Даян дэлхийн тэгш бус байдлыг бууруулахын тулд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг боловсруулан бүх нийтээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай орны хувьд энэхүү баримт бичиг хэрэгжиж эхэлсэн үеэс салбар бүрийн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд өөрсдийн судалгааны үр дүнг хэлэлцүүлж улс орныхоо хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хөндөж учир шалтгааныг тодруулан гарц шийдлийг тодорхойлохоор санал солилцсоор ирсэн билээ.
Уг зорилгын хүрээнд 2019 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, ЮНЕСКО, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлого” сэдэвт семинарыг зохион байгуулсан юм. Семинарын эмхэтгэлийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн санаачлагаар эрхлэн хэвлүүлжээ.
Эмхэтгэлд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын НББХ-ын дарга Д.Оюунхорол, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ЮНЕСКО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нарын хэлсэн үг, олон улсын эрдэмтдийн 21 илтгэл, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг монгол, англи хэлээр хэвлүүлсэн байна.