| № | Зураг | Овог нэр, эрдмийн зэрэг, цол | Албан тушаал | e-mail хаяг | |
| 1 | ![]() |
О.Хатанболд (Ph.D) | Улс төрийн салбарын эрхлэгч ЭШТА |
khatanboldo@gmail.com khatanboldo@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 2 | ![]() |
А.Хишигдаваа | Улс төрийн салбарын ЭШДэА | khishigdavaa_78@yahoo.com khishigdavaa.a@gmail.com khishigdavaaa@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 3 | ![]() |
М.Долгорсүрэн | Улс төрийн салбарын ЭШДэА | angelnice999888@gmail.com dolgorsurenm@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 4 | ![]() |
Ц.Жаргал | Улс төрийн салбарын ЭШДаА | jargalts@mas.ac.mn | Дэлгэрэнгүй |
| 5 | ![]() |
С.Ганхуяг | Улс төрийн салбарын ЭША | gankhuyag_s@mas.ac.mn | Дэлгэрэнгүй |
Улс төр, эрх зүйн салбарын түүхэн тойм, судалгааны чиглэл, гол үр дүнгийн танилцуулга
|
Зорилго |
Улс төр судлал, хууль зүйн судалгааны хөгжлийн замнал, үндсэн чиглэл, онцлох үр дүн, сонгомол бүтээлийг тоймлон танилцуулах. |
|
Бүтэц |
I. Улс төр судлалын чиглэл; II. Хууль зүйн чиглэл; III. Салбарын бүтээлийн хураангуй жагсаалт |
Энэхүү түүхэн тойм нь нь ШУА-ийн Философийн хүрээлэнгийн улс төр судлалын болон хууль зүйн чиглэлийн хөгжлийг нэгтгэн харуулах зорилготой. Тус тоймд Улс төр, эрх зүйн салбарын түүхэн үе шат, судалгааны чиг хандлага, онцлох үр дүн, бодлогын болон шинжлэх ухааны ач холбогдлыг эмхэтгэн багтаасан болно. Чингэхдээ салбарын үүсэл, институцийн өөрчлөлт, хэрэгжүүлсэн суурь болон хэрэглээний судалгааны төслүүд, эдгээрээс дэвшигдсэн онолын болон практик үр нөлөөг гол шалгуур болгон авч үзэв. Иймээс энэхүү хураангуй түүх нь зөвхөн түүхэн өгүүлэмж бус, судалгааны чиглэлийн хөгжил, мэдлэг бүтээсэн гол ололтыг багцлан тодруулсан аналитик шинжтэйгээр боловсруулсан нь салбарын түүхэн замнал, эрдэм шинжилгээний чадавх, цаашдын хөгжлийн боломжийг нэг дороос харахад дөхөм болно.
Улс төр судлалын болон хууль зүйн судалгааны үндсэн чиглэлийн хөгжил нь Монгол Улсын ардчилсан шилжилт, төрийн байгууллын өөрчлөлт, эрх зүйн шинэтгэлийн явцтай салшгүй холбоотой өрнөж ирсэн түүхтэй. Тухайлбал, улс төр судлалын чиглэл нь ардчиллын институц, улс төрийн соёл, оролцооны хэв шинжийг тайлбарлах мэдлэгийн санг бий болгосон бол, хууль зүйн судалгааны чиглэл нь эрх зүйт төр, Үндсэн хуулийн хэрэгжилт, шүүх эрх мэдэл, хүний эрхийн баталгааны судалгааг гүнзгийрүүлэн судалж ирсэн. Дурдсан хоёр чиглэл нь тус тусдаа төдийгүй харилцан нөхөх байдлаар Монголын төр, нийгмийн хөгжлийг тайлбарлах шинжлэх ухааны цогц суурь болон төлөвшсөн.
Улс төр, эрх зүйн салбарын хамтарсан судалгааны цаашдын хөгжлийн чиглэлд ардчиллын чанарын хэмжүүр, улс төрийн намын дотоод ардчилал, парламент ба хууль тогтоох процессын уялдаа, орон нутгийн эрх мэдэл ба санхүүгийн бие даасан байдал, хүний эрхийн хэрэгжилтийн бодит үнэлгээ, цахимжилт ба залуучуудын улс төр-эрх зүйн оролцоо, ёс суртахууны ба нийтийн албаны хариуцлагын асуудлуудыг эрчимжүүлэн судлах шаардлагатай байна. Эдгээр нь өмнөх судалгааны ололтод тулгуурласан, шинэ үеийн бодлогын ач холбогдол бүхий чиглэлүүд юм.
Товчхондоо, дээрх хоёр чиглэлийн судалгааны өв нь өнгөрсөн үеийн түүхэн баримт төдий бус, өнөөгийн бодлого, сургалт, шинжлэх ухааны хэлэлцүүлгийг тэтгэх стратегийн мэдлэгийн сан юм. Иймээс цаашид бүтээлийн санг системчлэх, тоон архивжуулалт хийх, залуу судлаачдыг татан оролцуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь дараагийн шатны хөгжилд чухал ач холбогдолтой.
Улс төр, эрх зүйн судалгааны харьцуулсан тойм
|
Хэмжээс |
Улс төр судлал |
Хууль зүй |
|
Эх суурь үе |
1978 оноос социализмын онолын сектороос хөгжсөн. |
1967-1972 оноос төр, эрхийн чиглэлийн нэгжээс хөгжсөн. |
|
Шинэчлэлийн эргэлт |
1990 оноос ардчилал, сонгууль, нам, иргэний нийгмийн судалгаа давамгайлах болсон. |
1992 оны ардчилсан “шинэ” Үндсэн хууль, 2001 оноос хойшх эрх зүйн шинэтгэлийн төслүүд голчлох болсон. |
|
Судалгааны хэв шинж |
Түүхэн-улс төрийн шинжилгээ, олон нийтийн санаа бодлын болон шинжээчийн судалгаа. |
Баримт бичгийн шинжилгээ, харьцуулсан эрх зүй, шинжээч ба социологийн судалгаа. |
|
Гол хувь нэмэр |
Ардчиллын чанар, улс төрийн соёл, оролцооны хэв шинжийг тайлбарласан. |
Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, шүүх, процесс, хүний эрхийн суурь дүгнэлт гаргасан. |
|
Практик ач холбогдол |
Бодлогын хэлэлцүүлэг, сургалт, олон нийтэд чиглэсэн танин мэдэхүйг дэмжихэд илүүтэй чиглэгдсэн. |
Хуулийн үзэл баримтлал, шүүхийн шинэтгэл, эрх зүйн боловсролд шууд нөлөөлөх боломжтой. |
|
I. Улс төр судлалын чиглэл |
Түүхэн тойм
Улс төр судлалын чиглэлийн эхлэл нь 1978 онд байгуулагдсан Шинжлэх ухаан, коммунизмын онолын сектороос улбаатай. Энэ үеийн судалгаа нь тухайн нийгмийн үзэл суртлын хүрээнд явагдаж байсан боловч бие хүний төлөвшил, нийгмийн сөрөг үзэгдэл, залуучуудын оролцоо, социалист аж төрөх ёсны төлөвшлийг судалсан нь нийгмийн сэтгэлгээний түүхийн эх сурвалж болж үлдсэн.
1980-аад оны сүүлчээс өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал өргөжсөн нь тус нэгжийн судалгаанд шүүмжлэлт хандлага нэвтэрч эхэлсэн. Үүний үр дүнд тоталитар тогтолцоо, улс төрийн хэлмэгдүүлэлт, нам-төрийн алдаа гажуудал зэрэг өмнө хаалттай байсан сэдвүүдийг хөндөх боломж бүрдэж, улмаар үзэл суртлын төвлөрсөн тайлбараас бодит улс төрийн шинжилгээ рүү шилжих суурь тавигдсан.
1990 оны ардчилсан өөрчлөлтөөс хойш тус нэгжийн судалгааны объект, арга зүй, судалгааны хэл шинж үндсээрээ шинэчлэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оны эхнээс сонгуулийн тогтолцоо, намын систем, ардчиллын төлөвшил, иргэний нийгэм, улс төрийн соёл, төлөөллийн ардчилал, иргэдийн оролцоо, төрт ёсны уламжлал зэрэг орчин үеийн улс төр судлалын үндсэн асуудлуудыг дагнан судлах болсон нь салбарын мэргэжлийн бие даасан дүр төрхийг бүрдүүлсэн гэж болно.
2000-аад оноос тус салбарын судалгааны чиглэл, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа илүү тогтворжиж, суурь судалгааны төслүүд системтэй хэрэгжиж, улмаар докторын зэрэгтэй боловсон хүчний тоо нэмэгдсэнээр улс төрийн шинжлэх ухааныг Монголд институцжүүлэх үйл явц эрчимжсэн юм. Улмаар 2017 онд тус хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны салбартай нэгдсэнээр улс төр, эрх зүйн харилцан хамаарлыг хамтатган судлах болсон энэ төрлийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг илүү шинэ шатанд гаргасан.
Эдгээр чиглэл нь цэвэр онолын судалгаагаар хязгаарлагдаагүй бөгөөд шинжээчдийн асуулга, олон нийтийн санаа бодлын судалгаа, харьцуулсан шинжилгээ, түүхэн-улс төрийн эх сурвалжийн судалгаа, бодлогын түвшний тайлан, судалгаа-шинжилгээний өгөгдлийн инфографик, танин мэдэхүйн товхимол зэрэг олон хэлбэрээр үр дүнгээ нийтэлж олон нийтэд түгээн дэлгэрүүлсэнээрээ онцлогтой.
Улс төрийн судалгааны үндсэн чиглэлд тулгуурласан гол үр дүнг дараах байдлаар хураангуйлан авч үзэх боломжтой. Тухайлбал,
Нэгдүгээрт, сонгууль ба намын тогтолцооны судалгаануудаар дамжуулан Монголын ардчилсан шилжилтийн институцийн өөрчлөлтийг тайлбарлах үндсэн суурь бүтээлүүдийг бий болгосон. Түүнчлэн сонгуулийн уламжлал, шинэ тогтолцооны төлөвшил, сонгуулийн кампанийн арга технологи, намын хэв шинж, бүтэц, өрсөлдөөний логикийг онолын түвшинд нэгтгэн тайлбарласнаар улс төрийн шинжлэх ухааны дотоодын гол хэрэглэгдэхүүн бүрдсэн.
Хоёрдугаарт, ардчилал, иргэний нийгэм, иргэдийн оролцооны чиглэлийн төслүүд Монголын ардчиллын чанарын үнэлгээнд чухал хувь нэмэр оруулсан. Эдгээр судалгаанд намчирхал, мөнгөний нөлөө, улс төрийн хариуцлага сулрах, иргэний нийгмийн хөгжлийн жигд бус төлөвшил, шууд оролцооны механизм хангалтгүй зэрэг сорилтыг тогтмол илрүүлсэн нь бодлогын хэлэлцүүлэгт ашиглагдахуйц дүгнэлт болсон.
Гуравдугаарт, улс төрийн соёл, улс төрийн философи, төрт ёсны уламжлалын судалгаа нь монголын улс төрийн зан төлөвийн урт хугацааны үндсийг тайлбарлах боломжийг нээсэн. Тухайлбал, оролцооны соёл харьцангуй сул, уламжлал ба орчин үе холимог шинжтэй, улс төрийн соёлын төлөвшил тогтворжоогүй байгаа тухай дүгнэлтүүд нь улс төрийн зан үйлийг түүхэн ба соёлын суурьтай нь холбон тайлбарлах суурь үндэслэл болж чадсан.
Дөрөвдүгээрт, улс төрийн хошуучлал, соёл иргэншил хоорондын харилцан үйлчлэл, залуучуудын нийгмийн эрсдэлийн судалгаанууд нь салбарын судалгааны хүрээ өргөжиж, дотоод улс төрөөс давсан олон талт шинжтэй болж буйг харуулсан. Ингэснээр тус салбар нь зөвхөн институцийн шинжилгээнд төвлөрөхөөс гадна үнэт зүйл, манлайлал, бүс нутгийн нөлөөлөл, үе хоорондын өөрчлөлтийг хамтад нь авч үзэх болсон.
Тавдугаарт, сургалт-судалгааны орчныг бэхжүүлэхэд салбарын эрдэмтэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, их, дээд сургуульд судалгаанд суурилсан онол-праътикийг хослуулсан байдлаар хичээл заах, дипломын болон магистр, докторын ажил удирдах, мэргэжлийн зөвлөл, сэтгүүл, бүтээлийн чуулганыг хөгжүүлэх зэргээр улс төр судлалыг бие даасан академик салбар болон төлөвшүүлэхэд тулгуур бааз болж ирсэн.
