ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбараас “Монгол дахь шинэ шашнууд: нийгэм философийн шинжилгээ” (2017-2019) сэдэвт суурь судалгааны төслийн (ШуСс-2017/48) хүрээнд гүйцэтгэсэн “Шинэ шашны сүсэгтнүүд” сэдэвт социологийн судалгааны товч тайланг уншигч Танд танилцуулж байна.
Уг суурь судалгааны төсөл нь ШУА-ийн Философийн хүрээлэнд 2015-2017 онд гүйцэтгэсэн “Монгол Улс дахь шашин шүтлэгийн төлөв байдлын судалгаа“-ны үргэлжлэл гэж үзэж болно.
Өнөөдөр Монгол Улсад шашны янз бүрийн урсгал чиглэл зэрэгцэн оршиж, өөр өөрийн өвөрмөц онцлог, төрхтэйгээр түгэн дэлгэрч байна. Эдгээрийн дотор сүүлийн жилүүдэд “шинэ шашин”, “шинэ шашны хөдөлгөөн”, “калт”, “культ”, “гаж урсгал” гэхчилэн нэрлэгдэж буй шашны өвөрмөц үзэгдэл судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах болсон.
Өмнө хийгдсэн судалгааны үр дүнгээс үзвэл “шинэ шашин”-д хамаарах сүсэгтнүүд нийт шашин шүтэгч хүн амын дунд тодорхой хувь хэмжээ эзэлж, өөрийн гэсэн нийгмийн орон зайтай болсон нь тогтоогдсон юм. Эдгээр сүсэгтнүүд нь бусад шашны сүсэгтнүүдээс чухам юугаараа ялгарч байна вэ?, ямар өвөрмөц шинж, онцлог бүхий амьдралын хэв маягийг бий болгож байна вэ?, монгол хүний хувьд тэдний унаган чанарт шүтдэг шашин нь хэрхэн нөлөөлж байна вэ? алс хэтдээ энэ шүтлэг нь нийт монголчууд, Монгол үндэстний хувьд ямар нөлөө, үр дагавар авчирч болох вэ? зэрэг олон асуултууд урган гарч байна.
Эдгээр асуултад манай судалгааны баг бүрэн хариулах зорилго тавиагүй ч, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсад нэвтэрч, эсвэл шинээр буй болж буй шинэ гэх тодотголтой шашнуудын оршин тогтнох үндэс болсон сүсэгтний энэхүү өвөрмөц бүлгийн сүсэг бишрэлийн онцлог, өнөөгийн байдал, хандлагыг тодорхойлох зорилт тавин ажиллалаа. Энэ судалгаа өмнө нь манай улсад төдийлөн хийгдэж байгаагүй асуудлыг хөндөж байгаагаараа шинэлэг хийгээд анхдагч шинжтэй бөгөөд дараагийн судалгаанд ашиглагдах мэдээлэл, арга зүй, практикийн суурь болно гэдэгт найдаж байна.
Энэхүү тайланг төслийн удирдагч профессор С.Цэдэндамба, доктор Ж.Алтайбаатар, докторант С.Дэмбэрэл, Б.Мөнхцацралт нар хамтран бичжээ.