avatar
Б Нямдаваа

Нийтэлсэн

  • 2024-08-26
  • 3

Социологийн салбар

 
1 Д.Нарантуяа (Ph.D), дэд проф Социологийн салбарын эрхлэгч narantuyan@mas.ac.mn Дэлгэрэнгүй 
2   Ж.Батжаргал Социологийн салбарын ЭШДэА jargalbj999@gmail.com
batjargalj@mas.ac.mn
Дэлгэрэнгүй 
3   Ё.Ундрал   Социологийн салбарын ЭШДэА  undralyondon@gmail.com
undralyo@mas.ac.mn
Дэлгэрэнгүй 
4   Ц.Цэцэнбилэг (Ph.D), дэд проф.   Социологийн салбарын ЭШТА  tsetsenbilegts@gmail.com
tsetsenbilegts@mas.ac.mn
Дэлгэрэнгүй 
6 Т.Батзориг  Социологийн салбарын ЭША  batzorig@mas.ac.mn  Дэлгэрэнгүй
7   Б.Алтанцэцэг   Социологийн салбарын ЭША altantsetseg_b@mas.ac.mn
aagina747@gmail.com
Дэлгэрэнгүй 

1972 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн (ФСЭХ) байгуулагдаж, Социологийн сектор хүрээлэнгийн үндсэн салбар болсноор Монголд социологийн шинжлэх ухаан хөгжих үндэс суурь тавигдсан юм.
ШУА-ийн ерөнхийлөгч асан нэрт эрдэмтэн, академич Б.Ширэндэв ШУА-ийн ФСЭХ-нд Социологийн тасаг байгуулахад ихээхэн санаачилга гарган ажилласан түүхтэй. Социологийн сектор 1972 оны 7 дугаар сард секторын эрхлэгч Х.Нямбуу, эрдэм шинжилгээний ажилтан Б.Самбуу, Ц.Төрбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Манай анхны социологичид үндсэндээ МУИС-ийн философийн ангийн төгсөгчдөөс бүрдэж байсан юм. Р.Вандангомбо, С.Гомбо, Ц.Дагвадаш, Ц.Уртнасан нар 1973 оны 1 дүгээр сард, С.Дашдаваа, М.Каусыл нар 9 дүгээр сард, Х.Гүндсамбуу 1974 онд, социологич Я.Мөнхжаргал 1975 онд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар орсон байна.
1973- 1974 онд Социологийн сектороос нийтийн хоолны газарт ажиллагчдын хөдөлмөрт хандах харьцааны асуудлаар анхны бие даасан социологийн судалгаа явуулсан юм. Сурвалжлага, ажиглалтын аргаар хийсэн энэхүү судалгааг 7 дугаар гуанз, Туул рестораны ажилчдын дунд хийж үр дүнг тайлагнасан ба Х.Нямбуу “Үйлчилгээний хөдөлмөрийн социологийн асуудал” (УБ., 1974) нэгэн сэдэвт зохиол хэвлүүлж нийтийн хүртээл болгожээ. 
Секторыг Х.Нямбуу 1973-1983 оныг дуустал эрхлэгчээр ажилласан ба хожим нь тэрээр доктор (Sc.D), профессор, төрийн шагнал хүртсэн билээ. Түүнээс хойш буюу 1983-1986 онд Ц.Дагвадаш, 1986-1988 онд С.Гомбо, 1988-1990 онд Х.Гүндсамбуу, 1990-2009 онд Ц.Уртнасан, 2010-2018, 2019-2021 онд Ц.Цэцэнбилэг, 2018, 2022-2025 онд Ж.Батжаргал, 2025 оноос Д.Нарантуяа гэсэн эрдэмтэн судлаачид салбарын эрхлэгчээр ажиллажээ. Одоогийн байдлаар тус салбарт 2 доктор (Рh.D), 2 эрдэм шинжилгээний ажилтан-докторант, нэг магистр ажиллаж байна.
Социологийн салбар нь Монголын нийгмийн хөгжил, өөрчлөлтийн асуудал; монголчуудын амьдралын хэв маяг; олон нийтийн санаа бодлын судалгаа, суурь болон хавсарга судалгаагаар нийгмийн үндсэн асуудлыг тодорхойлох, танин мэдэх, задлан шинжилж тайлбарлах, ирээдүйн чиг хандлага төлөвийг тодорхойлоход чиглэж, улс төрөөс ангид, шинжлэх ухаанч, үнэнч, шударга, тогтвортой байдлыг эрхэмлэн, шинэ мэдлэгийг бий болгох, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үндсэн чиг үүрэгтэй.
 
Суурь судалгаа. 1974 оноос “Монголын ажилчин ангийн нийгмийн бүтэц, хөдөлмөр, соёл ахуй” сэдэвт суурь судалгааг явуулав. Энэхүү судалгаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 30 гаруй үйлдвэрийн 1200 ажилчинг хамруулсан байна. 1976-1980 онд “БНМАУ-ын нийгмийн бүтэц” сэдэвт суурь судалгааны ажлыг гүйцэтгэж, “Өнөөгийн монголын ажилчин анги, хоршооллосон малчдын нийгмийн зарим асуудал” (УБ., 1985), Түүхийн хүрээлэнтэй хамтран “БНМАУ-ын нийгмийн бүтэц” (УБ., 1984) гэсэн хамтын бүтээлийг хэвлүүлсэн. Мөн нийгмийн бүтцийн судалгааг гүнзгийрүүлэн 1981-1985 онуудад анги, бүлэг бүрээр лавшруулан судлах болсон юм. “Малчдын хөдөлмөр, соёл, ахуй”(1983), “Сэхээтний нийгмийн бүтэц”-ийн (1982-1984) судалгааг, 1985-1989 онд оросын социологичидтой хамтран “БНМАУ-ын хөдөөгийн хүн амын нийгмийн бүтэц, аж төрөх ёсны төлөвшил судалгааг, 1984-1990 онд “Хот, хөдөөгийн аж төрөх ёс”-ны суурь судалгааг тус тус гүйцэтгэжээ. Энэ сэдвийг өрнөд муж, хөдөөгийн болон хотын аж төрөх ёс гэсэн гурван дэд сэдвийн дагуу гүйцэтгэж, “Монголын өрнөд нутгийн хүн амын аж төрөх ёсны хөгжил” (УБ., 1989) хамтын бүтээлийг хэвлэн нийтлүүлсэн.
1990-ээд оны дараах нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой суурь судалгааны ажил хэсэг хугацаанд тасалдаж, 2000 оны дунд үеэс нийгмийн суурь судалгаа хийх боломж нөхцөл бүрдэж эхэлсэн юм. Тус салбараас 2005-2007 онд “ХХ зууны Монголын соёл, оюуны амьдралын (соёлын үнэт зүйлс адилсал ба ялгарал) өөрчлөлт” (удирдагч доктор Ц.Уртнасан), 2008-2010 онд “Залуучуудын амьдралын зорилго, үйл ажиллагаа” (удирдагч доктор Ц.Цэцэнбилэг), “Монгол дахь социологийн хөгжил” (удирдагч доктор Ц.Уртнасан), 2011-2013 онд доктор Ц.Цэцэнбилэгийн удирдлага дор “Монгол улс дахь хотжилтын үйл явц: төлөв байдал, бэрхшээл, хандлага” 2014-2016 онд “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, төлөв хандлага (малчдын жишээн дээр) сэдэвт суурь судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн.
Тус салбар 2017-2025 онд Монгол Улсад философи, социологи, улс төр судлал, улс төрийн эдийн засаг, эрх зүй, шашин судлалын суурь судалгааг хөгжүүлэх зорилтын хүрээнд онолын судалгааны түвшинг дээшлүүлж, шинэ мэдлэг бий болгох хүрээлэнгийн стратеги зорилтын дагуу Монголын нийгмийн болон сэтгэл зүйн өөрчлөлт, төлөв, хандлагыг судлах зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд 1) Нийгмийн бүтэц, давхраажилт, нийгмийн бүлгүүдийн хувирал, төлөвшлийг судлах; 2) Нийгмийн оюун санааны амьдралд гарч буй хувьсал, өөрчлөлтийг судлах; 3) Нийгмийн харилцаанд гарч буй өөрчлөлтийн талаар (нийгмийн ялгарал, капитал, тусгаарлагдах үйл явц гэх мэт) олон нийтийн санаа бодлыг судлах хийхээр төлөвлөсний дагуу 2019-2022 онд “Нийгмийн оролцоо ба тусгаарлагдах үйл явц: үр дагавар, төлөв байдал” (удирдагч доктор Ц.Пүрэв), “Ахмад настны социаль асуудал: үр дагавар, төлөв хандлага” (удирдагч доктор Sc.D Б.Батхишиг) суурь судалгааны төслүүдийг хэрэгжүүлсэн юм.   
 
