“Рерих нар ба Монгол” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө
“Рерих нар ба Монгол” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө

   Нэрт Монгол судлаач Н.К.Рерихийн 150 жилийн ойд зориулсан “Рерих нар ба Монгол” олон улсын эрдэм шинжилгээний VI хурал 2024 оны 10-р сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрлөө.
Энэ удаагийн хурлыг Улаанбаатар хот дахь Рерих нарын Шамбалын музей, ШУА-ийн Философийн хүрээлэн, Санкт-Петербург хот дахь Рерихийн гэр бүлийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж, ОХУ-ын Эрмитаж музей, ОХУ-ын Дорно дахины урлагийн музей, Санкт-Петербургчуудын дэлхийн клуб, Монгол шуудан ХК, Рерихийн Ш.Бира сан, Олон улсын Рерихийн өв сан, Рерихийн үндэсний хороо дэмжин оролцлоо.
   10-р сарын 28-нд Дүрслэх урлагийн музейд Н.К.Рерихийн 150 жилийн ойд зориулсан шинэ марк, мөн “Монгол марк дахь Оросын сэдэв”, “Н.Рерих-гадаад орны марканд” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Бүх хуралдаан ШУА-ийн Философийн хүрээлэнгийн байранд болсон бөгөөд нэгдсэн хуралдаанаас гадна “Рерихийн Гэрээ – Соёлын хадгалалт – Олон улсын харилцаа”, “Рерихийн философи ба орчин үе”, “Шашин-Соёл: Эв нэгдлийн зохицол”, “Н.К.Рерихийн бүтээл туурвил: Дорно дахин судлал ба Монгол”, “Рерихийн сурган хүмүүжүүлэхүй ба нийгмийн ухамсар” сэдвийн дор 5 салбар хуралдаанд чиглэл чиглэлийн эрдэмтэн судлаачид 29 илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн Рерихийн гэр бүлийн тухай “Соёлоор дамжих энх амгалан” кино фестиваль уг хурлын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа.


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө