Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 11

Шашин судлалын салбар

Шашин судлалын салбар ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 1970 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор Түүхийн хүрээлэнгийн харьяанд Буддын судлалын тасаг нэртэйгээр анхлан байгуулагджээ. Түүнээс 2 жилийн дараа ШУА-ийн бүтцэд Философи, социологи, эрхийн хүрээлэн шинээр үүсэж байгуулагдахад тус хүрээлэнгийн нэгж болж 1974 онд шилжиж ирсэн юм. Буддын судлалын тасгийг 1970 – 1971 онд дэд эрдэмтэн Ш.Бира анхлан удирдаж байв. Түүний дараа дэд эрдэмтэн Ч.Жүгдэр эрхлэгчийн халааг авч, үүрэгт ажлыг 1971 – 1977 онд хавсран гүйцэтгэсэн байна. 1977 – 1982 онд дэд эрдэмтэн С.Пүрэвжав тасгийн эрхлэгчээр ажиллав.

1982 оноос 1990 он хүртэл дэд эрдэмтэн Т.Содномдаргиа тасгийн эрхлэгчийн албыг хашив. Академич С.Норовсамбуу Шашин судлалын төвийг үүсгэн, 2003 он хүртэл хариуцан ажиллажээ.

2006-2009 онд Монголын философийн түүх, шашин судлалын төв нэртэй болж, академич Г.Лувсанцэрэн удирдаж байв. Тус төвийг хүрээлэнгийн захирлын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний 11-р тушаалаар Философийн салбарт нэгтгэсэн, 2015 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Шашин судлалын салбарыг байгуулж, 2015-2020 онд эрхлэгчээр доктор (Ph.D), профессор С.Цэдэндамба ажилласан. 2020 оноос хойш доктор (Ph.D) М.Батаа салбарын эрхлэгчээр ажиллаж байна.

Буддын философийн эх сурвалжийн шинжилгээ хийх, Монголын буддын сэтгэгчдийн гүн ухааны үзлийг судлах, шашин судлалын онол, арга зүй, Монголын нийгэм дэх шашин шүтлэгийн төлөв хандлага, сүсэгтнүүдийн сэтгэл зүйн өөрчлөлт зэргийг судалж байна.

Эдүгээ салбарт ЭША доктор  (Sc.D) М.Гантуяа, доктор (Ph.D) Д.Дэмбэрэл, магистр Б.Ариунзул, Б.Мөнхцацралт нар ажиллаж байна.