Үндсэн агуулга руу

Мэдээ

“Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2016.11.20  |  МэдээfX⧉

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн тэнхим хамтран 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.

Хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд Аристотелийн оруулсан хувь нэмэр, түүний философийн сургаалиуд, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах мөн философийн түүхийн судалгааг хөгжүүлэхэд энэхүү хурлын зорилго нь чиглэгдсэн юм.

Хурлаар “Аристотелийн ёс суртахуун-улс төрийн философи” хэмээх үндсэн илтгэлийг манай нэрт философич, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Б.Даш-Ёндон хэлэлцүүлэв. Тэрбээр Дэлхийн сонгодог эх сурвалж болох Аристотелийн бүтээлийг грек хэлнээс эх хэлэндээ орчуулж, дэлхийн философийн түүхийн судалгааг эргэлтэнд оруулахад жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Мөн Аристотелийн бусад ухагдахуунуудаар 9 хавсралт илтгэл хэлэлцүүлсэн. Үүнд: доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү “Сайн үйлийн тухай Аристотелийн үзэл ба орчин үе”, доктор (Ph.D), профессор Г.Лодой “Метафизик” хэмээх ойлголтын тухай асуудал, доктор (Ph.D), профессор С.Төмөр-Очир “Логикийн шинжлэх ухааны хөгжилд Аристотелийн гүйцэтгэсэн үүрэг”, доктор (Ph.D), М.Отгонбаяр “Аналитик хэмээх нэр томьёоны тухайд”, доктор (Ph.D), профессор  Д.Тунгалаг “Аристотелийн “Никомахын ёс зүй” зохиол дахь ёс суртахууны зарим асуудал”, доктор (Ph.D), Д.Оюунгэрэл “Аристотелийн философи дахь хүмүүжлийн тухай ойлголт”, доктор (Ph.D) Г.Эрдэнэбаяр, докторант Х.Амантай нар “Аристотелийн философи дахь улс төрийн асуудлаас”, доктор (Ph.D), Б.Дэлгэрмаа, докторант Б.Дэлгэрбаяр нар “Аристотелийн гоо зүйн үзэл ба орчин үе”, доктор (Ph.D), С.Даваадулам “Аристотелийн боловсролын талаарх үзэл баримтлал” хэмээх илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.

Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш нар, бусад их дээд сургуулийн багш судлаачид болон оюутан залуучууд оролцож санал бодлоо солилцлоо.

Хурлаар эрдэмтэн багш, судлаач нар монголд философийн хичээлийг их, дээд сургуульд хэрхэн орж байгаа болон цаашид ямар байдлаар сургалтын хөтөлбөрт оруулах талаарх саналаа илэрхийлсэн нь хурлаас гарч буй нэгээхэн чухал үр дүн байлаа.

Мэдээлэл бэлтгэсэн ЭШДаА Б.Цэрмаа