Улс төр судлалын чиглэлийн бүтээлүүдийн онцлог нь монголын нийгмийн шилжилтийн бодит туршлагыг дотоодын баримтад тулгуурлан тайлбарласан явдал юм. Сонгуулийн тогтолцоо, намын хөгжил, ардчиллын төлөвшлийн асуудлыг зөвхөн хэв шинжээр ангилаад зогсоогүй, шилжилтийн үеийн улс төрийн зан үйл, иргэдийн үнэлэмж, улс төрийн соёлын хэв маягтай холбон шинжилсэн нь онолын гүнзгийрэлтийг бий болгохын сацуу энэ төрлийн судалгааны арга зүйг бүрдүүлсэнээрээ онцлог.
Мөн судалгааны үр дүнг тайлан, ном, хамтын бүтээл, судалгааны өгөгдлийн инфографик, ном зүй, товхимол зэрэг янз бүрийн хэлбэрээр түгээн дэлгэрүүлсэн нь мэргэжлийн хүрээнээс гадна олон нийтийн хэрэглээнд хүрэх боломжийг тэлсэн. Энэ нь салбарын мэдлэг бүтээх үйл ажиллагаа бодлогын зөвлөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, нийтэд түгээн дэлгэрүүлэх ажилтай уялддаг болохыг харуулна.
|
Он |
Бүтээл |
Ач холбогдол |
|
2025 |
«Төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо»; «Монгол дахь улс төрийн харилцаан дахь улс төрийн соёлын гүйцэтгэх үүрэг» тайлангууд |
Ардчиллын чанар, оролцооны хэв шинж, улс төрийн соёлын өнөөгийн төлөвийг шинжээч болон олон нийтийн түвшинд үнэлсэн. |
|
2024 |
«Монгол Улс дахь улс төрийн хошуучлалын өнөөгийн байдал, төлөв хандлага»; «Улс төрийн нам: Монгол Улсын нөхцөл байдал ба гадаадын зарим орны үндсэн хуулийн зохицуулалт» |
Манлайллын онол, намын эрх зүйн зохицуулалт, улс төрийн институцийн хөгжлийг харьцуулсан. |
|
2023 |
«Улс төр, эрх зүйн судалгаа» Бүтээлийн чуулган I-III; А.Цанжид, «Бодлого судлал» |
Салбарын үе үеийн эрдэмтдийн бүтээлийг эмхэтгэн нэгтгэж, судалгааны өв санг системчилсэн. |
|
2021-2022 |
«Монгол дахь улс төрийн соёл: уламжлал, орчин үе»; «Ардчилал судлал-тайлбарт ном зүй»; танин мэдэхүйн товхимлууд |
Улс төрийн соёлын төлөв байдлыг үнэлж, мэргэжлийн болон олон нийтийн хэрэглээнд зориулсан суурь материалуудыг бий болгосон. |
Улс төр судлалын чиглэлийн хөгжил нь монголын нийгмийн өөрчлөлтийн толь болж иржээ. Үзэл суртал давамгайлсан социализмын үеийн тайлбарлах судалгаанаас ардчиллын дараах институц, оролцоо, соёл, манлайлал, харьцуулсан шинжилгээнд суурилсан орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан руу шилжсэн нь энэ салбарын үндсэн амжилт юм. Иймээс тус чиглэл нь зөвхөн эрдэм шинжилгээний бүтээл туурвисан төдийгүй монголын ардчиллыг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлах мэдлэгийн санг бүрдүүлсэн гэж үзэж болно.
|
II. Хууль , эрх зүйн судалгааны чиглэл |
Хууль зүйн судалгааны чиглэлийн институцийн эхлэл 1967 онд тавигдаж, 1972 онд Философийн хүрээлэнгийн харьяанд Төр, эрхийн сектор нэртэйгээр ажиллаж эхэлсэн. 1989 онд бие даасан Төр, эрх зүйн хүрээлэн болж, 1992 онд МУИС-тай нэгдсэнээс хойш 2001 онд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн бүтцэд Хууль зүйн судалгааны салбар нэршилтэйгээр дахин байгуулагдсан нь орчин үеийн хөгжлийн шинэ үе шат нь болсон.
2001-2021 оны хооронд тус салбар 6 суурь судалгааны төсөл, 3 шинжлэх ухаан технологийн төсөл, 1 инновацын төсөл, 1 грант төслийг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд эрх зүйн шинэтгэл, Үндсэн хуульт ёс, шүүх эрх мэдэл, хүний эрх, процессын эрх зүй, орон нутгийн удирдлагын эрх зүйн байдал, ёс суртахуун ба эрх зүйн уялдаа зэрэг олон чиглэлийг цогцоор нь судалсан нь тус салбарын онцлог юм.
