаны болон хөрөнгөтний уламжлалт хэлбэрээс ажилчин ангийн социалист болон социал-демократ намд шилжих шилжилт улс төрийн намын хөгжил, шинэчлэлтийн эхэн үеийн үндсэн чиг хандлага болж байсан билээ.
Улс төрийн намын өөрчлөлт шинэчлэлтийн хоёр дахь давалгаа Дэлхийн II дайны дараа эхэлж XX зууны 80-аад он хүртэл үргэлжилсэн. Энэ үеийн улс төрийн намын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хэлбэр загвар болох “catch-all party” буюу “бүхнийг шүүрэгч” өргөн хүрээний нам олноор байгуулагдсан байдаг. Дайны дараахь бүтээн байгуулалтын явцад нийгмийн ангийн, шашны болон соёлын зааг ялгаа бүдгэрч багассан нь бүхнийг шүүрэгч нам олноор төрөн гарахад нөлөөлж, Европын социал-демократ намууд энэхүү намын хэлбэр, загвартай болсноор эрх ашгийг нь илэрхийлж байсан ажилчин ангиасаа холдсон гэж судлаачид үздэг.
Өрнөдийн судлаач Отто Кирххаймер “бүхнийг шүүрэгч өргөн хүрээний нам” үүссэнийг анх 1966 онд “зарлан тунхагласан”. Тэрээр үүнийг улс төрийн нам, төр хийгээд иргэний нийгмийн байгууллага зэргийн харилцаанд гарч буй хувиралт өөрчлөлттэй холбон тайлбарласан байдаг.
Бүхнийг шүүрэгч “catch-all” намын шинж онцлогийг энэхүү ойлголтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан америкийн судлаач Отто Кирххаймер өгсөн байдаг. Хэт үзэл сурталжилтаас ангижрах, нийгмийн бүх анги, бүлэг, давхаргын эрх ашгийг илэрхийлэх, намын гишүүд, дэмжигчдийн үүрэг оролцоо сулрах, намын удирдагч лидерийн үүрэг, ач холбогдол өсөн нэмэгдэх, нийгмийн бүх гишүүдийн дэмжлэг нэмэгдэх нь тус намын үндсэн шинж хэмээн тэрээр үзэж байлаа.[15]
Энэхүү загвар үүсэхээс өмнө улс төрийн намууд нийгмийн эв нэгдлийг хангах, бүх анги давхаргын эрх ашгийг илэрхийлж хамгаалах, аливаа сонгуульт албан тушаалд нэр дэвшүүлэх, томилох зэрэг уламжлалт үүргийг улс төрийн намууд хэрэгжүүлж ирсэн бол бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намууд төрийн албан тушаалд боловсон хүчнээ байршуулахад гол анхаарлаа хандуулах болсон. Өргөн хүрээний намууд нийгмийн эв нэгдлийг хангах, нийгмийн гишүүдийн үзэл бодол, эрх ашгийг хамгаалах үүрэг зорилгоо хоёрдугаарт тавьснаар эдгээр намуудын үзэл баримтлал тодорхой бус болсон төдийгүй нийгмийн бүлэг хэсэгтэй тогтоосон уламжлалт харилцаа холбоо бүрхэг болсон байна. Бүхнийг шүүрэгч намын үед ухаалаг сонголтын онолын хүрээнд улс төрийн нам, төр хийгээд сонгогчдын хооронд явагддаг харилцааг улс төрийн зах зээлийн харилцаа гэж авч үзэх үзэл төлөвшсөн байдаг.
Харилцаа холбооны технологийн дэвшил, телекоммуникацийн давшингуй хөгжил энэ төрлийн намууд өсөн нэмэгэдэхэд нөлөөлсөн хэмээдэг. Ингэснээр Европ тивд бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намууд улс төрийн бодлогыг тодорхойлох болж, засаглал, эрх мэдлийг олж авах, хүртэхийг эрмэлзэгч намууд нийгмийн бүх анги давхрагын дэмжлэгийн олоход чиглэсэн улс төрийн үйл ажиллагаа явуулахад хүрсэн.
