Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ УЛС ДАХЬ ШАШНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ” сэдэвт хамтын бүтээл хэвлэгдлээ.
“МОНГОЛ УЛС ДАХЬ ШАШНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ”  сэдэвт хамтын бүтээл хэвлэгдлээ.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбараас “Монгол Улс дахь шашны төлөв байдал” сэдэвт хамтын бүтээлийг ШУТС-ийн судалгааны үндсэн чиглэлийн 2023 оны санхүүжилтээр (ШУСҮЧ-2023/231) эрхлэн гаргав.

Хамтын бүтээл нь Удиртгал бүлэг, Монголын уламжлалт бурхны шашин, Монгол Улс дахь Христийн шашин, Монгол Улс дахь Исламын шашин, Монголчуудын бөө мөргөл, тэнгэр шүтлэг, Монгол Улс дахь шинэ шашны хөдөлгөөнүүд гэсэн нийт зургаан бүлгээс бүрдсэн.

Энэхүү хамтын бүтээлийн I, III бүлгийг доктор, профессор С.Цэдэндамба, доктор Ж.Алтайбаатар нар, II бүлгийг доктор, профессор С.Цэдэндамба, IV бүлгийг доктор Ж.Алтайбаатар, V бүлгийг шинжлэх ухааны доктор, профессор М.Гантуяа, VI бүлгийг доктор Ж.Алтайбаатар, докторант Б.Мөнхцацралт нар хамтран бичсэн болно.

Тус хамтын бүтээл нь Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнд хэрэгжүүлсэн “Монгол Улс дахь шашны төлөв байдлын судалгаа” (SST-058/2015) сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд хийгдсэн “Иргэдийн шашин шүтлэгийн төлөв байдал, хандлага” сэдэвт социологийн судалгааны дүн мэдээнд тулгуурлагдан бичигдсэн болно. Энэхүү  судалгаа нь 1994, 2003 онуудад гүйцэтгэсэн шашны төлөв байдлын судалгаатай арга зүй, аргачлалын хувьд үндсэндээ ижил төстэй тул монголчуудын шашин шүтлэгт гарч буй өөрчлөлтийг 10 орчим жилийн давтамжтайгаар ажиглах боломжийг бидэнд олгож байна. Уг судалгаа нь Монгол дахь шашин шүтлэгийн төлөв байдлыг тодорхойлох хамгийн сүүлийн үеийн судалгаа болж байгаагаараа үр дүнгийн хувьд судалгаа шинжилгээний өндөр ач холбогдолтой хэмээн үзэж болно.

Ийнхүү Монгол улс дахь шашны төлөв байдлын судалгааны голлох үр дүнд үндэслэн манай улсын шашнуудын өнөөгийн нөхцөл байдал болон нийгэм ба шашин, төр ба шашин, түүнчлэн шашин хоорондын харилцааны талбарт өрнөж буй үйл явц, хувьсал өөрчлөлтийг энэхүү хамтын бүтээлд тоймлон өгүүлэхийг хичээсэн болно. Хэдийгээр бүх шашны дүр зураг, нөхцөл байдал, ирээдүйн төлөв, шашны өөрчлөлтийн учир шалтгаан, хэтийн үр дагаврыг бүрэн зураглаж чадаагүй боловч дараа дараагийн судалгааны суурь дэвсгэр болох төдийгүй энэ цаг үеийн шашны төлөв байдлыг илтгэсэн мэдээ баримтыг илэрхийлж байгаагаараа хожмын үед чухал ач холбогдолтой, үнэ цэнтэй байх болно гэдэг нь эргэлзээгүй.

 

 

Мэдээ бэлтгэсэн: ЭШДэА Б.Мөнхцацралт  

 


Бусад мэдээлэл