Философийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа “ОЛОН ТӨВТ ЕРТӨНЦ ДЭХ МОНГОЛЧУУДЫН АДИЛСАЛ” сэдэвт Монгол-Оросын хамтын судалгааны төслийн хүрээнд 2026 оны 6 сарын 14-нд ОХУ-ын Б.Б.Городовиковын нэрэмжит Халимагийн Улсын Их Сургууль дээр “Монголчуудын ижилсэл: бэлгэдэл, хэлэлцүүлэг, өгүүлэмж” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав. Төслийн удирдагч, Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн тэргүүтэй хүрээлэнгийн ЭНБД доктор, профессор М.Гантуяа, ЭШТА доктор, дэд профессор О.Эрдэнэчимэг, ЭША доктор Ж.Жаргалсайхан нарын судлаачид Халимагийн эрдэмтэдтэй эрдэм шинжилгээний санал, туршлага солилцлоо. Хуралдааны үеэр Орос, Монгол, Казахстаны судлаачид илтгэл тавьж, XXI зууны дэлхийн олон төвт ертөнц, нөхцөл дэх буриад, халимаг, монголчуудын соёлын болон шашны ижилсэл, буддизмын асуудал зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн буддын философийн конструктивист боломж, уламжлалт буддын ертөнцийг үзэх үзэл дэх ирээдүйн тухай ойлголт, түүхэн ой санамж, ардын аман зохиолыг үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болох талаас нь авч үзсэн юм. Хурлын хөтөлбөрийн чухал, сонирхолтой хэсэг нь Халимагийн Улсын Их Сургуулийн хэл шинжлэл, дорно дахин судлалын хүрээлэнгийн оюутнуудад зориулан зохион байгуулсан нээлттэй лекцүүд байлаа. Манай эрдэмтэдтэй хийсэн ярилцлагын үеэр оюутан, багш нар монгол судлалын салбарын хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнтэй танилцав. Хүрээлэнгийн эрдэмтэд монголчуудын соёл дахь усны ариун чанар, бэлгэдлийн утга, буддын философийн орчин үеийн судалгаа, нүүдэлчдийн нийгмийн бүтцийн өвөрмөц онцлог, мөн орчин үеийн Монгол Улсад хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан, уламжлалын талаар лекц уншлаа. Хурлыг Халимагийн Улсын Их Сургуулийн баазад зохион байгуулсан нь тус сургуулийг Орос дахь монгол судлал, буддын судлалын тэргүүлэх төвүүдийн нэг болохыг нотолсноос гадна тус сургууль нь Евразийн орон зай дахь олон улсын эрдэм шинжилгээний харилцаа, улс хоорондын соёлын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулав. Тус үеэр Оросын соёлын өдрүүд болж уг арга хэмжээнд оролцсон Халимаг улсын тэргүүн Бату Сергеевич Хасиков Монголын ШУА-ийн төлөөлөгч нарт тусгайлан баяр хүргэв. Мөн Халимагийн түүх соёлын дурсгалт газар болон буддын сүм хийдүүдийн үйл ажиллагаатай танилцав.