80-аад оны сүүлээр бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намуудын хямралаар улс төрийн намын шинэчлэлт өөрчлөлтийн гурав дахь давалгаа эхэлсэн. Тус намуудад давуу байдлыг авчирч байсан нийгмийн бүх бүлэг хэсэгт хандсан бодлого, үйл ажиллагаа сөрөг үр дүнд хүргэсэн. Сонгогчдыг санал авах явдлыг улс төрийн хөзөр болгож ашиглаж байсан нь өргөн олон давхаргын хүлээлт талаар болгож, эдгээр намаас иргэдийг нүүр буруулахад хүргэсэн. Сонгогчид аль нэгэн намын тогтвортой дэмжигчид байсан цаг үе өнгөрч, сонгогчдын санал өгөлтөд ихээхэн өөрчлөлт гарсан.
Иргэний нийгэм, төрийн бус байгууллага, байгал орчныг хамгаалах хөдөлгөөн болон шинэээр төрөн гарч ирсэн шинэ хэв маягийн намууд улс төрийн орон зайг эзлэх болсон.
Улс төрийн намын хөгжлийн чиг хандлагыг шинэ намуудын зэрэгцээ картель намууд тодорхойлох болсон. Улс төрийн үйл ажиллагаа мэргэжлийн шинжтэй болж эхэлснээс гадна арилжаа наймаа, зах зээлийн харилцаа намуудын арга ажиллагаанд гүнзгий нэвтэрч, сонгууль ашиг орлого ихтэй бизнес болж хувирсан. Улс төрийн зах зээлийн “баримжаатай” намууд бий болсон. Валют, үнэт цаасны арилжааны зах зээл дэх ханшийн өсөлт уналт дээрхи тоглолт шиг улс төрийн тоглолт газар авч эхэлсэн. Намууд уламжлалт тогтсон гишүүд, дэмжигчдээс илүүтэй сонгогчдыг ангуучллах аянд мордсон. Улс төрийн намууд нийгмийн тулгамдсан асуудал, байгал орчин, шашин, үндэстний асуудал зэрэгт анхаарал хандуулах болсон.
Энэ үеэс улс төрийн намуудын засаглал эрх мэдэлд тэмүүлж, төрийн инститүц, бүтцэд шингэн сүлэлдэх хандлага улс төрийн намуудын картель загварт шилжих шийлжилтийн чиг хандлагыг өрнөдийн нэр бүхий судлаачид судлан тогтоосон байдаг.
Баруун Европын ардчилсан үйл явцыг 30-аад жил судалсны үндсэн улс төрийн намуудын төлөвшлийн картель загварын үүсэл, төлөвшлийн онолыг санал болгож томьёолсон байдаг.
“Cartel” хэмээх франц хэлнээс гаралтай үг нь “нэгдэл” (том хөрөнгөтний нэгдэл) [16] гэж монгол хэлээр орчуулагддаг байна.
