Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Унгар улсын Будапешт хотод Монгол-Унгарын ШУА хооронд хэрэгжиж буй судалгааны төслийн хүрээнд томилолтоор ажиллав.

Монгол-Унгарын ШУА хооронд хэрэгжиж буй “Орчин үеийн Монголын нийгмийн өөрчлөлт: онцлог, сургамж” сэдэвт мобилити судалгааны төслийн хүрээнд Монгол, Унгар эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын явцын үр дүнг хэлэлцэх, харилцан туршлага солилцох зорилгоор 2026 оны 05.09 – 05.20-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хотод төслийн гүйцэтгэгч доктор (Ph.D) Д.Чулуунгэрэл, доктор (Ph.D) В.Удвал, докторант Ж.Бямбасүрэн нар албан томилолтоор ажиллаад ирлээ.
Томилолтын хугацаанд Унгарын ШУА-ийн Төв номын сан болон Хүмүүнлэгийн ухааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж төслийн багийн гишүүд судалгааны чиглэлийнхээ дагуу номын сангийн бүтээлүүдээс уншиж судлав. Хүмүүнлэгийн ухааны хүрээлэнгийн Угсаатны зүй судлалын эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Силади Жолт, доктор Давид нартай уулзаж төслийн үйл явц болон төслийн үр дүнд хэвлэгдэх хамтын бүтээлийнхээ талаар санал солилцлоо.
Төслийн багийнхан судалгааны явцын үр дүндээ тулгуурлан ЭШБХ-ыг Будапешт хотноо зохион байгууллаа. Тус хуралд Монголын талын төслийн удирдагч доктор О.Эрдэнэчимэг “Mongolian politics from 1990 to the present: mistake and successes” сэдвээр, доктор Шомфей Давид “Neo paganism in Hungary”, доктор Иштван Санта “Reactivation of Ancestros`s spirits in post-socialist era among the western Buryats”, доктор Krisztina Teleki “Current situation of Monasteries in the Hangai Mountains”, доктор М.Анара “Psychoanalytic interpretation of social transformation in Mongolia”, доктор Д.Чулуунгэрэл “Overview of cultural changes in Mongolia”, доктор В.Удвал “Legal reform based on the values and concepts of the new constitution of Mongolia: results and lessons”, докторант Ж.Бямбасүрэн “Education as a value” сэдвээр тус тус илтгэл бичиж хэлэлцүүллээ.
Түүнчлэн Унгар улсад суугаа элчин сайд Н.Энхтайван болон бусад албаны хүмүүстэй уулзаж өөрсдийн судалгааныхаа талаар мөн төслийн явц, үр дүн, цаашдын төлөвлөгөө болон Унгарын нийгэм, соёлын онцлогийн талаар ярилцлаа. Мөн Өтвөш Лорандын Эрдмийн их сургуулийн Монгол судлалын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнеш, ахлах багш, доктор Ракош Аттила, Кристина нартай уулзав.


“Орчин үеийн Монголын нийгмийн өөрчлөлт: Онцлог, сургамж” ЭШБХ-ын илтгэгч нар


Унгар улсад суугаа элчин сайд Н.Энхтайван, элчин зөвлөхийн хамт


Унгарын ШУА-ийн Хүмүүнлэнгийн ухааны хүрээлэнгийн Угсаатан судлалын доктор Жолт, Өтвөш Лорандын Эрдмийн их сургуулийн ахлах багш доктор Аттила нартай хамт


Бусад мэдээлэл