Оху-ын философийн хүрээлэнтэй гэрээ байгуулав
Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор, дэд профессор Б.Пүрэвсүрэн нь 2019 оны 04 сарын 22-23-нд Москва хотноо ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнд ажлын айлчлал хийж, тус хүрээлэнгийн захирал Академич А.В.Смирновтой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
Талууд хамтран ажиллахын зэрэгцээ “Философийн нэвтэрхий толь бичиг” бичих, орчуулах ажилд Оросын Философийн хүрээлэн /ИФ РАН/ дэмжлэг үзүүлэхээр болж, ОХУ-ын Төрийн шагнал хүртсэн “Философийн шинэ нэвтэрхий толь” бичиг дөрвөн боть бүтээлийг Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнд орчуулах, ашиглах эрхийг олгосон нь чухал ач холбогдолтой зүйл болов.
Монголын талаас: Мэргэжлийн философичдын хүний нөөцийг бэлтгэхэд Оросын ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад их дээд сургууль, оросын философичид, эрдэмтэн судлаачид жинтэй хувь нэмэр оруулсан нь ХХ зууны дунд үеэс эхлэн монголын философи сэтгэлгээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг уулзалтын үеэр онцлон тэмдэглээд цаашид ч энэхүү шинжлэх ухаан, соёл, боловсролын уламжлалт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйтэй хэмээн онцлов.
Оросын талаас: Бид Монголын анд нөхөдтэйгээ тогтоосон харилцаагаа маш их хүндэтгэн үнэлдэг. Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш бидний харилцаа, хамтын ажиллагааны хүрээ, эрч хүч саарсан ч гэсэн хараахан тасраагүй байгаа энэ үед сэргээн эрчимжүүлэх асуудлыг тавьж байгаад гүн талархал илэрхийлэхийг хүсч байна гэж Оросын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн захирал, академич А.В.Смирнов ярианыхаа эхэнд тэмдэглээд “Үзэл сурталжсан философи хэдийнээ үеэ өнгөрөөж, бид философи бүрийн номлол, үнэт зүйлсийг хүндэтгэн зөвшөөрч, судалж байна. Монголчууд өөрийн ахуй соёлд тулгуурлан, зохицсон гүн ухааны баялаг өвтэй ард түмэн. Та бүхний бүтээлч хөдөлмөрийн дүнд Монголын философи дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан номлол болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн.
Улмаар хүрээлэнгийн захирлууд сонирхсон сэдвээрээ ажил хэргийн яриа өрнүүлж, уулзалтын дүнд “Монголын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн, Оросын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны Гэрээ”-нд гарын үсэг зурж, Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич А.В.Смирнов Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнд дөрвөн боть бүхий “Философийн нэвтэрхий толь бичиг” орчуулах, ашиглахыг зөвшөөрсөн Батламж гардуулав.
Уулзалт болон гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.А.Гаджикурбанова нар тус тус байлцав.