Картель намын талаархи үзэл санаа анхлан О.Кирхаймер[17] болон А.Лейпхарт [18] нарын судлаачдын зохиол бүтээлд анхлан дурдагдсан бол Р.Кац, П.Мэир, Л.Пеллицо, К.Детербек, Д.Хопкин, Б С.Бартолини, М.Блейз нарын өрнөдийн улс төр судлаачдыг тус онол загварын үндэслэгчид хэмээн үздэг. Тухайлбал, Голландын улс төр судлаач Р.Кац, П.Мэир нар 1992 онд хуралдсан “Улс төрийн судалгааны консорциум”-ын семинарын үеэр тавьж хэлэлцүүлсэн илтгэлдээ албан ёсоор “картель нам” хэмээх нэр томьёо хэрэглэснийг хожим “Party Politics”сэтгүүлд хэвлүүлснээр улс төрийн шинжлэх ухаанд орж ирсэн гэж үздэг.[19]
Эдгээр эрдэмтэд картель намууд бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намуудын сонгогчдод үл итгэх байдалд нь дөрөөлөн засаглал эрх мэдэлд олж авах хүсэл эрмэлзэл хөтлөгдөн гарч ирсэн гэсэн таамаглалыг дэвшүлсэн юм. Иймээс картель загварын намууд нийгэмд шинэ үзэл баримтлал, шинэ бодлого санал болгохыг урьтал болгодоггүй, түүгээр ч зогсохгүй сонгуулийн өрсөлдөөнт зах зээлийн идэвхтэй тоглогч байх явдалд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Харин картель намын хүсэл зорилго нь зөвхөн төрийн санхүүжилт болон төрийн нөөц боломж байдаг гэжээ. Ийм учраас энэ төрлийн намууд эрх баригч эвсэлд нэгдэж хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлээ бэхжүүлэхийг ямагт эрмэлздэг ажээ.[20]
Тэгэхээр картель загварын намын үндсэн зорилго бол төрийн жолоо, цулбуураас лавхан атгаж төрийн албан тушаалын бялуу болон санхүүжилтээс ахиухан хүртэхэд оршдог ажээ. Иймд нам ба төр харилцан холилдон сүлэлдэх үйл явцыг зохиогчид “улс төрийн картелчлагдах үйл явц” хэмээсэн бөгөөд төрийн эд эсэд шингэн ууссан намыг “картель загварын нам” гэж оноон нэрлэдэг байна.[21].
Р.Кац, П.Мэир нар дээр дурдагдсан “Улс төрийн байгууллагын загвар болон намын ардчиллын өөрчлөлт: картель намын үүсэл” хэмээх өгүүлэлдээ улс төрийн намуудын гишүүнчлэл, удирдлагын тогтолцоо, дотоод бүтэц, зохион байгуулалт, “иргэний нийгэм-төр”-ийн тогтолцоон дахь байр суурь, үүрэг оролцоо хийгээд бодлого, үйл ажиллагааны ялгаа онцлог, сонгуулийн үйл явц дахь идэвх оролцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар баримталж буй бодлого зэргийг харьцуулах үндсэн дээр картель загварын улс төрийн нам үүсэн төлөвших үйл явцыг тайлбарласан байдаг. Тухайлбал, картель загварын нам үүсэн төлөвшихөд төр засгийн санхүүгийн болон бусад төрлийн төрийн хүчтэй дэмжлэг, төрийн зүгээс улс төрийн намыг ивээлдээ авах, намуудын хамтын хоршсон үйл ажиллагаа зэрэг нөлөөлдөг гэж үзсэн байна.
ОХУ-д хэвлэгдэн гардаг “Русский журнал” хэмээх сэтгүүлд энэ онолын үндэслэгчдийн нэг Питер Мэир 2008 онд өгсөн ярилцлагадаа “өргөн хүрээний нам” “картель загварын нам” болж хувирах чиг хандлагыг тодорхой тайлбарласан.[22] Европ болон Америк тивд ХХ зууны 50, 60-аад онд үүсэн төлөвшсөн бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намуудын цаг үе нэгэнт өнгөрч байна. Эдгээр намуудын гол онцлог шинж бол хүчтэй дарга лидертэй байдгаас бүх эрх мэдэл намын удирдах дээд хэсэгт төвлөрдөгөөс намын жирийн гишүүдийн үүрэг оролцоо хязгаарлагдмал сул байдаг. Харин энэ хэв маягийн намууд улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулдаг мэргэжлийн чадварлаг баг, орон тооны ажилтантай байдгаараа онцлог. Бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намууд засаглал эрх мэдлээс ахиухан хүртэхийг ямагт эрмэлздэг боловч төр засагтай гүн бат холбогдож, төрийн санхүүжилтийг ахиухан хүртэх боломж хомс байсан. “Бид хамгийн сайн менежерүүд” хэмээх үндсэн санаа, илгээмжийг эдгээр намууд нийгэмд хүргэж, төр улсыг бусдаас илүү үр дүнтэй удирдан жолоодох чадвартай гэдгээ бүх иргэд сонгогчдод ойлгуулахыг хичээдэг байсан. Нийгмийн аль нэг бүлэг давхрагыг төлөөлөх бус, удирдах чадвар гол давуу тал нь байсан. Бүхнийг шүүрэгч намууд популизмаас ангид байсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Харамсалтай нь эдгээр намууд засгийн эрхэнд гараад төр засагт уусан шингэж алга болсон. Тэдгээр намын халааг засаглал эрх мэдэл олж авах явдлыг зорилгоо бус, оршин тогтнох утга учир нь болж хувирснаар картель загварын намууд авсан. Бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намыг залгамжлан гарч ирсэн намуудыг би “картель намууд” хэмээн нэрлэж байгаа юм. Эдгээр нам засгийн газрын гишүүн, сайд нар, төрийн өндөр албан тушаалтнуудсаа бүрдсэн намын гишүүдтэй нам болж хувирснаар, нам нь төрийн санхүүжилтийг авдаг болсноор, төрийн ивээлд багтах болсноор эргэлт буцалтгүй картель загварын “улс төрийн ноёрхогч ангийн нам” болж хувирдаг гэж Питер Мэир үзэж байна. Бүхнийг шүүрэгч өргөн хүрээний нам картель загварын нам болмогц төр засаг ивээл хамгаалалтандаа авдагаас нийгэмд эзлэх байр суурь, нөлөө нь бэхждэг ч цаашид эрх мэдлээ хадгалахын тул картель намууд үйл ажиллагаандаа популизмыг өргөнөөр ашиглахаас өөр замгүй болдог. Мэирийн үзсэнчлэн картель загварын сонгодог жишээ бол Сильвио Берлусконийн нам гэжээ.
Энэ бүхнээс үзэхэд бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намаас картель загварт шилжихэд эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрч аливаа улс төрийн шийдвэр гаргах үйл явц жирийн гишүүдийн оролцоогүй, удирдлагын хүрээнд шийдэгдсэнээр дарга нарын нам болж хувирах төдийгүй, төрийн сан хөрөнгөнөөс картель намуудын санхүүжүүлэхэд зарцуулагддаг зэрэг нь ХIХ зуунд эхэлсэн улс төрийн намын олигархжих үйл явц ХХI зуунд улам төгөлдөржиж байгааг харуулж байна.
Түүнчлэн бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намд ч, картель загварын намд ч үзэл баримтлал чухал бус, өгүүллийн эхэнд иш татсанчлан “улаан нь цэнхэртэйгээ, баруунтан нь зүүнтэнтэйгээ сүлэлдэн нэгдэн нийлэх” нь хэвийн үзэгдэл ажээ. Засгийн эрхийг авч улс орныг удирдан жолоодох, төрийн сан хөрөнгийг захиран зарцуулах явдал үндсэн зорилго, улс төрийн тавцанд оршин тогтнох,“амьдрах”-ынх нь утга учир нь болдог байна. Картель намууд өөрсдийн эрх баригч статусаа бэхжүүлэхэд бүх анхаарлаа хандуулдагаас олон түмнээс улам холдон тасардаг. Засгийн эрхэнд байгаа улс төрийн хүчин зөвхөн “өөрийгөө” бодоод байхаар ард түмний зовлон жаргал тэдэнд хамаагүй болдог. Улс төрийн намд итгэх иргэдийн итгэл сулардаг. Иргэдийн итгэлийг алддагаас улбаалж аяндаа легитим төлөв байдлаа мөн алддаг гэжээ.
Энэ бүх хүчин зүйлээс шалтгаалж өнөөдөр улс төрийн намын төлөв байдал хийгээд цаашдын хувь заяа бүрхэг болсныг өрнөдийн судлаачид хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд Питер Мэир ч энд дурдагдаж буй ярилцлагадаа тодорхой хэлсэн байдаг. Орчин үеийн улс төрийн намын төлөв байдлыг хэрхэн үнэлж байгаа талаарх сурвалжлагчийн асуултад тэрээр ингэж хариулжээ. “Өрнөдийн тухайд бол нөхцөл байдал ноцтой болсон:улс төрийн намууд сонгодог утгаараа уруудан мөхөж (degrade) байгаа. Жирийн иргэдийн сонирхолыг татахаа байсан. Намын төлөө санал өгөгчдийн тоо илт буурахаас гадна ерөөсөө улс төрийг сонирхохоо больсон. Улс төрийн намууд тодорхой бодлого хэрэгжүүлэгч бус, засаглал эрх мэдлийг олж авах ба хадгалах арга хэрэгсэл болж хувирсан” [23] хэмээжээ.
Картель загварын улс төрийн намын үйл ажиллагааны онцлог шинжийг Италийн улс төр судлаач Рикардо Пелиццо тодорхойлсон байдаг. “Картель загварын улс төрийн намын тогтолцоо олигополь зах зээлийн жишгээр оршин тогтнодог. Олигополь зах зээл бол өрсөлдөгчгүй орчин юм. Том кампаниуд урьдчилан тохиролцсоны үндсэн дээр зах зээлээ хуваагаад авчихдагтай адил. 1970-аад оноос Өрнөдийн улс төрийн намын тогтолцоо олигополь зах зээл лугаа болж хувирсан. Намуудын сонгогчидтой тогтоосон уламжлалт харилцаа алдагдсан. Сонгогчдын санал бодлыг сонсохоо больсон. Түүгээр зогсохгүй улс төрийн тавцан дахь ноёрхлоо хадгалахын тулд энэ хэв маягийн намууд хоорондоо үгсэн тохирдог. Энэ утгаараа намууд картелийн гишүүд шиг ажилладаг”гэжээ. [24]
Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль ч иргэд, сонгогчид манай улс төрийн голлох намуудад итгэл алдарч гуравдахь хүчинд найдвар тавьж буйг илтгэн харуулсан гэж хэлж болно.
2016 оны 3-р сард зохион байгуулсан “Сант Марал” сангийн судлагаа ч улс төрийн намуудын талаарх иргэдийн санаа бодол, байр суурийг тодорхой харуулсан. Улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байгаа эсэх талаар иргэдээс тодруулахад санал асуулгад оролцсон хөдөө орон нутгийн иргэдийн“76,1 хувь улс төрийн намд илэрхийлдэггүй” гэж хариулсан бол “, “хотын иргэдийн77,7 хувь нь улс төрийн намд итгэдэгүй” , “судалгаанд оролцсон нийт иргэдийн 76,8 хувь улс төрийн намд итгэдэггүй” гэжээ. Харин намуудын талаарх иргэдийн санаа бодлыг асуухад “ер нь намуудын хэрэг байхгүй-хүчтэй ерөнхийлөгчтөй байх нь зөв” гэж хөдөө орон нутагт судлагаанд оролцсон иргэдийн “41,6 хувь ер нь намуудын хэрэг байхгүй” гэсэн бол хотод “43,2 хувь нь намуудын хэрэг байхгүй” гэж үзсэн бол судалгаанд оролцсон нийт иргэдийн “42,3 хувь нь нам хэрэг байхгүй” хэмээсэн манайд ч байдал өрнөдийн орнуудынхтай ижил төстөй болсныг илтгэж байна.[25]
Бүхнийг шүүрэгч өргөн хүрээний нам картель загварын намд шилжих үйл явцаас их л танил дүр зураг харагдаад байгаа биз. Манай оронд ч энэ үйл явц аль эрт эхэлчихсэнийг бид анзаарахгүй байх шиг. Нөгөө капитализмыг алгасч социализмд шилжсэн шиг манай улс төрийн гол намууд олон түмний намаас шууд картель нам болж хувирсан байж болох талтай юм.
