ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН XIII ИХ ХУРАЛ ДАХЬ ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Монгол судлал: уламжлал ба орчин үе” сэдвээр зохион байгуулагдсан Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурал 2026 оны наймдугаар сарын 10–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Олон улсын Монгол судлалын холбооноос эрхлэн зохион байгуулсан тус их хуралд дэлхийн 30 гаруй орны 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, Монгол судлалын түүх, хэл, археологи, угсаатан зүй, нийгэм, соёл, урлаг, утга зохиол болон бусад чиглэлээр судалгааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Тус их хурлын “Монголын соёл, урлаг, утга зохиол судлал” IV салбар хуралдааныг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Бямбахишигийн Пүрэвсүрэн даргалж, түүний санаачилгаар “Соёлоор дамжих энх тайван” сэдэвчилсэн секцийн хуралдааныг зохион байгуулсан нь Философийн хүрээлэнгийн оролцооны нэгэн онцлох үйл явдал боллоо.
Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлын өмнө ШУА-ийн Философийн хүрээлэнгээс монголчуудын соёл, гүн ухаан, шашин шүтлэг, урлагийн өв, түүнд Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн оруулсан хувь нэмэр, үзэл санааг судлан хөгжүүлэх, Монгол–Оросын шинжлэх ухаан, соёл, урлаг, музей, шашны байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын 9-нд ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Эрмитажийн Зөвлөлийн танхимд Рерихийн өвийг хамгаалах олон улсын зөвлөл болон Оросын музейн холбооны Байнгын комиссын хурлын хүрээнд гүн ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааны тухай олон улсын гэрээнд Монгол, Оросын зургаан байгууллага хамтран гарын үсэг зурсан. Уг гэрээнд Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгээс гадна Оросын музейчдийн холбоо, Санкт-Петербургийн Гунзэчойнэй дацан, Петербургчүүдийн дэлхийн клуб, Улаанбаатар дахь Рерихийн гэр бүлийн музей, Санкт-Петербургийн Рерихийн гэр бүлийн музей-институт болон бусад байгууллагууд оролцсон юм. Гэрээ нь Рерихийн гэр бүлийн оюун санааны өвийг хадгалан хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ философи, шинжлэх ухаан, урлаг, соёл, музей, шашны чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Монгол судлалын XIII их хурлын хүрээнд зохион байгуулсан “Соёлоор дамжих энх тайван” сэдэвчилсэн секцийн хуралдаан 2026 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатар хот дахь Рерихийн гэр бүлийн “Шамбала” музейд нээгдэж, наймдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн төв Номын сангийн 411 дүгээр танхимд үргэлжиллээ. Сэдэвчилсэн Секцийн хуралдаан нь академич Шагдарын Бирагийн мэндэлсний 100 жилийн ой, Николай Константинович Рерихийн Монголд хийсэн Төв Азийн экспедицийн 100 жилийн ой, Юрий Николаевич Рерихийн мэндэлсний 125 жилийн ой, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулагдсан юм. Хуралдааны үндсэн зорилго нь Рерихийн дэвшүүлсэн “Соёлоор дамжих энх тайван” үзэл санааны философи, онолын үндсийг судлах, Төв Азийн экспедицийн шинжлэх ухаан, соёлын ач холбогдлыг тодруулах, Рерихийн Монгол болон Төв Азийн соёлд оруулсан хувь нэмрийг үнэлэх, соёл урлагийг энх тайван, олон улсын хамтын ажиллагааны хэрэгсэл болохын хувьд авч үзэхэд чиглэв. Хуралдаанд Монгол, ОХУ, БНХАУ, Испани улсын эрдэмтэн, судлаачид, музейн ажилтан, соёл, шашин, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл оролцож, Рерихийн гэр бүлийн өв, Төв Азийн экспедиц, Монголын соёл иргэншил, буддын уламжлал, Евразийн соёлын харилцаа, музей судлал зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.
Философийн хүрээлэнгийн эрдэмтдийн хэлэлцүүлсэн илтгэлүүд
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн “Евразийн иргэншил дэх Монголын соёлын орон зай” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улс Зүүн Ази, Төв Ази, Сибирь, Европын хоорондох соёл, мэдлэгийн солилцоог холбосон түүхэн чухал орон зай болохыг онцоллоо.
Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор М.Гантуяа “Төв Азийн экспедицийн гүн ухааны үзэл санаа” сэдвээр илтгэл тавьж, Рерихийн экспедицийг газарзүй, археологи, угсаатны зүйн судалгаанаас гадна Евразийн соёл иргэншлүүдийн оюун санааны холбоог эрэлхийлсэн философийн төсөл болох талаас нь авч үзэв.
Шинжлэх ухааны доктор Аюурзанын Цанжид “Улаан хөлөгт баатар” хэмээх ойлголтын тухай илтгэл тавьсан нь олны анхаарлыг нэн ихээр татсан шинэ санаа, шинэ хандлагыг илэрхийлсэн сонирхолтой илтгэл болов. Мөн хүрээлэнгийн доктор Жамбалдоржийн Жаргалсайхан “ Орчин үе дэх Монголын номадизм: тэсэн үлдэх чадвар, боломж”, докторант Борбандийн Мөнхцацралт “Монголын буддын шашны хүн ам зүйн өөрчлөлт: нөлөөлөх хүчин зүйлс” илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.
Секцийн хуралдааны зохион байгуулалтад Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор М.Гантуяа, залуу судлаач А.Нямдорж нар идэвхтэй ажилласныг XIII их хурлын IV салбар хуралдааны дарга, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор Б.Пүрэвсүрэн нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэв.
Сэдэвчилсэн секцийн хуралдааны үйл ажиллагаанд Философийн хүрээлэнгийн нийт ажилтан идэвхтэй оролцсон ба захирал Б.Пүрэвсүрэн, техникийн ажилтан З.Гантулга нар сэдэвчилсэн секцийн хуралдааны тусгай хөтөлбөр хэвлүүлэхэд, Социологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтанцэцэг секцийн хуралдааны зохион байгуулалтын ажилд тусалсанд талархалаа илэрхийлье.
А.А.Бондаренко “Алтан гадас” одон хүртэв
Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Санкт-Петербургийн Рерихийн гэр бүлийн улсын музей-институтын захирал, доктор Алексей Анатольевич Бондаренкод Монгол Улсын “Алтан гадас” одон гардуулав.
А.А.Бондаренко нь Монгол–Оросын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Рерихийн гэр бүлийн өвийг судлах, хадгалан хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд олон жилийн турш идэвхтэй ажилласан эрдэмтэн юм.
Тэрээр Рерихийн Монголтой холбоотой өвийг судлан сурталчлах, Улаанбаатар дахь Рерихийн гэр бүлийн музейн хөгжлийг дэмжих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, симпозиум, үзэсгэлэн, хэвлэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Монгол–Оросын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Рерихийн өвийг хамгаалах, судлах, сурталчлахад оруулсан 25 жилийн хөдөлмөрийг нь үнэлэн түүний нэрийг ШУА-ийн Философийн хүрээлэнгээс дэвшүүлсэн бөгөөд Монголын төрөөс ийнхүү “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
Рерихийн тухай баримтат киног монгол хэлээр олон нийтэд хүргэв
Рерихийн Төв Азийн экспедицийн өвийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “Цаг хугацаа орон зайг дамжихуй. Төв Азийн экспедицийн мөрөөр” баримтат киног монгол хэлнээ хөрвүүлэн, Монголын Үндэсний телевизээр 2026 оны наймдугаар сарын 11-ний өдөр анх удаа монгол хэлээр нэвтрүүлэв.
Уг бүтээлийг Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн болон Монголын Үндэсний телевизийн хамтын ажиллагааны хүрээнд Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Гантуяа монгол хэлнээ хөрвүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Батзориг, Улаанбаатар дахь Рерихийн музей дэмжин ажиллав.
Ингэснээр Рерихийн Төв Азийн экспедицийн түүх, Монголтой холбоотой өв, судалгааны үнэ цэнийг зөвхөн мэргэжлийн хүрээнд бус өргөн олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэх боломж бүрдсэн юм.
Монгол–Оросын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэв
Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Соёлоор дамжих энх тайван” сэдэвчилсэн секц нь Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн Монгол дахь үйл ажиллагааны 100 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ Монголын түүх, соёл, буддын уламжлал, нүүдлийн иргэншил, Евразийн соёлын харилцааг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс хэлэлцсэн олон улсын чухал талбар боллоо.
Тус секцээр Рерихийн “Мир через культуру” буюу “Соёлоор дамжих энх тайван” үзэл санааг өнөөгийн соёл хоорондын яриа хэлцэл, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, ардын дипломат харилцааны хүрээнд дахин авч үзэх боломж бүрдэв. Үүнд Рерихийн гэр бүлийн өв, архив, Монголтой холбоотой эх сурвалжийг хамтран судлах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах, хамтарсан бүтээл, хэвлэлийн төсөл хэрэгжүүлэх, музей, үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулах, эрдэмтэн судлаач, музейн мэргэжилтэн, соёлын байгууллагын төлөөллийг харилцан солилцох зэрэг чиглэл багтаж байна.
Ийнхүү ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэд Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлын эрдэм шинжилгээ, зохион байгуулалт, олон улсын хамтын ажиллагаа, соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцож, Рерихийн өвийг философи, соёл, урлаг, шашин, музей судлалын уялдаа холбоонд авч үзэхийн зэрэгцээ Монгол–Оросын шинжлэх ухаан, соёлын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад бодит хувь нэмэр орууллаа.
Бусад мэдээлэл