Салбарын судалгааг академич Ж.Амарсанаа, профессор Б.Чимид, профессор Д.Батмөнх, академич С.Нарангэрэл, профессор А.Цанжид зэрэг судлаачдын олон жилийн манлайлал тодорхойлж ирсэн. Ингэснээр онолын судалгаа болон хууль тогтоомж, шүүхийн шинэтгэлийн практик хэрэгцээ хоорондын уялдаа бэхжиж чадсан гэж болно.
Эдгээр чиглэлд судалгааны хэлбэр нь баримт бичгийн шинжилгээ, харьцуулсан эрх зүйн судалгаа, социологийн болон шинжээчийн судалгаа, хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулах, тайлбар толь, орчуулгын бүтээл, судалгааны сурвалж эмхэтгэх зэрэг өргөн хүрээг хамарсанаараа онцлог.
Хууль, эрх зүйн судалгааны үндсэн чиглэлд тулгуурласан гол үр дүнг дараах байдлаар хураангуйлан авч үзэх боломжтой. Тухайлбал,
Нэгдүгээрт, “Монгол Улсад эрх зүйн зохистой тогтолцоо төлөвшүүлэх асуудал” болон “Шилжилтийн үеийн Монголын эрх зүй ба харьцуулсан эрх зүй”-н судалгааны төслүүдээр эрх зүйн шинэтгэлийн тулгуур асуудлыг тогтолцооны түвшинд тайлбарласан. Түүнчлэн хууль тогтоомжийг шинэчлэх, хэрэгжилтийн механизм бүрдүүлэх, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлэх, эрх зүйн боловсрол ба мэдээллийн тогтолцоог сайжруулах, иргэдийн эрх зүйн ухамсарыг төлөвшүүлэх, хүний эрхийн баталгааг бэхжүүлэх зэрэг үндсэн чиглэлийн санал нь судалгааны гол ололт хэмээн үзэх бүрэн боломжтой.
Хоёрдугаарт, Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн цэц, шүүх эрх мэдлийн талаарх судалгаанууд нь Үндсэн хуулийн хяналтын тогтолцоо, Цэцийн шийдвэрийн хэрэгжилт, шүүхийн менежментийн эрх зүйн үндэс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, чиг үүргийг боловсронгуй болгох талаар онолын болон бодлогын түвшний үнэ цэнтэй саналыг дэвшүүлж ирснээрээ онцлогтой. Ялангуяа Цэцийн шийдвэрийн хэрэгжилт, урьдчилсан хяналтын механизм, Үндсэн хуулийн албан ёсны тайлбарын асуудлыг цогцоор нь тавьсан нь чухал ач холбогдолтой.
Гуравдугаарт, “Үндсэн хуулийн процессын онолын тулгамдсан асуудал” сэдэвт судалгааны төсөл нь хууль тогтоох процессын судалгаанд дорвитой хувь нэмэр оруулсан. Судалгаагаар хууль тогтоох ажиллагааны эрх зүйн зохицуулалт хэт ерөнхий, хэрэгжилт сул, хуулийн төслийн үзэл баримтлалын ач холбогдлыг бууруулсан байгааг илрүүлж, хуулийн төсөл хэлэлцэхээс өмнө үзэл баримтлалыг албан ёсоор хэлэлцэн тогтоодог байх зэрэг саналыг дэвшүүлж ирсэн.
Дөрөвдүгээрт, хүний эрх, эрх зүйн соёлын судалгаанууд хууль, бодлогын орчин бүрдсэн хэдий ч бодит хэрэгжилт хангалтгүй, тайлагнал сул, иргэдийн мэдлэг, хяналт-шинжилгээ дутмаг байгааг эмпирик баримтаар нотлон харуулсан. Энэ нь хүний эрхийн асуудлыг зөвхөн хэм хэмжээ батлах бус хэрэгжилтийн үр дүнгээр хэмжих шаардлагатайг тодруулсан.
Тавдугаарт, төрийн байгууламж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн судалгаагаар орон нутгийн бие даасан байдлыг шалгуур үзүүлэлтээр хэмжих оролдлого хийж, төвлөрсөн татвар-төсвийн бодлого нь бие даасан байдлын гол саад болж байгааг тогтоосон. Энэ нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх хууль зүйн шинэчлэлийн үндэслэл болсон гэж болно.
