ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбараас 2025 оны 01-р сарын 15-ны өдөр “Монголын философичдын өв-VII” номын нээлтийг зохион байгууллаа. Уг цуврал ботийн долоодугаарт Академич, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Гэлэгпилийн Чулуунбаатар агсаны туурвиж 1999 онд хэвлүүлсэн “XIX-XX зууны зааг үеийн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” нэгэн сэдэвт бүтээл нь торгон эхээрээ өв болон хэвлэгдэж байна. Философичдынхоо тухай ингэж өв болгон хэвлүүлэх нь хэд хэдэн ач холбогдол бүхий юм. Тэдний оюуны өвийг хадгалах, бүтээлүүдээс нь дахин хэвлэх нь хүртээмжтэй байдлыг бий болгох, санаа, ойлголтыг нь үргэлжлүүлэн судлах явдал юм. Өв болгон хэвлэснээр судалгааны орчинд шаардлагатай эх сурвалж болж, хойч үе нь ахмад үеийн эрдэмтэдийн талаар илүү гүнзгий ойлголттой болох, шүүмжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлэх боломжийг бас олгож буй юм.
Академич Г.Чулуунбаатар агсан нь 1975-1981 онд МУИС-ийг философич мэргэжлээр суралцан төгсөж, 1981-1990 онд Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, 1990-1993 онд ОХУ-ын Москва хотноо Удирдлагын Академийн аспирантурт философийн ухааны доктор (Рh.D), 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид философийн шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын зэрэг хамгаалсан. 2009 онд академич хэргэмийг хүртсэн. Монголын нийгэм-иргэншлийн тогтолцоо, нийгэм, улс төрийн философи, нийгмийн хөгжил, өөрчлөлтийн философи асуудал, ардчилсан засаглалын онолын судалгааны 300 шахам эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, онолын суурь судалгааны төслүүдийг амжилттай удирдаж, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааг хөгжүүлэхэд онол, арга зүйн удирдлагаар манлайлан ажилладаг шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч, салбараа тэргүүлэгч нэр хүндтэй эрдэмтэн байлаа.
Номын нээлтэд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, ШУА-ийн Олон Улсын Харилцааны хүрээлэн, Удирдлагын Академи, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, СУИС, ОУСДС, ШУТИС-ийн БУХС, МУБИС, “Монголын Философийн Холбоо, шавь нар, гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг Академич Г.Чулуунбаатар агсаны үр хүүхэд, гэр бүл, ууган шавь нар ивээн тэтгэж, Философийн хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.
ФИЛОСОФИЙН САЛБАР