“Монгол Улсын эдийн засгийн асуудал” номын III боть хэвлэгдэв
“Монгол Улсын эдийн засгийн асуудал” номын III боть хэвлэгдэв

      Философийн хүрээлэнгийн Философийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Б.Батхишигийн бичсэн “Монгол Улсын эдийн засгийн асуудал” номын III боть “Зах зээл, төрийн зохицуулалт, институц” гэсэн дэд нэртэйгээр хэвлэгдлээ. Тус ном 5 бүлэг, 24 зүйлтэй, 507 хуудастай. Эдийн засгийн зохицуулалт хэмээх I бүлэгт эдийн засгийн харилцааг зохицуулагч гурван хүчин зүйлс болох зах зээлийн механизм, төрийн зохицуулалт, институцын агуулга, үүрэг, ач холбогдлын тухай бичжээ. II бүлэгт үнэ, цалин хөлсний мөн чанар, үүрэг, зохицуулалтын асуудлыг авч шинжилсэн байна. Эдийн засгийн өсөлт хэмээх III бүлэгт өсөлтийн гол хүчин зүйлс, зайлшгүй нөхцөлүүд болон сааруулагч хүчин зүйлсийг судалж, өсөлтийг хурдасгах арга замыг тодорхойлжээ.

      Номын IV бүлэг зах зээлийн нөхцөл дэх нийгмийн салбарын хөгжлийн асуудалд зориулагдсан бөгөөд энд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тэдгээрийн санхүүжилтийг боловсронгуй болгох тухай бичжээ. Мөн хүн амын орлогын тэгш бус байдлыг багасгах арга замыг хөндсөн байна.

      Зах зээлийн нөхцөл дэх хөгжлийн бодлого, төлөвлөлт, загвар гэх V бүлэгт урт ба дунд хугацааны хөгжлийн бодлого, хэрэгжилтийн байдал, Монгол дахь зах зээлийн эдийн засгийн онцлог, төлөвшил, эдийн засгийн хөгжлийн загварын асуудлыг судалжээ.
Академич Б.Батхишиг 2023 онд “Монгол Улсын эдийн засгийн асуудал, Боть 1. Бодит эдийн засаг”, 2024 онд “Монгол Улсын эдийн засгийн асуудал, Боть 2. Мөнгө, санхүү” хэмээх номыг бичиж хэвлүүлсэн бөгөөд саяхан тус номыг хэвлүүлснээр Монгол Улсын эдийн засгийн бараг бүх салбар, асуудлыг хамарсан судалгааны 3 боть ном бүрдлээ.


Бусад мэдээлэл