“Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед” сэдэвт эрдэм шинжилгээний хурал
“Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Зүүн хүрээ коллеж, Бурхны шашин соёл судлалын хүрээлэн хамтран ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрын хурлын танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, доктор Ч.Дамбажав, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Ж.Бат-Ирээдүй нар нээж үг хэлэв. Мөн эрдэм шинжилгээний хуралд АНУ, Төвөд-монголын шашин соёлын тэргүүн Ажиа гэгээнтэн, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр нар мэндчилгээ дэвшүүллээ.

Эрдэм шинжилгээний хуралд ОХУ Халимагийн Их Сургуулийн доктор Бадма Меняев, академич Н.Бэгз, АНУ, Конгрессын номын сан доктор М.Саруул-Эрдэнэ болон ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, АШУҮИС-ийн Уламжлалт анагаах ухааны сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, судлаач, докторантууд Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед хэрхэн холбогдож, хэрэгжиж байгаатай холбоотой олон сонирхолтой илтгэл зэрэг нийт 13 эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хурал Бодь мөрийн зэргийн судлал олон улсад, Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед гэсэн үндсэн хоёр хэсгээр хуралдав. Доктор (Sc.D) М.Гантуяа, докторант Б.Мөнхцацралт нар ОХУ-д хийгдсэн Бодь мөрийн зэргийн орчуулга судалгааг, доктор (Ph.D) Д.Наранцэцэг, докторант Сэргэлэн нар БНХАУ дахь Бодь мөрийн судалгаа, чиг хандлагыг, доктор (Ph.D) М.Батаа, доктор (Ph.D) Д.Дэмбэрэл нар БНСУ дахь Бодь мөрийн зэргийн орчуулга судалгааг, докторант Ц.Алтанхүү Бодь мөрийн зэргийг өрнө дахинд хэрхэн судлагдсан тухай зэрэг Бодь мөрийн зэргийн орчуулга, судалгааны талаарх илтгэлүүдийг танилцууллаа.

Эрдэм шинжилгээний хурал нь цаашид Богд Зонховын их дүйчин өдрийг тохиолдуулан уламжлал болон зохиогдох бөгөөд гадаад болон дотоодын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Бодь мөрийн зэргийн судалгааг Олон улсын судалгааны түвшинд эрчимжүүлэх зэрэг үндсэн зорилготой юм.  

 

 

Мэдээ бэлтгэсэн:

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн

Шашин судлалын салбарын ЭШДэА Б.Мөнхцацралт 


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө