Баян-Өлгий аймаг дахь салбараас суурь судалгааны төслийн үр дүнгээр туурвисан хамтын бүтээл
ӨЛГИЙН СУДЛААЧИД СЭТГЭЛГЭЭНИЙ ХУВЬД МАНЦУЙНААСАА ГАРЧ, СЭТГЭЖ ТУУРВИЖ БАЙНА. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 2022-2024 онд хэрэгжүүлсэн “Монголын баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн соёл-экологийн судалгаа” суурь судалгааны төслийн үр дүнгээр туурвисан хамтын бүтээлийн минь талаар орон нутгийн залуу судлаачид цахим хэлэлцүүлэг өрнүүлэв.
Соёл-экологийн болон экософийн асуудал, хүн амын үнэлэмжийн ойлголт зэргийг хэлхээ холбоонд нь оруулан судалсан уг бүтээл нь бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өнөөгийн төлөв байдлыг нийгмийн сэтгэл зүй, угсаатны ёс зүй, шашин судлалын уулзвар дээр анх удаа цогц байдлаар авч үзсэн юм. “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд гарч буй өөрчлөлт нь хүн амын амьдралын хэв маяг, зан төлөв, сэтгэлгээ, итгэл үнэмшилд язгуурын шинжтэй өөрчлөлт авчирсан төдийгүй угсаатны бүлгүүдийн адилсах үйл явцыг түргэтгэж байна” хэмээн судлаачид дүгнэжээ. Тус аймаг дахь манай салбарын судлаачдаас хэдхэн хоногийн өмнө угсаатаны зүйгээр мэргэшсэн залуу доктор/Ph.D/ төрж гарлаа. Хөдөө, орон нутагт өсч "бойжиж" буй судлаачид ийнхүү өлгий манцуйнаасаа гарч, бие даан сэтгэж туурвиж байна. Цаашид ч эрч хүчтэй олон авьяаслаг эрдэмтэн тодорно гэдэгт итгэж байна.
Бусад мэдээлэл