Үндсэн агуулга руу

Мэдээ

Монголын буддын гүн ухаантан Занын Агваанбалдангийн мэндэлсний 220 жилийн ойд зориулсан “Чойрын таван ботиор мэргэшсэн их ухаантан” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2017.11.06  |  МэдээfX⧉

Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачилан ШУА-ийн Философийн хүрээлэн, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, Хэнтий аймгийн Галшар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ болон Хасу мегватт ХХК, МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхим, МБШТ Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацан хамтран Дорнын гүн ухаантан, монголын их сэтгэгч, Тунгалаг цорж Занын АГВААНБАЛДАНГИЙН мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан тус эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 10 дугаар сарын 27-нд  зохион байгуулж байна.

Монголын Буддын гүн ухаан сэтгэлгээний түүхэнд онцгой байр суурь эзэлдэг их сэтгэгчдийн нэг нь олны дунд Эрдэнэ тунгалаг цорж, Балдан цорж, Тунгалаг цорж, Намдаллингийн лам гэх зэрэг янз бүрийн нэрээр алдаршиж бичигдэж ирсэн Линсрай гавж, Их Хүрээний цорж Агваанбалдан мөн билээ. Тэрээр Халхын Цэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт, малчин ард Занын гэрт төрж, 1797-1864 оны хооронд амьдарч, зохиол бүтээлээ туурвиж байв. Агваанбалдангийн намтар бүтээлийг судалсан судлаачдын тэмдэглэснээр тэрээр 6 настайгаасаа төвд бичиг үсэг, уншлага ном заалгаж, Буддын боловсролыг шат дараалан үзсээр Их Хүрээний Гандан хийдийн Чойрын дацан буюу Буддын гүн ухаанд сургуульд суралцан, мөн ч Төвд, Хятад, Хөхнуур, Өвөрмонголоор удаа дараа явж, ном мэдлэгээ улам гүнзгийрүүлэн баяжуулжээ.

Агваанбалдан цорж бээр Буддын учир шалтгааны ухаан, Билиг барамид, Авидарма, Төв үзэл, Тогтсон таалал гэх Чойрын таван боть буюу Буддын гүн ухааны таван их судлагдахууныг төгс эзэмшин, ном хаялцан мэтгэлцэх уламжлалт шалгалт шүүлгээр билиг ухаанаа гайхуулан оройлон манлайлж, эрдмийн дээд зэрэгт хүрсэнээс гадна Буддын сахил санваарын ном суртахууныг хичээнгүйлэн дагаж, ариунаар баримталж байсан нь түүний эрдэм мэдлэг гэгээрэн боловсроход нэн чухал түлхэц өгч байсныг тэмдэглэх нь зүйтэй. Их хүрээний цорж Агваанбалдан буддын сургаалын олон салбар чиглэлээр ажиллаж, олон тооны ном зохиол туурвисан мэргэжлийн гүн ухаантан төдийгүй Монголоор зогсохгүй Төвдөд ч их үнэлэгдэж байсан сэтгэгч бөгөөд Бурхан багшийн сургаалыг нийтэд нь сайтар мэдье гэвэл Балдан цоржийн зохиолуудыг заавал судлах учиртай хэмээн монгол, төвдийн сүүл үеийн мэргэд үзэж байв. Эдүгээ ч Өрнө, дорнын буддын судлалтан эрдэмтнүүд Агваанбалдан гавжийн бүтээлүүдийг өндөр үнэлж, буддын онолын сургаалыг судлах нэг чухал эх сурвалж болгон ашигласаар байна.

Энэ жил монголын их сэтгэгч, гүн ухаантан, тунгалаг цорж Агваанбалдангийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хурал “Чойрын таван ботиор мэргэшсэн их ухаантан” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд Тунгалаг цорж Агваанбалдангийн чойрын таван боть тус бүрээр хийсэн томоохон тайлбар зохиолуудын талаарх судалгааг тоймлон үзүүлсэн илтгэлүүдийг авч хэлэлцлээ.

Хуралд Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ОХУ-ын Тува улсын Хүмүүнлэгийн болон нийгэм, эдийн засгийн хэрэглээний судалгааны хүрээлэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны судлаачид болон ХБНГУ-ын зочин профессор судлаачид оролцож байгаа нь өмнөх хурлуудаас түүний бүтээлийг олон талаас нь авч үзэж буйгаараа илүү онцлогтой. Энэ удаагийн бага хурал нь “Чойрын таван ботиор мэргэшсэн их ухаантан” сэдвийн хүрээнд “Агваанбалдан ба буддын феномэнологи орчин үед”; “Агваанбалдан цоржийн билиг барамид тайлбар зохиолын тухай”; “Йогын илт мэлоийг оногдохууны талаар Агваанбалдангийн дэвшүүлсэн үндэслэл”; “Агваанбалдангийн зарим дасгал дахь үндэслэгээний онолын асуудал”; Агваанбалдангийн “Илт номын сангийн утгын эргэлзээг таслагч багачуудын оюуны цэнгэл”; “Тува дахь буддын уламжлалт шашны өнөөгийн нөхцөл байдал”; “Монгол ганжуур дахь Баатараа явагчийн судрын бүлгүүдийг Жанжаа хутагтын орчуулгатай харьцуулах нь”; “Найралт найрамдах сүмийн тухай”; “Витгенштейн ба буй үгүй”; “Буддын философийн логик үндэслэгээний тухай” гэсэн үндсэн чиглэлээр хуралд оролцогч гадаад, дотоодын 10 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хуралд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хасу мегватт ХХК-н захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Хэнтий аймгийн Галшар сумын ИТХ-ийн дарга Энхбаатар, Сумын засаг дарга Б.Энхтайван, МБШТ, Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв С.Гантөмөр, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмийн ахлах багш, доктор (Ph.D), профессор М.Гантуяа, дуун хөрвүүлэгч, судлаач Д.Цэдэв нар нээж үг хэлэв.

Хурлын дараа МБШТ Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацанд мандал өргөх ёслол болов.