“Соёмбо судлал: оюун сэтгэлгээ, бичиг соёл” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Халхын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон “Соёмбо үсэг”-ийн 330 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Соёмбо судлал: Оюун сэтгэлгээ, бичиг соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр 11 дүгээр сарын 24-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын гишүүн Лүндээжанцан баяр хүргэж үг хэллээ. Мөн Гандан Тэгчлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал Д.Сонинбаяр, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ж.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн орон нутгийн Музейн захирал Д.Тогтох нар оролцлоо.
Тус хурлаар дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар” Соёмбо судлалыг хөгжүүлэх асуудалд”, Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Даш-Ёндон “Соёмбо титэмийг судлахад гүн ухааны үүднээс хандахуй”, МУИС-ийн багш доктор, профессор Р.Дарьхүү “Занабазарын бүтээл дэх энх амгалан болон эв зохицлын үзэл санаа”, Монгол улсын гавьяат багш, доктор (Sc.D), профессор Ц.Гомбосүрэн “Соёмбо сүлдийг судлахад философи хэрхэн холбогдох нь”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан докторант Ж.Энхбаяр, П.Мягмарсайхан “Семантик онол ба Соёмбо бичиг”, эрдэм шинжилгээний ажилтан докторант Б.Ариунзул, Р.Алтансүх “Өндөр гэгээн Занабазарын философийн зарим асуудал”, эрдэм шинжилгээний ажилтан докторант А.Хишигдаваа, С.Мягмарсүрэн “Соёмбо титэм ба төрийн бэлгэдэл”, Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газрын СУХ-ийн дарга, докторант Л.Пүрэвлхам “Өвөрхангай аймгийн нутагт орших Өндөр гэгээн Г.Занабазартай холбоотой түүх, соёлын үл хөдлөх дурсгал”, Варшавын Их Сургуулийн багш Р.Бямбаа “Эрдэнэзуугийн Ширээт Лам “Лувсандагвадаржай болон Монголчуудын төвд хэлээр бичсэн Соёмбо бичгийн бүтээлүүдийн тухай”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Р.Отгонбаатар “Өндөр гэгээний хоёр цагаан толгойн үсэг”, Зүүн хүрээ коллежийн багш Ц.Мөнх-Эрдэнэ “Соёмбо үсгээр Монгол, Энэтхэг, Төвд хэлийг хэрхэн бичих тухай”, МУИС-ийн багш, докторант С.Дэмбэрэл “Соёмбо үсгийг юникодлох үйл явц, тулгамдаж буй асуудлууд”, чөлөөт уран бүтээлч Т.Жамьяансүрэн Соёмбо үсгийн фондын нийлмэл үсгийн тухай, МҮНС-ийн сан хөмрөгч Х.Түмэнбаяр “Соёмбо үсгийн тухай” сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Мөн МҮНС-ийн Гар бичмэл, монгол судлалын фондын ажилтан Ч.Гансүх МҮНС-д хадгалагдаж буй Соёмбо үсгийн дурсгалууд, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Энхжаргал, Д.Гоомарал Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Соёмбын дурсгалууд Өвөрхангай аймгийн Орон нутгийн Музейн захирал Д.Тогтох “Занабазарын дурсамж музей ба Соёмбо үсэг” танилцуулгыг хийлээ.
Хурал зохион байгуулагдах хугацаанд Варшавын их сургуулийн багш Р.Бямбаагийн “Өндөр гэгээн Занабазарын зохиосон хоёр бичиг”, Дашчойлин хийд, Зүүнхүрээ коллежийн багш Ц.Мөнх-Эрдэнийн “Гэгээн гурван үсэг бичиг” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 11 дүгээр сарын 23-наас 25-ны өдрийг хүртэл Өндөр гэгээн Занабазарын хөрөг дүр, Соёмбо үсэгт холбогдох түүхийн дурсгалт болон үнэт өвүүд, орчин цагийн соёмбо үсгээр бичсэн ном судрууд зэрэг сонирхолтой, ховор дурсгалууд дэлгэгдлээ.
Тус хурлын үеэр Өмнөговь аймгийн Манлай суманд дахь ардын баатар партизан Д.Нанзадын нэрэмжит ЕБС-ийн багш Б.Хүрэлбаатар Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Б.Даш-Ёндоны “Соёмбо сүлд: Монгол ухаан” бүтээлд хүндэтгэл үзүүлж “Соёмбо сүлд-Монгол ухаан”, “Өндөр гэгээн Занабазар” шүлэгээ уншиж, Зүүн хүрээ коллежийн багш С.Мөнх-Эрдэнэ Соёмбын цагаан толгойн үсгийг Занабазарын нэрэмжит ДУМ-д залж, Р.Бямбаа ламтан Соёмбо үсгээр бичсэн “Ганжадын найман мөрт магтаал”, “Өндөр гэгээний хоёр бичгийн бүтээлийн эмхтгэл” номоо Философийн хүрээлэнд гардуулан өглөө.
Мөн энэ үеэр Өндөр гэгээн Занабазарын зохиосон Энхамгалангийн дуулал болсон Жинлавцогзол бүтээлийн 320 жилийн ойд зориулж тус хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунзул, Р.Алтансүх нар “ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР: Адистэдийн дээдийг хайрлагч эх (орчуулга, тайлбар) бүтээлээ хэвлүүлж олны хүртээл болголоо.
Мэдээлэл бэлтгэсэн ЭШДэА П.Мягмарсайхан