ХХI зуунд картель загварын намуудын байр суурь бэхжиж буйтай холбоотойгоор “засгийн эрх баригч нам” болон “сөрөг нам”-уудын зааг ялгаа алга болж байгаа гэсэн өрнөдийн зарим эрдэмтэн судлаачдын сонирхолтой санал дүгнэлт бидний анхаарлыг татсан болно. “Картель хэв маягийн нам үүсэн бий болж улс төрийн тавцанд эдгээр намууд давамгайлдагаас нөлөө бүхий улс төрийн намууд “засаглал”-аас их бага хэмжээгээр хүртэх болсноор “засаглалаас гадна” гэх нам үгүй болдог юм” [26] гэж энэ онолыг үндэслэгчдийн нэг Р.Кац дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтээс үзэхэд засгийн эрх баригч намуудын дотор ч, сөрөг хүчний “эгнээнд” ч картель загварын намууд оршин тогтнодог ажээ. Эдгээр намууд зарчмын асуудлуудаар үгсэн тохирч нэгдсэн байр суурьтай байдаг ч улс төрийн бялууны төлөө хоорондоо өрсөлддөг болохыг тэмдэглэжээ. “Улс төрийн тавцанд хамтран оршин тогтнох нэгдмэл сонирхолтой гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч эрх мэдлээс ахиухан хүртэхийг эрмэлзэн өрсөлддөг” гэжээ.[27]
Энэ бүхэн нь нийгмийн тодорхой бүлэг, давхрагын эрх ашгийг илэрхийлэн хамгаалах улс төрийн намуудын үүрэг ХХI зуунд гээгддэг бодит хандлага ажиглагдаж байна. Нийгмийн янз бүрийн бүлэг давхрагын ашиг сонирхлыг илэрхийлэгч иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намуудын уламжлалт үүргүүдпийн орлон гүйцэтгэх болсон нь шинэ зууны шинэ хандлага болж байна. Хүний эрхийг хамгаалдаг байгууллага, байгал орчныг хамгаалахын төлөөх экологийн байгууллага, цахим ертөнц дэх олон төрлийн бүлэг, групп зэргийн нийгмийн харилцаан дахь идэвхт оролцоо улам өсөн нэмэгдэж байгаа нь улс төрийн намуудыг улс төрийн амьдралаас шахан түрэн гаргах үйл явц улам өсөн нэмэгдэх төлөв хандлагатай болж буйг нотолж байгаа хэрэг юм.
Ашигласан бүтээлийн жагсаалт
- 1.Д.Баасансүрэн ”Олигархжсан улс төрийн намаас намгүй нийгэмд шилжих цаг бидний төсөөлж байгаагаас илүү ойрхон ч байж мэднэ”(Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 02 (218) 2016
- Д.Анир “Мөнгөний нам” ба өнөөх фракцуудын хагарал”., http://www.
zaluu. com/read/107b04bhc. , 2017.04.04 - Б.Дамдин-Очир. Нам дамжсан “түрийвчний нэгдэл” буюу сөрдөггүй сөрөг хүчний тухай”., Зууны мэдээ.,2014.11.17., №268(4895)/
- Н.Пүрэвдавга.Монголын улс төрийн намуудын төлөвшлийн зарим асуудал” bpurevdavga.blogspot.com., УБ., 2014
- Д.Болд-Эрдэнэ “Монголын хөрсөнд, монголчуудын сэтгэлгээнд тохирсон ардчилалтай байж л бид хөгжинө” Үндэсний мэдээ сонин.,2016 №246(1370)
- Улс төрийн намын тухай Монгол Улсын хууль.УБ., 2000
- Намууд хэдэн гишүүнтэй вэ? //www.
hiub. mn/content-ээс үзнэ үү - Ц. Мөнхцэцэг. Дэлхийн улс төрийн намууд хаашаа явж байна вэ? www.
eagle. mn. , 2016.01.15 - Ignazi,P. The Crisis of Parties and the Rise of New Political Parties / P. Ignazi// Party Politics.-1996.-Vol.2.
- Kirchheimer, O. The catch-all party / O. Kirchheimer//The West European Party system/ed.byP.Mair.-Oxford university press,1990.-P.376
- Katz, R. The Ascendancy of the Party in Public Office: Party Organization Chage in Twentien-Century Democracies/R.Katz., P.Mair // Political Parties. Old Concepts and New Challenges/ed.R.Gunter,J.R.Montero,J.J.Linz.-Oxford,2002.-P.113-135
- О.Эрдэнэчимэг. Монголын нийгэм дэх улс төрийн намуудын төлөвшил, хандлага. Философи, эрхийн судлал., Уб., 2016., XXXI боть.,159 дахь тал
- Д.Болд-Эрдэнэ: Улс төрийн үзлийн хөгжлийн хандлага.-www.
mas. ac. mn. ,2016. 10. 16 - Ц. Мөнхцэцэг. Дэлхийн улс төрийн намууд хаашаа явж байна вэ? www.
eagle. mn. , 2016.01.15 - Otto Kirhheimer. The Transformation of the Western European Party Systems//Joseph La Polombara and Myron Weiner(eds.), Political Parties and Political Devolopment. Princeton University Press, 1966
- Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв Орос Монгол толь.-Уб., 1984.,210 дахь тал
- KirchheimmerO. The transformation of the Western European party sistems//Political parties and political development/Ed.by LaPalambara J., WeinerM.-Princeton: Princeton univ.press,1966.-P.57-84
- Lijphart A. Verzuiling, Pacificate en Kentering in de NederlandsePolitiek. Haarlem:Becht.-1968.-P.224
- KatzR., Mair P. Canding Models of Party Organization and Party Democracy:The Emergence of Cartel Party// Party Politics.-Vol.-№1.-P.5-28
- Richard S. Katz., Peter Mair How Parties Organize: Cange and Adaptationin Party Organization in Western Democracy. SAGE Publications, 1995 үзнэ үү
- Юлия Нетесова О партиях, которые не могут быть аутсайдерами., ОХУ., Русский журнал. М., 2008 ., info@
russ. ru - Дмитрий Узланер “Картельная партийная система” ., ОХУ., Русский журнал. М., 2008 ., info@
russ. ru - “Сант Марал” сан, Конрад-Аденауэр-Сан., Улс төрийн барометр №15/49., Уб., 2016
Түлхүүр үг: улс төрийн нам, төлөвшил, шинэчлэл, хөгжлийн чиг хандлага, олон түмний нам , бүхнийг шүүрэгч өргөн хүрээний нам, картель загварын нам.
Товч хураангуй: Манай орон олон намын тогтолцоо бүхий хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжээд 27 жил болж байгаа боловч орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшиж чадаагүй л байна. Монголын улс төрийн намууд хөгжингүй орнуудын улс төрийн намуудын хөгжлөөс даруй 30, 40 жил хоцрогдсон. Гэтэл орчин үед намын уламжлалт хэлбэрүүд үеэ өнгөрөөх болж оронд нь “өргөн хүрээний” нам (catch-all party), “картель” (cartel party) буюу хоршсон намын хэлбэр идэвхтэй гарч ирэн, “намуудын хувьд бүгдийг хамарсан буюу “catch all” юмуу хоршсон намын хэлбэр болох картел загварт шилжих шилжилт эрчимтэй явагдаж байна
ABSTRACT
The article describes a phenomenon of cartel political parties. The analyses the cause of appearance and specifics characteristics of political functioning of the modern party system.
