Философийн ухааны доктор /Ph.D/ С.Соёлмаагийн нэг сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа.
Философийн ухааны доктор /Ph.D/ С.Соёлмаагийн нэг сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа.

Та бүхэнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША, философийн ухааны доктор /Ph.D/ С.Соёлмаагийн 2019 онд хэвлүүлсэн “Домгийг бүтэц-тэмдэг зүйн үүднээс шинжлэхүй /Монгол аман зохиол, туулийн жишээн дээр/” нэг сэдэвт бүтээлийг танилцуулж байна.

Тус номонд домгийг орчин үеийн, францын философич К.Леви-Строссын үндэслэсэн, бүтэц шинжлэлийн философийн үүднээс /структурализм ба постструктурализм/ шинжилсэн бөгөөд домог хэмээх ойлголтыг үлдэж хоцорсон балар үеийн сэтгэлгээний хэлбэр бус, харин аливаа нийгэм, соёл, хүний оюун санааны тогтвортой бүтэц хэмээн үзэж, улмаар энэ бүтцийг монголчуудын дунд тархсан аман зохиол, туулийн жишээн дээр шинжлэн үзэж монгол домгийн бүтцийн онцлогийг илрүүлжээ. Монгол домгийн бүтцийн онцлог нь хос эсрэгцсэн үнэлэмжүүдийг бус, харин харилцан бие биеэ гүйцээсэн ёс зүйн, гоо зүйн, ахуйн үнэлэмжүүдийг багтааж байна гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн юм. Ингэхдээ эрт дээр үеэс Монгол угсаатнуудын дунд тархсан Гэсэр туулийн хувилбарын нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, сансар огторгуйн бүдүүвчийг зурагласан бөгөөд эдгээр нь нүүдлийн мал ахуй эрхэлдэг Монголчуудын оюун санаа, ухамсрын бүтэц нь болдог гэсэн санааг дэвшүүлж байгаа юм.

Орчин үеийн судлаач эрдэмтэд бүтэц шинжлэлийн философийг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны арга зүй бөгөөд Э.Гуссерлийн үндэслэсэн феноменологи философийн Франц хувилбар хэмээн үздэг бөгөөд соёл судлал, утга уран зохиолын судалгаа, кино урлаг шүүмжлэлд хүчтэй түрэн орж ирж буй философийн нөлөө бүхий чиглэл хэмээн үздэг юм. Зохиогч тус номондоо бүтэц шинжлэлийн философийн онцлог шинжийг домгийг авч үзсэн орчин үеийн бусад философи, ойлголтын тогтолцоотой /формализм, бэлгэ тэмдгийн онол, сэтгэц задаргааны онол, экзистенциализм гэх мэт/ харьцуулан шинжилсэн учраас тус ном нь философийн түүх, орчин үеийн философи, Монголчуудын сэтгэлгээний түүхийг сонирхон судалж буй хэн бүхэнд уншихад сонирхолтой байх бөгөөд магистр, докторын сургалт, судалгааны ерөнхий арга зүйн ач холбогдолтой юм.

Та бүхэн тус номыг “Аз хур”, “Интер” номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.  


Бусад мэдээлэл