“Өнөө цаг: оюун бодлын зүг чиг” бүтээл хэвлэгдэн гарлаа
“Өнөө цаг: оюун бодлын зүг чиг” бүтээл хэвлэгдэн гарлаа

Эрхэм уншигч Таны номын санд профессор Б.Даш-Ёндонгийн орчуулж эмхтгэсэн, чингэхдээ онц сонирхолтой санаануудыг шигтгэж тайлбарласан нэгэн шинэ бүтээлийг өргөн барьж байна.

Монгол орны маань нийгмийн амьдралын салаа мөчрүүдийн одоогийн төрх байдал ахиц дэвшил, буцалт ухралт, зогсонги байдал гэх зэргийн зөрчилт шинж тэмдгүүдийг агуулж байна. Энэ байдал нь дотоод, гадаадын олон янзын шалтгаантай. Ийм алаг цоог төрх байдлыг хэрхэн цэгцэлж нэгдсэн гольдрол руу оруулах, үүнийгээ хэрхэн залж удирдах, энэ үйлсдээ оюун бодлын ямар зүг чигийг баримтлах тухай асуудлууд аль хэдүйнээс монголчууд бидний өмнө тулгарчихаад байгаа билээ. Гэтэл, бид, ний нуугүй хэлэхэд, ийм байдлаа улстөрийн бодлогодоо нарийвчлан харгалзахгүй яваад байгаа мэт санагдах юм.

Тодруулбал, XXI зууны агаад цаашдын цаг үед Монголоо хэрхэн яаж бүрэн эрхт тусгаар тогтносон Монголоор нь хөгжүүлэх вэ, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байгаад тусгаарласан зарим улс орон шиг “өнгөт хувьсгалд” автчихгүйн тулд бид яах ёстой вэ гэдэг нь манай эрдэм судлалын төдийгүй үзэл суртлын нэн чухал асуудал юм. Бид эл эмхтгэлээ «Өнөө цаг: оюун бодлын зүг чиг» хэмээн нэрлэсний учир энд байгаа амой.

Зөвлөлт Холбоот Улс, социалист систем задрахаас өмнө коммунизм, капитализмын хооронд болж байсан «хүйтэн дайн» эдүгээ Өрнө, Дорнын хооронд үргэлжлэн өрнөж эхэлжээ. Цаг үеийн эл өөрчлөлтийг бид оюун бодлынхоо зүг чигт анхаарах хэрэгтэй болжээ гэсэн санааг толилуулсан буй эл эмхтгэл агуулж байна.

Тус товхимолыг Орос улсын эрдэмтэн Б.Ю.Кагарлицкий «Марксизмыг шинжлэхүй (сонирхогчдод зориулав)» (М.,2006) номондоо бичсэн Өмнөтгөл, орос эрдэмтэн А.А.Зиновьев «Өрнө дахин» (М.,2007) бүтээлийнхээ орос хэвлэлд бичсэн Өмнөтгөл, бас тус номондоо оруулсан «Гэнэтийн санал» гэсэн хэсэг, мөн эл эрдэмтний бичсэн «Их хувьслын эрин» хэмээх томоохон үгүүллийг шилж аван эмхтгэн хэвлүүлсэн байна. Цаашдаа бид А.А.Зиновьевийн «Өрнө дахин» гэдэг томоохон бүтээлийн талаар товчлон орчуулж хэвлэх зорилго өвөрлөж байна.

“Өнөө цаг: оюун бодлын зүг чиг” (Ред. Г.Чулуунбаатар). УБ.: Соёмбо принтинг ХХК. 2017. 6.93 х.х – 112х. ISBN 978-99978-844-4-2



Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө