Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтэлсэн

  • 2024-08-26
  • 4

Баян-Өлгий аймаг дахь салбар

 
Зураг Овог нэр, эрдмийн зэрэг, цол Албан тушаал e-mail хаяг  
1 Н.Эрдэнэбаяр (Ph.D) Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгч
ЭШАА
Erdene_1116@yahoo.com
erdenebayarn@mas.ac.mn
Дэлгэрэнгүй
3 Б.Жаргалсайхан  Баян-Өлгий аймаг дахь салбарын ЭШДэА Jagaa3538ube@yahoo.com
jargalsaikhanb@mas.ac.mn
Дэлгэрэнгүй
5 Е.Аяулы  Баян-Өлгий аймаг дахь салбарын ЭШДэА ayuli@mas.ac.mn Дэлгэрэнгүй
6 Б.Одмаа  Баян-Өлгий аймаг дахь салбарын ЭШДаА odmaa_b@mas.ac.mn Дэлгэрэнгүй
7 Б.Гүлнур  Баян-Өлгий аймаг дахь салбарын ЭШДэА gulnur@mas.ac.mn Дэлгэрэнгүй

Тус төвийн түүхэн замналын хувьд анх ШУА-ийн ерөнхийлөгч, Баян-Өлгий аймгийн Ардын хурлын хурлын гүйцэтгэх захиргаа (АДХГЗ), Намын хорооны хамтарсан шийдвэрээр 1989 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд “Түрэг судлалын сектор” байгуулж, эрхлэгчээр доктор Х.Силамыг томилжээ. 1990 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 27-р тогтоолоор “Нийгэм судлалын төв” нэртэй болжээ. Төвийн зорилго нь Баян-Өлгий аймаг болон хөрш зэргэлдээ аймгуудын түрэг монгол угсааны олон үндэстэн ястны түүх, угсаатны зүй, хэл, соёлыг судлах явдал байв.

            Тус төв орон нутгаас боловсон хүчнийг бүрдүүлэн 11 ажилтан сонгож авч ажиллуулсан, тэднээс Х.Силам, С.Харжаубай, К.Бихумар нар түүхийн шинжлэх ухааны, Х.Хабидаш, Б.Базелхан нар хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгаалжээ. Мөн Г.Золбаяр, Лха.Туяабаатар, М.Серик нар хэл бичгийн ухааны, Х.Досымбек, К.Бабахумар, М.Хурметхан нар түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан юм.

            Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 138-р тогтоолоор “Баян-Өлгий аймаг дахь Нийгэм-Эдийн засгийн судалгааны төв” болон өргөжсөн байна. 2004 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 04-р тоот тогтоолоор Түүх хэл шинжлэлийн сектор, Байгалийн шинжлэл, экологийн сектор, Эдийн засгийн сектор гэсэн нэгжтэй болжээ. Төвийн захирлаар доктор Г.Золбаярыг томилжээ. Гэвч боловсон хүчний дутагдлаас эдийн засгийн судалгааны ажил хийгдээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор ШУА-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн бодлогын судалгааны төвийг бүтцийн өөрчлөлтөд хамруулж, Философийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн бодлогын салбар болгон эрхлэгчээр доктор (Ph.D) Г.Золбаярыг томилсон юм.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 10 дугаар тогтоолоор Философийн хүрээлэнгийн “Баян-Өлгий аймаг дахь салбар” нэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Одоо тус салбарт доктор (Ph.D) 1, докторант 4, нийт 5 эрдэм шинжилгээний ажилтан байна. 2026 оны 03-р сараас доктор (Ph.D)  Н.Эрдэнэбаяр салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байна. Докторант Б.Жаргалсайхан, докторант Е.Аяулы, Б.Гүлнур, Б.Одмаа нар эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.  

  1. Судалгааны чиглэл, үр дүн

            Судалгааны үндсэн чиглэл нь Монголын баруун бүс нутаг дахь  ард түмний түүх, нийгэм, соёлын өөрчлөлт, шашин шүтлэгийн төлөв байдлын асуудал болно. Энэ чиглэлийн хүрээнд

            Тус төв нь (хуучнаар) алслагдсан баруун хязгаарт шинжлэх ухааныг хөгжүүлэх, Монгол алтайн уулархаг бүс нутгийн үндэстэн ястны түүх, зан заншил, хэл соёл, угсаатны зүй, нийгмийн асуудлыг судлан ном бүтээл хэвлүүлээд байна. Орон нутагт эрдэм шинжилгээний байгууллагыг бэхжүүлэх, залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг мэргэшүүлэхэд анхааран ажиллаж  байна.

      Тус салбар нь “Монгол түрэгийн оюуны соёлын харьцуулсан судалгаа”, “Баян-Өлгий аймгийн үндэстэн ястны эдийн соёлын харьцуулсан судалгаа”, 2008-2011 онд “Монгол Алтай нурууны биологийн төрөл зүйл, экосистемийн судалгаа”, “Алтайн урианхай, тувагийн  угсаатны зүй” (2011-2014), “Монгол алтайн нурууны эмийн ургамлын судалгаа” (2012-2014), “Монголын казахын угсаатны зүйн” (2014-2016),  Монголын баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн төлөв байдал (соёл-экологийн судалгаа) зэрэг суурь болон хавсарга судалгааны төсөл хэрэгжүүлсэн байна.

Дээрх суурь судалгааны төслийн онцлогийг дурдвал: “Алтайн урианхай, тувагийн  угсаатны зүй” (2011-2014) суурь судалгааны төслийн хүрээнд угсаатан судлалын түүхэн угсаа зүйн аргад үндэслэн, угсаа, түүх, соёлын асуудлуудыг тоочин тодорхойлон бичиглэх, тод өгүүлэмжийг голлох арга зүйг үндсэндээ баримтлав. Энэхүү судалгаа хойшид Алтайн урианхай нарын угсаа, түүх, соёлын асуудлыг нарийвчлан судалж гүнзгийрүүлэх, нийт Монгол угсаатны олон бүлгийн угсаа-соёлын судалгааг шинэ шатанд гаргахад хувь нэмэр болох юм. Судалгааны үр дүнд дараах дүгнэлт, саналыг дэвшүүлсэн болно. Үүнд: Дундад эртний үеэс түүх шастирт нэр нь тэмдэглэгдэн дурдагдаж, XIX-XX зууны зааг үеэс олон улсын эрдэмтэн судлаачдын анхааралд өртөж, Монгол угсаатны угсаатан судлалын нэгэн тод судлагдахуун болсон Алтайн Урианхайчууд нь эртний урианхай аймгийн үр хойчис мөн болох тухай, “Урианхай” хэмээн нэрийн гарал үүслийн талаар санал дэвшүүлэв. Тэдний угсаатны  түүхийн хөгжлийн дотоод зүй тогтол, түүхэн цаг үе, улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн үйл явцтай холбон аж ахуй, соёл, уламжлалын бүх хүрээг хамруулан судлах оролдлого хийсэн болно. Дундад үеэс эдүгээ хүртэл хадгалагдан ирсэн Алтайн урианхайн овгийн бүрэлдэхүүнийг сурвалжлан бүртгэж овог, элкэний бүрэлдэхүүнийг жагсаан гаргав. Алтайн урианхай нарын биет болон биет бус соёлын өвийн өөрийн гэсэн өвөрмөц онцлог, хэв төрхийг хадгалан үлдсэнийг хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнээр тогтоож нэн ялангуяа Алтайн урианхайн баатарлаг тууль, цуур хөгжим, сурын харваа зэргийн ялгарах төрхийг онцлон тэмдэглэв. 

Зураг. 1. “Алтайн урианхай, тувагийн  угсаатны зүй” (2011-2014) суурь судалгааны хүрээнд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 багийн нутаг, Ахар даваат хэмээх газарт. Зүүн гар талаас профессор М.Ганболд, Алтай сумын иргэн өндөр настан Б.Бааст,

 эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр.

“Монголын казахын угсаатны зүй” (2014-2016) суурь судалгааны төслийн хүрээнд түүх, угсаатны зүйн сүүлийн үеийн онол аргазүйг эш үндэс болгон Монгол Улс дахь казахуудын биет болон биет бус соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шинжлэх оролдлого хийв. Төслийн үр дүн болгож “Монголын казахын угсаатны зүй” (УБ.,2016) хэвлүүлсэн нь Монголын казахуудын уламжлалт өв соёлыг  судлан шинжилсэн монгол хэл дээрх анхны суурь хамтын бүтээлд зүй ёсоор тооцогдох юм. Энэхүү бүтээлд Монгол нутагт суурьшсан казахуудын овгийн бүрдэл, тэдгээрийн нэршлийг тодорхойлохын зэрэгцээ овгуудын тархалт, хүн ам зүйн асуудлыг авч үзсэн болно. Монгол дахь казахууд отог овгоо маш сайн мэддэг, үр хүүхдээ ухаан орохтой зэрэг зааж сургадаг, хамаатан садан дотроо гэр бүл болохыг цээрлэдэг, үндэсний уламжлалт эд өлгийн зүйлийг сайн хадгалж үлдсэнээрээ бусад оронд амьдардаг казахуудаас эрс ялгарч байна. Бүтээлд казах үгийг монголчлон орчуулсан бөгөөд ялангуяа гэрийн эд хэрэгсэл, оёдол хатгамал зэргийн урьд өмнө орчуулагдаагүй нэр томьёог эрдэмтэдтэй зөвшилцөн орчуулсан болно.

Зураг 2. “Монголын казахын угсаатны зүй” (УБ.,2016) бүтээлийн нээлт. Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын хурлын танхимд. Төслийн удирдагч: доктор Г.Золбаяр, нарийн бичиг Р.Шинай, гүйцэтгэгч Х.Мырзабек, Б.Жаргалсайхан, Н.Эрдэнэбаяр, К.Долгоржав, Е.Аяулы

Тус салбарын судлаачид өнгөрсөн хугацаанд суурь судалгааны бүтээл 10, өнгөт альбом 2, хялбарчилсан ном товхимол 30 баримтат кино 2, эрдэм шинжилгээний болон сурталчилгаа танин мэдэхүйн 200 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Тухайлбал, “Баян-Өлгий аймгийн нэвтэрхий толь” (2009), Г.Золбаяр, Д.Баасанбат нарын “Монгол-тува бичгийн хэлний дундын үгийн судалгаа” (УБ.,2012), К.Бихумар “Монголын Казахуудын ёс заншил /казах хэлээр/, Г.Золбаярын “Алдын дагша”, У.Бекетийн “Монгол Алтайн нурууны экосистемийг хамгаалах асуудлууд”, Г.Золбаяр, Б.Өмирбек, А.Ансаган нарын “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалууд /өнгөт альбом/” (УБ.,2009), “Монголын Казахын угсаатны зүй” (УБ.,2016) хамтын бүтээл, доктор (Ph.D)  Б.Өмирбекийн "Баян-Өлгий аймгийн археологийн дурсгалууд"  (УБ.,2019) зурагт цомог, Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлт: Соёл-экологийн хүчин зүйл. (Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл) УБ.,2023, Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн төлөв байдал (соёл-экологийн судалгаа) УБ.,2024 зэрэг бүтээлүүдийг нийтийн хүртээл болгосон байна.

Гадаад, дотоодын  хамтын ажиллагаа

 Тус салбарын ажилтнууд их, дээд сургуулийн мэргэжлийн тэнхимүүд, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Үндэсний түүхийн музей зэрэг байгууллагуудтай эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр  нягт хамтран ажиллахын зэрэгцээ ОХУ-ын Тува улсын үндэсний Их сургууль, Хүмүүнлэгийн ухааны хүрээлэн, Уулын Алтайн Их сургууль, Казахстан улсын Хэл утга зохиолын хүрээлэн, Казахын Их сургууль,  БНЧЕХ” улсын Массарикийн их сургуулийн Төв Ази судлалын тэнхим, БНХАУ-ын ШУА-ийн Урумчийн Экологи-газарзүйн хүрээлэн, Казахстан улсын Уст-Каменогорскийн Улсын Их сургууль зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Философийн хүрээлэнгийн стратеги зорилтын хүрээнд дараах  судалгааны ажлыг гүйцэтгээд байна. Үүнд:

  • “Баян-Өлгий аймаг дахь тува иргэдийн нийгмийн төлөв байдлын судалгаа”, 2018 он,
  • “Баян-Өлгий аймаг дахь Урианхай иргэдийн нийгмийн төлөв байдлын судалгаа”, 2019 он,
  • “Баян-Өлгий аймаг дахь Казах иргэдийн нийгмийн төлөв байдлын судалгаа”, 2020 он.
  • “ Баян-Өлгий аймаг дахь Монгол болон Түрэг хэлт угсаатны бүлгүүдийн соёлын ижилслийн үйл явц: 1990-2025
  • “Монголын баруун бүс нутгийн сүсэг бишрэлийн өөрчлөлт: 1990-2020 (Баян-Өлгий аймгийн жишээн дээр)”

Дээрх судалгааны ажлуудаар Монголын баруун бүс нутаг түүний дотор Баян-Өлгий аймаг дахь монгол болон түрэг хэлт үндэстэн, угсаатны бүлгийн нийгмийн төлөв байдал, нийгмийн орчин, харилцаа, сэтгэлгээний төлөвийг шинжлэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, судалгааны тайланг боловсруулж хэвлэн нийтлүүлсэн юм.