Философийн хүрээлэнгийн төлөөлөгчид Рерихийн өв 25-р хуралд оролцон 6 талт гэрээнд гарын үсэг зурлаа
2025 оны 10-р сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо “Рерихийн өв” сэдэвт XXV олон улсын шинжлэх ухаан, практикийн бага хурал боллоо. Энэ хуралд Орос, Монголын эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд, музейн удирдлагууд, шашин, соёлын байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм. 2025 оны энэ удаагийн форум нь дайны үед соёлын өвийг хамгаалах тухай Рерихийн Тунхаглал байгуулагдсаны 90 жилийн ойд зориулагдаж байгаагаараа онцлог боллоо.
Хурлыг Орос Улсын Эрмитаж музей, Санкт-Петербургийн Рерихийн гэр бүлийн музей-институт, Дорно дахины Улсын музей, Улаанбаатар хот дахь Рерихийн гэр бүлийн музей (Roerich’s Shambhala Museum), Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, Санкт-Петербургийн Гунзэчойнэй дацан хамтран зохион байгуулсан бөгөөд Санкт-Петербургийн Соёлын хороо, “Рерихийн өв” олон улсын буяны сан, “Рерих–Бира” сан дэмжиж оролцсон юм. Хуралд Монголын талаас Рерихийн гэр бүлийн музейн захирал Б.Янжмаа, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн нар тус тусын байгууллага, хамт олноо төлөөлөн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, цаашид соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд нэгдэж оролцохоо илэрхийлсэн мэндчилгээг биечлэн хүргэв.
Мөн Монголын талаас Бямбахишигийн Пүрэвсүрэн — доктор, Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал; Бирагийн Янжмаа — анагаах ухааны доктор, Улаанбаатар дахь Рерихийн гэр бүлийн музейн захирал; Магсаржавын Гантуяа — шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан; Бадамгүрийн Баяртуяа — Ph.D, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач нар илтгэл тавьж оролцов.
Форумын хүрээнд болсон нэг гол үйл явдал нь шинжлэх ухаан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны тухай олон улсын гэрээнд гарын үсэг зурах ёслол байв. Гэрээг Оросын музейчдийн холбоо, Санкт-Петербургийн Гунзэчойнэй дацан, Петербургчүүдийн дэлхийн клуб, Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, Улаанбаатар дахь Рерихийн гэр бүлийн музей, Санкт-Петербургийн Рерихийн гэр бүлийн музей-институт гэсэн зургаан байгууллага батлав. Ёслол 10-р сарын 9-нд Улсын Эрмитажийн Зөвлөлийн танхимд, Рерихийн өвийг хамгаалах олон улсын зөвлөл, Оросын музейн холбооны Байнгын комиссын хурлын хүрээнд болсон юм. Оросын талаас уг баримт бичигт Улсын Эрмитажийн ерөнхий захирал, Оросын музейн холбооны ерөнхийлөгч Михаил Борисович Пиотровский тэргүүтэй төлөөлөгчид гарын үсэг зурсан бөгөөд Монголын талаас ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Бямбахишигийн Пүрэвсүрэн, Улаанбаатар дахь Рерихийн гэр бүлийн музейн захирал Янжмаа Бира нар гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Рерихийн гэр бүлийн оюун санааны өвийг уламжлан хөгжүүлэх хүрээнд шинжлэх ухаан, философи, урлаг, соёл, музейн үйл ажиллагааг чиглүүлэх зорилголтой бөгөөд энэ нь энх тайвны төлөө Орос-Монголын шинжлэх ухаан, соёл, шашны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй..
Эрдэм шинжилгээний хурлууд Санкт-Петербург хотын Улсын Эрмитаж музей (Дворцовая наб., 34); Рерихийн гэр бүлийн музей-институт (Васильевский остр, 18-ая линия, 1); А.С.Поповын нэрэмжит Холбооны төв музей (Почтамтская ул. 4)-д зохион байгуулагдсан бөгөөд “Рерихийн Тунхаглал: Н.К.Рерих болон соёлын өвийг хамгаалах чиглэлээр хийсэн түүний үйл ажиллагаа” сэдэвт нээлтийн хуралдаанд Орос Улсын Эрмитажийн ерөнхий захирал, Оросын музейн холбооны ерөнхийлөгч Михаил Борисович Пиотровский, Санкт-Петербургийн Рерихийн гэр бүл музей-институтын захирал Алексей Анатольевич Бондаренко, Улаанбаатар хот дахь Рерихийн гэр бүлийн музейн захирал Б.Янжмаа нар илтгэл тавьснаас гадна ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн “Монголчуудын үндэсний онцлогийг олон улсад таниулахад Н.К.Рерихийн оруулсан хувь нэмэр”, Доктор (Sc.D.) М.Гантуяа “Олон шашин ба тэдний оюун санааны нэгдлийг илэрхийлсэн Н.К.Рерихийн үзэл, гэсэн сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Энэ үеэр Николай Рерихийн нэрэмжит Олон улсын 2025 оны шагнал гардуулах ёслол болсон юм. Мөн хурлын ажиллагааны хүрээнд үзэсгэлэн, соёлын хөтөлбөрүүд явагдав. Тухайлбал Маринскийн театрын жүжигчид Рерихийн гэр бүлийн музей-институтэд “Нигүүлсэхүй” дуурийн хэсгээр концерт тоглож, “Чулууны нууц”, “Цагаан цамхаг” бүтээлийн зохиогч Владимир Росовын уран бүтээлийн үдэшлэг, А.С.Поповын нэрэмжит Холбооны төв музейд Николай Рерихийн 150 жил, Святослав Рерихийн 120 жил, Рерихийн Тунхаглалын 90 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд нээгдлээ.
Ийнхүү хорин таван жилийн турш олон улсын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн нэгэн чухал тавцан байсаар ирсэн “Рерихийн өв” форум нь 2025 онд Рерихийн гэр бүлийн өв, оюун санааны үнэт зүйлсийг хадгалах чиглэлээр явагдаж, энэ хүрээнд Орос, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр мөн чухал ажил зохион байгуулагдлаа. Хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын шинжлэх ухаан, соёл, урлаг, музей, шашны байгууллагууд хамтран судалгаа шинжилгээ хийх, хурал зөвлөгөөн зохион байгуулах, үзэсгэлэн гаргах, соёлын арга хэмжээ явуулах, эрдэмтэд судлаачдыг солилцох шинэ боломжийг нээж өгч байна.




Бусад мэдээлэл