[1] .Д.Баасансүрэн ”Олигархжсан улс төрийн намаас намгүй нийгэмд шилжих цаг бидний төсөөлж байгаагаас илүү ойрхон ч байж мэднэ”(Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 02 (218) 2016
[2]Б.Анир “Шинэчлэгдсэн “Мөнгөний нам” ба өнөөх фракцуудын хагарал”., http://www.
[3] Б.Дамдин-Очир. Нам дамжсан “түрийвчний нэгдэл” буюу сөрдөггүй сөрөг хүчний тухай”., Зууны мэдээ.,2014.11.17., №268(4895)/
[4] Н.Пүрэвдавга.Монголын улс төрийн намуудын төлөвшлийн зарим асуудал” bpurevdavga.blogspot.com., УБ., 2014
[5] Д.Болд-Эрдэнэ “Монголын хөрсөнд, монголчуудын сэтгэлгээнд тохирсон ардчилалтай байж л бид хөгжинө” Үндэсний мэдээ сонин.,2016 №246(1370)
[6] Улс төрийн намын тухай Монгол Улсын хуулиас үзнэ үү.
[7] Намууд хэдэн гишүүнтэй вэ? //www.
[8] Ц. Мөнхцэцэг. Дэлхийн улс төрийн намууд хаашаа явж байна вэ? www.
[9] Ignazi,P. The Crisis of Parties and the Rise of New Political Parties / P. Ignazi// Party Politics.-1996.-Vol.2.
[10] Kirchheimer, O. The catch-all party / O. Kirchheimer//The West European Party system/ed.byP.Mair.-Oxford university press,1990.-P.376
[11] Katz, R. The Ascendancy of the Party in Public Office: Party Organization Change in Twentien-Century Democracies/R.Katz., P.Mair // Political Parties. Old Concepts and New Challenges/ed.R.Gunter,J.R.Montero,J.J.Linz.-Oxford,2002.-P.113-135
[12] О.Эрдэнэчимэг. Монголын нийгэм дэх улс төрийн намуудын төлөвшил, хандлага. Философи, эрхийн судлал., Уб., 2016., XXXI боть.,159 дахь тал
[13] Д.Болд-Эрдэнэ: Улс төрийн үзлийн хөгжлийн хандлага.-www.
[14] Ц. Мөнхцэцэг. Дэлхийн улс төрийн намууд хаашаа явж байна вэ? www.
[15] Otto Kirhheimer. The Transformation of the Western European Party Systems//Joseph La Polombara and Myron Weiner(eds.), Political Parties and Political Devolopment. Princeton University Press, 1966
[16] Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв Орос Монгол толь.-Уб., 1984.,210 дахь тал
[17] KirchheimmerO. The transformation of the Western European party sistems//Political parties and political development/Ed.by LaPalambara J., WeinerM.-Princeton: Princeton univ.press,1966.-P.57-84
[18] Lijphart A. Verzuiling, Pacificate en Kentering in de NederlandsePolitiek. Haarlem:Becht.-1968.-P.224
[19] KatzR., Mair P. Changing Models of Party Organization and Party Democracy:The Emergence of Cartel Party// Party Politics.-Vol.-№1.-P.5-28
[20] Richard S. Katz., Peter Mair How Parties Organize: Cange and Adaptation in Party Organization in Western Democracy. SAGE Publications, 1995 үзнэ үү
[21] Мөн тэнд
[22] Юлия Нетесова О партиях, которые не могут быть аутсайдерами., ОХУ., Русский журнал. М., 2008 ., info@
[23] Мөн тэнд
[24] Дмитрий Узланер “Картельная партийная система” ., ОХУ., Русский журнал. М., 2008 ., info@
[25] “Сант Марал” сан, Конрад-Аденауэр-Сан Улс төрийн барометр №15/49., 2016
[26] Katz, R. Canding Models of Party Organization and Party Democracy: The Emergence of Cartel Party/ R.Katz, P.Mair // Party Politics.-1995.-Vol.1, №1.-Р.5-28.
[27] Мөн тэнд