ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн харъяанд “Философи, төр эрхийн тасаг” нэртэйгээр 1967 онд байгуулагдаж эрхлэгчээр нь нэрт эрдэмтэн, академич Ч.Жүгдэр 1967-1971 онд ажиллаж байв. Мөн хүрээлэнд “Буддын судлалын сектор” 1969 онд байгуулагджээ. Эдгээр нэгжийн үндэс суурин дээр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаар тогтоолоор Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулах шийдвэр гарч тэр дагуу бэлтгэл хийж 1974 оны 3 дугаар сард философи, социологи, төр эрхийн хэлтэстэйгээр албан ёсоор нээгдэж ажиллах болжээ. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний анхны ажилтнууд нь Х.Нямбуу, Б.Самбуу, Ш.Түдэв, Д.Тунгалаг, Ц.Төрбилэг, зааварлагч Ю.Санжаагончиг нар байв.
Хүрээлэнгийн анхны захирлаар академич Ч.Жүгдэр ажиллаж байжээ. Түүнээс хойших хугацаанд тус хүрээлэнгийн захирлаар академич С.Норовсамбуу, доктор (Ph.D) Г.Лодой, доктор (Sc.D) Д.Дашпүрэв, академич Г.Чулуунбаатар, академич Ж.Амарсанаа нар ажиллаж ирэв.
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны 60 хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөд одоогоор хүрээлэнд нийт үндсэн ажилтан 30, гэрээт ажилтан 6 байгаа болно. МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, доктор, профессор Б.Чимид, МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор Б.Даш-Ёндон, академич Г.Чулуунбаатар, доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий нарын манай улсын нэр хүндтэй эрдэмтэд ажиллаж байна.
Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид философи, социологи, улс төр судлал, эрх зүйн чиглэлээр 2000 оноос хойш:
- Нэг сэдэвт бүтээл -45
- Орчуулгын бүтээл –12
- Сурах бичиг, гарын авлага -8
- Социологийн судалгаа -100
- Толь бичиг -5 олон түмний хүртээл болгож, шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан.
1977 оноос “Философи, эрх зүйн судлал” эрдэм шинжилгээний цувралыг жилд нэг удаа (XXVI боть), 2009 оноос “Эрдмийн ертөнц” (Academae) сэтгүүлийг жилд хоёр удаа эрхлэн хэвлүүлж байна.
Эрдэм шинжилгээний ажлын үр дүн
1971-1981 он
1981-1991 он
1991-2001 он
2001-2011 он
-
Монголын хууль, тогтоомжийн түүхэн эмхтгэл (1206-2009 он) 16 боть. УБ.,2010“Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл (1206-2009 он)” бүтээл нь Монголын төрт ёс, түүх, соёлын уламжлалын сурвалж бичиг болох хуулийг ард түмний оюуны өв болгох, иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бататгах, гадаад ертөнцөд Монгол Улсыг сурталчлах, иргэдийн эрх зүйн соёл, ухамсрыг дээшлүүлэх, төрийн бодлогын уламжлал, залгамж чанарыг өнөө болон хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой.Тус 16 ботид 6000 орчим эрх зүйн актыг багтаасан байна.
-
Мянганы хөгжлийн 9 дэх зорилтын шалгуур үзүүлэлтийг боловсруулах ажлыг ШУА-ийн ФСЭЗХ-ээс зохион байгуулж гүйцэтгэсэн нь Монгол Улс Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг баталсан нь нийгэм-эдийн засгийн урт хугацааны зорилго, түүний дотор Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ардчилсан засаглал ихээхэн үүрэгтэй гэдгийг онцолсон хэрэг бөгөөд олон улсын хэмжээнд шинэ бөгөөд бас нэлээд алсыг харсан чухал алхам болсон юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд, улс орнууд Монгол Улсын энэ санаачлагыг сайшаан дэмжиж НҮБХХ-ийн туслалцаатайгаар “Хүний эрх, ардчилсан засаглалын талаарх МХЗ 9-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийг ФСЭЗХ хэрэгжүүлсэн юм.ФСЭЗХ-ийн зүгээс арга зүйн зааварчилгааг үр дүн болгоны шалгуур үзүүлэлтээр боловсруулж үүнд үзэл баримтлалын тодорхойлолт, мэдээллийн эх үүсвэр болон цуглуулах аргачлал, хэмжих арга техник болон тооцоолол, жэндерийн ялгаа ба ядуурлын нөхцөл байдлыг хэрхэн хамруулах зэргийг багтаасан ажээ.Монголын ардчилсан засаглалын 130 шалгуур үзүүлэлтийг боловсруулах болон Монгол улсын ардчилсан засаглалын төлөв байдалд өөрсдөө үнэлгээ хийх эхлэлийг тавьсан юм.
