ШУА-ийн Философийн хүрээлэнгээс эрдэмтэн судлаачдын коронавирусийн хөл хорионы дэглэмийн үеийн нийгмийн нөхцөл байдлын талаарх санаа бодлыг цувралаар хүргэж байна. Тус хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Ц.Цэцэнбилэгийн эргэцүүллийг танилцуулж байна.
Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаан олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарласнаар эдүгээ 95 хоног өнгөрлөө. Мөн Улсын онцгой комисс 4-р сарын 28-ны өдөр 20 дахь удаа хуралдаж тавдугаар сарын 31-нийг дуустал "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг сунгалаа. Өдгөө монголчууд бид цочрол, айдас, үгүйсгэл, уур уцаар, түгшүүр зэрэг олон мэдрэмжийг нийгмээрээ мэдэрч савалж ирэв. Энэ 100 шахам хоногийн хугацаанд нийгмийн сэтгэл зүй хэрхэн хэлбэлзэж буйг америкийн сэтгэл зүйч Элизабет Кублер-Россын загварчлалтай холбон авч үзэж болох юм. Уг загварчлал өвчний талаарх таагүй мэдээг анх хүлээн авахаас эхлэн 5 үе шатаас бүрдэх агаад эхний шат нь “цочрол, үгүйсгэл ба тусгаарлалт” аж. Кублер-Россын үзэж байснаар цочрол нь хамгаалалтын нэг хэлбэр бөгөөд энэ нь гэнэтийн цочролыг зөөлрүүлж, өвчтөнд бодлоо цуглуулах, дараа нь хамгаалах бусад хэлбэрүүдийг ашиглах боломжийг олгодог. Цочролын дараа үгүйсгэл (“арай үгүй байлгүй дээ”) татгалзах үе шат эхэлдэг. Хоёр дахь шат нь “уур хилэн”. Хүн гэнэт өөрийн зэвүүцлийг бусдад асгадаг. Гурав дахь шат нь "хэлэлцээр". Хүн өвчний талаар "хэлэлцээр, хэлцэл хийн" зайлшгүй болох зүйлийг хойшлуулах оролдлого гаргадаг. Дөрөв дэх үе шат нь "сэтгэлийн хямрал, гутрал" юм. Уйтгар гуниг, уур уцаартай байдал нь удалгүй бүх юм алдагдах, юу ч нэмэргүй хэмээх гутрал төрүүлдэг. Сэтгэлийн хямрал нь айдас, ирээдүйд итгэх итгэл алдагдсанаас үүдэлтэй бөгөөд энэ шатанд “сэтгэл хөдлөлийн туйлдалт” буюу сэтгэл юунд ч хөдлөхөө больж “хоосрох” үзэгдэлд хүрэх нь аюултай байдаг. Энэ нь хамгийн их ачаалал үүрч буй эрсдэлтэй мэргэжилтэн (эмч, сувилагч гэх мэт) нарт түгээмэл тохиолддог юм. Тав дахь үе шат бол "хүлээн зөвшөөрөх, эвлэрэх". Энэ үе шатанд хүн байгаа байдлыг хүлээн авч, өөртөө илүү цаг гаргаж, “дотоод Би”-тэйгээ харилцаж тайван амгалангаа мэдэрнэ. Энэ шатны онцлог бол хүн шинэ боломжийг олж өөрөөр байх гарцыг хайдаг. Эдгээр шатууд дэс дарааллаар явдаггүй агаад зарим нь огт тохиолдохгүй ч магад.
Одоохондоо шинэ төрлийн коронавирус COVID 19 манай оронд тархаагүй зөөвөрлөгдөн ирсэн байгаа нөхцөлд бид сэтгэл зүйн бэлтгэлтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй. Хувь хүн өөрөө би хаана, дээрх загварчлалын аль шатанд явж буйг шинжлэн дүгнэлт хийж, аль болох тайван, амгалан байх нь чухал байна. Үүний нэг тод жишээг толилуулъя. Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр Ikon.mn цахим хуудас дээр нийтлэгдсэн сэтгүүлч Р.Оюунцэцэгийн нийтлэлд Францын иргэний дараахан COVID-19 халдвар авсан Монголын анхны гурван тохиолдлын нэг, биеийн байдал хамгийн хүнд гэгдэж байсан эмэгтэй бүрэн эдгэж ярилцлага өгч “монголчууд цөөхүүлээ гэдгээ ухамсарлаж, сайн хамгаалах хэрэгтэй гэж сэтгэлээсээ хандаж” өөрийн биеэ авч явах стратегийн тухай ярьжээ. Тэрээр “хүмүүст төвөг болохгүйгээр ажлыг нь дэмжиж, ороод ирэхэд нь нурмайхгүй, царай алдчихгүй байж байх вэ гэдэгт анхаарч эхэлсэн. “Би гайгүй байна. Маш аятайхан байна. Миний зовиуурууд өдөр өдрөөр багасаж байна” гэж хэлдэг байсан минь эмч нарт их урам өгч байсныг намайг эмнэлгээс гарахад хэлж байсан. Эмч, сувилагч нар “Яана даа, нэлээд хүнд байгаа даа” гээд зүрхшээгээд орж ирэхэд юу ч болоогүй юм шиг инээчихсэн сууж байхаар их урам ордог байсан гэж сувилагч маань бас хэлж байсан.” Сэтгүүлч Р.Оюунцэцэгийн “Тэр сайхан сэтгэл яс маханд шингэж, хүний сайхан сэтгэлээр вакцин хийлгэсэн мэт тэжээгдэж, вирусийн халдварыг даван туулсан.” гэсэн дүгнэлт нь шинэ төрлийн коронавирустай эвлэрч өөрийгөө анагаах чин хүсэл зориг дээр тулгуурласан нь монголчуудын өвөрмөц онцлог хандлагыг харуулжээ.
Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар