“Оросын иргэншил ба Евразийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов.
“Оросын иргэншил ба Евразийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс 2026 оны 6 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд Москва хотноо “Оросын иргэншил ба Евразийн соёл: асуудал ба хэтийн төлөв. Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн Зөвлөлтийн үе шат эхэлсний 100 жилийн ойд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн хамтран зохион байгуулагчаар оролцож, хуралдааны хөтөлбөрийн зохион байгуулалт, эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлэгт төлөөллөө оролцуулсан юм. Хурлын Хөтөлбөрийн хороонд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн багтаж, Монголын Философийн хүрээлэнгийн зүгээс хурлын шинжлэх ухааны хөтөлбөр, чиглэл боловсруулахад оролцов. Мөн Зохион байгуулах хороонд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор М.Гантуяа ажиллалаа.
Хурлын нээлтийн үеэр Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн хүрээлэнгийнхээ нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Хурлын эхний өдрийн “Төв Азийн экспедиц. Иргэншлийн ач холбогдол ба соёлын утга” сэдэвт пленар хуралдаанд доктор, профессор Б.Пүрэвсүрэн “Рерихийн бүтээл дэх Монголын тухай өгүүлэмжийн философийн эргэцүүлэл” сэдвээр илтгэл тавьсан бол, доктор М.Гантуяа “Ю.Н.Рерихийн Төвд-Орос-Англи толь бичиг, түүний буддын философи судлалд гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Үдээс хойших хуралдаанд Философийн хүрээлэнгийн доктор Ж.Жаргалсайхан “Монголын нүүдлийн иргэншил: мөн чанар ба онцлог” сэдвээр, доктор О.Эрдэнэчимэг “Орчин үеийн Монголын хүүхэд, залуучуудын ёс суртахууны төлөвшил” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Хурлын үеэр мөн доктор, профессор Ш.Ариунаа “Монгол-Оросын шинжлэх ухааны хамтын ажиллагаа ба хамтарсан экспедицүүд” сэдвээр илтгэл тавьж, магистр О.Болор-Эрдэнэ “Монголчуудын түүх, соёл дахь ‘Соёмбо’ бэлгэдлийн ач холбогдол” сэдвээр зайнаас илтгэл хэлэлцүүлсэн байна.
Тус олон улсын хурал нь Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн түүх, философи, соёлын ач холбогдол, Монголын нүүдлийн иргэншил, Орос-Монголын шинжлэх ухаан, соёлын харилцаа, Рерихийн гэр бүлийн оюуны өвийг судлах чиглэлээр Монгол, Орос болон бусад орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. Философийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид тус хуралд оролцсоноор Монголын нүүдлийн соёл, иргэншлийн онцлог, буддын философи, Рерихийн Төв Азийн экспедицийн Монголтой холбоотой асуудлыг олон улсын эрдэм шинжилгээний түвшинд танилцуулж, ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээ, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр орууллаа. Ийнхүү 2026 онд Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн Зөвлөлтийн үе шат эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус олон улсын хуралд Монголын ШУА-ийн Философийн хүрээлэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэх, хурлын хөтөлбөр болон зохион байгуулалтад оролцох, Монгол-Оросын философи, соёл, иргэншлийн судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хувь нэмэр оруулсан байна.
Хурлын төгсгөлд ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэн ба МУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн хооронд үргэлжлэн явагдах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан чухал үйл явдал боллоо.









Бусад мэдээлэл