Хамтарсан төсөл. МУ-ын БСШУЯ, ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны сангийн санхүүжилтээр ОХУ-ын ШУА, Сибирийн салбар, Буриадын шинжлэх ухааны төвийн Бүс нутгийн эдийн засгийн судалгааны салбартай хамтран 2009 онд “Өөрчлөгдөж буй ертөнц дэх Монгол угсаатны дасан зохицох чадвар, амьдралын түвшин, нийгмийн мэдрэмж” (удирдагч доктор Ph.D Бадмаева, доктор Ph.D Ц.Уртнасан), 2011 онд “Миний амьдралын ертөнц”, ОХУ-ын ШУА, Социологийн хүрээлэнтэй хамтран 2009-2010 онд “Монгол хэлт ястнуудын үндэсний адилсал” (В.А.Ядов, Ц.Цэцэнбилэг); 2011-2013 онд “Өөрчлөгдөж буй нөхцөл дэх Орос болон Монголын нийгмийн адилсал, бүтцийн өөрчлөлт” (В.А.Ядов, Ц.Цэцэнбилэг); 2014-2016 онд “Өөрчлөгдөж буй Орос болон Монголын нийгмийн интеграци, задралын үйл явц” (В.А.Ядов, Ц.Цэцэнбилэг), 2015-2017 онд “Монгол, Оросын залуучуудын улс төрийн идэвх оролцоо” (М.К.Горшков, Г.Чулуунбаатар) хамтарсан төсөл хэрэгжүүлсэн. Эдгээр төслийн хүрээнд социологийн 6 судалгаа хийж, үр дүнгийн хамтын бүтээл болон өгүүлэл, илтгэлийн 5-ыг эмхтгэл хэвлүүлж, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж нийтлүүлсэн билээ.
Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа
Тус салбар нийгэмд чиглэсэн сургалт нөлөөллийн үйл ажиллагаа, нийгмийн бодлогод нөлөөлөх (хууль эрх зүйн орчныг сайжруулахаар хуулийн төсөл дээр ажиллах, эрх зүйн орчны сайжруулахаар судалгаа хийж, үр дүнг танилцуулах г.м), социологийн мэдлэгийг түгээх, таниулж сурталчлах (ЕБС-ийн сурагчдад, мэргэжлийн бус хүмүүст лекц унших, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх, нийтлэл хэвлүүлэх г.м), мэргэжлийн судлаачдад болон социологийн судалгааг ажил мэргэжилдээ ашиглаж сурахыг хүссэн янз бүрийн мэргэжлийн хүмүүст (сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтнуудад г.м) социологийн удиртгал болон судалгааны арга зүйн сургалт, судалгааны мэдээллийг боловсруулах программын сургалтыг хийж ирсэн. Эдгээрээс онцлон дурдвал 2006-2011 онд ДЭМБ-ын дэмжлэгээр ЭМЯ, Глобаль сантай хамтран “ХДХВ/ДОХ ба хүний эрх, нийгмийн дэмжлэг” төслийг (удирдагч Г.Чулуунбаатар, багийн үндсэн гишүүд О.Сарантуяа, Н.Баяр, Ж.Батжаргал болон бусад ажилтнуудын хамт) хэрэгжүүлсэн. Энэ төслийн үйл ажиллагааны гол зорилго нь ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг хүний эрхийг сахин хамгаалах, үйл ажиллагааг сайжруулах үүднээс өвчилсөн болон эрсдэл бүхий хүмүүст хандах нийгмийн гаж буруу хандлагыг засан залруулж, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байв. Төслийн хүрээнд 1641 хүнд 33 удаагийн сургалт семинар, ХДХВ/ДОХ-той хүмүүст хандах иргэдийн хандлага, түүнд гарч буй өөрчлөлтийн талаар судалгаа хийн, “ХДХВ/ДОХ ба хүний эрх, нийгмийн дэмжлэг” УБ., 2007 (1125 ш), “ХДХВ/ДОХ ба хүний эрх” УБ., 2009. (2500 ш), “ХДХВ/ДОХ нийгмийн дэмжлэг” УБ., 2011. (1000 ш) гарын авлагыг (нийт 4625 хувь) хэвлүүлж, ТББ-ууд, мэргэжилтнүүд, олон нийтэд үнэ төлбөргүй тараасан. Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийн хүний эрхийг хангах, ялгаварлан гадуурхахгүй нөхцөлийг бүрдүүлэхээр төр засгийн дээд түвшинд ажиллагчид, шийдвэр гаргагчдад бодит нөхцөл байдлыг таниулахаар Үндэсний зөвлөлдөх уулзалт  3 удаа зохион байгуулж, төрийн дээд дунд шатны албан хаагчидтай уулзалт ярилцлага (350 хүнд) хийж, 4 удаа санал зөвлөмж боловсруулсан, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр баг бүрдүүлэн ажлын хэсгийн уулзалтуудыг зохион байгуулан ажиллаж, уг хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан юм.
Социологийн салбар байгуулагдсан цагаас өнөөг хүртэл социологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, социологийн суурь болон хавсарга судалгаа явуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ хугацаанд нийгмийн амьдралын төрөл бүрийн асуудлаар 140 гаруй том, жижиг судалгаа явуулсны дээр 60 гаруй нэг сэдэвт болон хамтын бүтээл, ном, товхимол, гарын авлага, сурах бичиг хэвлүүлж, 11 доктор (Ph.D)-ыг эгнээнээсээ төрүүлээд байна.