Захиралын мэндчилгээ
Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн цахим хуудаст зочилж буй та бүхний амар амгаланг эрье.
Хүрээлэн үүсэн байгуулагдаад эдүгээ хагас зуун жилийн түүхэн замналыг туулаад байна. Бид үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд Монголын нийгмийн өөрчлөлт, хөгжлийн зүй тогтол, түүнд тулгарч буй асуудлыг ул суурьтай судлахаас эхлээд философи, социологи, эрх зүй, шашин судлалын шинжлэх ухааны суурь судалгааг эрхлэн явуулах ажлаа нэр төртэй гүйцэтгэсээр эдүгээ хүрлээ.
Хүний тухай асуудал өнө мөнхийн сэдэв бөгөөд түүнийг тойрсон асуудал нийгэм, хүмүүнлэгийн ухаанд зонхилох байр суурийг ямагт эзэлдэг билээ. Эдүгээ ч уг асуудлыг өмнө дурьдсан салбар ухаануудын хүрээнд болон солбицол дунд судлах явдал нэн чухлаар тавигдаж байна.
Монгол улс үндэстний хувьд төрт ёс, түүх, соёл, оюун санааны баялаг өв уламжлалтай. Иймд дэлхий нийтийн эрдэм мэдлэгийн их сантай нэгдэн нийлэх, өөрсдийн өв уламжлалаа судлан шинжлэх, өнөө цагийн онцлогийг тодруулах зэрэг хөгжлийн бодлогод хамаарах сэдвээр манай судлаачдын дэвшүүлэх санаа оноо, бодлогын зөвлөмж үнэнд ойр байх нь нэн чухал юм.
Тиймээс бид бүхэн шинжлэх ухаанд суурилсан олон тооны чанартай судалгаа хийх, тэдгээрийн үр дүн, ололт, амжилтыг олон нийтэд таниулан сурталчлах, шинэ мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, төрийн бодлогын оновчтой шийдвэр гаргахад дэм болох, оролцох зэргээр улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нь бидний үүрэг юм.
Манай хүрээлэн үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дээрх үүргээ тодорхой түвшинд зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бөгөөд цаашид ч оролцогч талуудын оролцоо, дэм тус, түншлэлийн хүрээнд найрслыг буй болгож, хамтдаа хөгжин дэвшихийн төлөө, үр дүнтэй хамтын ажиллагаа чухалчлах болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Оюун билэг оновоос
Орчлонгийн үнэнийг танимуй.
Хүндэтгэсэн,
Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн захирал,
Философийн ухааны доктор, профессор Б.Пүрэвсүрэн