Зургадугаарт, ёс суртахуун ба эрх зүйн хөгжлийн уялдааг авч үзсэн судалгаа нь хууль зүй, философи, социологи, улс төр судлалын огтлолцолд шинэ чиглэл нээсэн. “Монголчуудын ёс суртахуун” үндэсний хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэл, ёс суртахууны боловсролын тайлан, мэргэжлийн ёс зүйн судалгаа зэрэг нь эрх зүйг зөвхөн албадлагын механизм бус үнэт зүйлийн орчинтой нь хамтатган ойлгох хандлагыг баталгаажуулсан.
Хуулт, эрх зүйн судалгааны чиглэлийн бүтээлүүдийн онцлог нь ёс суртахуун ба эрх зүйн хөгжлийн уялдаа, төрийн байгууламж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн судалгаагаар орон нутгийн бие даасан байдал, хууль тогтоох ажиллагааны эрх зүйн зохицуулалт, Үндсэн хуульт ёс ба түүний эрх зүйн зохицуулалт, эрх зүйн шинэтгэлийн тулгуур асуудлыг тогтолцоог сайжруулах, иргэдийн эрх зүйн ухамсарыг төлөвшүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг шинжилдэгээрээ онцлог. Энэ нь салбарын мэдлэг бүтээх үйл ажиллагаа бодлогын зөвлөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, нийтэд түгээн дэлгэрүүлэх ажилтай уялддаг болохыг харуулна.
|
Он |
Бүтээл |
Ач холбогдол |
|
2008-2010 |
Б.Чимид, Ж.Амарсанаа нарын «Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл», «Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн дэлгэрэнгүй тайлбар» |
Шүүхийн шинэтгэл ба олон улсын эрх зүйн уялдааны онол-практикийн чухал хэрэглэгдэхүүн болсон. |
|
2011-2013 |
«Процессын эрх зүй: Онол, туршлага», «Процессын эрх зүйн толь», «Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон» |
Процессын эрх зүйн онолыг системчилж, Үндсэн хуулийн эх сурвалжийг эмхэтгэн сургалт, судалгаанд ашиглах боломжийг бүрдүүлсэн. |
|
2015-2016 |
«Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, төвлөрлийг сааруулах нь» |
Орон нутгийн бие даасан байдлыг эрх зүйн ба бодлогын хүрээнд үнэлсэн суурь бүтээл болсон. |
|
2017-2020 |
С.Нарангэрэлийн «Монголчуудын ёс суртахуун: Сэргэлт, ялзрал, эргэн сэргээлт»; «Монголчуудын ёс суртахуун» үндэсний хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэгээ |
Ёс суртахуун, хууль, боловсролын уялдааг үндэсний түвшний бодлогын асуудал болгон дэвшүүлсэнээрээ онцлог. |
2001-2021 оны хугацаанд хууль зүйн чиглэл нь монголын эрх зүйн шинжлэх ухаанд онолын болон хэрэглээний өндөр ач холбогдолтой судалгаануудыг тогтвортой хэрэгжүүлж ирсэн. Тус чиглэлийн гол онцлог нь эрх зүйн тогтолцооны шинэчлэл, үндсэн хуульт ёс, шүүх эрх мэдэл, хүний эрх, процесс, орон нутгийн удирдлага, ёс суртахуун зэрэг асуудлыг тус тусад нь бус харилцан уялдаатайгаар авч үзсэнд оршино. Судалгааны дүнд зөвхөн эрдэм шинжилгээний бүтээл туурвихаас гадна хуулийн үзэл баримтлал боловсруулах, шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төсөл бэлтгэх, бодлогын санал боловсруулахад бодит хувь нэмэр оруулсан нь энэ салбарын үнэ цэнийг илтгэнэ.
|
III. УТЭЗС-ын сүүлийн 10 жилд хэвлүүлсэн бүтээлийн хураангуй жагсаалт |
Философийн хүрээлэн, ШУА. ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн хамтарсан төслийн баг. Орос, Монголын залуучуудын улс төрийн идэвх оролцоо. ред. Горшков М.К., Чулуунбаатар Г, Железняков А.С, Цэцэнбилэг Ц, тех.редактор, Хатанболд О. «Соёмбо принтинг» ХХК. Уб., 2017, 28 хх. (38-62, 79-103 дахь талууд). ISBN 978 - 99978-945-6-4;