ДОКТОР/Sc.D/ Б.БАТХИШИГИЙН ҮГҮЙЛСЭН “ҮЛ ҮЗЭГДЭХ ГАР”
ДОКТОР/Sc.D/ Б.БАТХИШИГИЙН ҮГҮЙЛСЭН “ҮЛ ҮЗЭГДЭХ ГАР”
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишигийн бичиж туурвисан “Адам Смитийн онол ба эдийн засгийн философи” хэмээх судалгааны бүтээл хэвлэгдэж гарлаа. Уг бүтээлийг философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич А.Бакей нар шүүн тунгаажээ.
Энэхүү бүтээлд сонгодог улс төрийн эдийн засгийн ухааныг үндэслэгч, Шотландын эдийн засагч Адам Смитийн “Улс үндэстний баялгийн мөн чанар, учир шалтгааныг шинжлэхүй” хэмээх алдарт бүтээлийг задлан шинжилж, түүний “үл үзэгдэх гар” Монголын нийгмийн харилцаанд хэрхэн бууж, хэрэгжиж буйд дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ А.Смитийн “үнэ, мөнгө, зээл, цалин, ашиг, улсын орлого, зарлага, чөлөөт өрсөлдөөн, монопол, аж үйлдвэр ба хөдөө аж ахуйн бодлого, экспорт, импортын бодлого” зэрэг судлагдахууныг орчин үеийн Монголын хөрсөнд хэр нутагшсаныг А.Смитийн өөрийнх нь үндэслэсэн улс төрийн эдийн засгийн ухааны аргаар нягталж үзсэн байна. Нөгөө талаар үг бүтээл нь зах зээлийн харилцаанд хөл тавиад гучхан жилийн босго давж яваа манай орны хөгжлийн философийг улс төрийн эдийн засгийн ухааны үүднээс анх удаа нухацтай авч үзсэн онол-практикийн үнэ цэнэтэй, чамбай бүтээл болжээ.
А.Смитийн 245 жилийн тэртээ дэвшүүлсэн үзэл санаа бол төрийн зүтгэлтэн, хууль тогтоогчид нь ард түмний ашиг орлогыг нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшүүлэх нөхцлийг бүрдүүлэх, улсыг баяжуулж, нийгмийн хэрэгцээг хангах хүсэл зоригтой байх ёстой хэмээн үзсэн явдал юм. Энэ санаа явсаар ард түмний баяжих арга замыг өөр өөрөөр тайлбарладаг улс төрийн эдийн засгийн ухааны хоёр өөр системийг төрүүлсэн билээ. А.Смит өөрийн алдарт бүтээлдээ зах зээлийн эдийн засаг нь өөрийн хууль, зүй тогтлоор хөгждөг болохыг тодорхойлж, үүнийгээ “үл үзэгдэгч гар” хэмээх цуут үгээр илэрхийлжээ. Тиймээс судлаач Б.Батхишиг өнөөгийн Монгол Улсыг хөгжүүлэхэд хүчин зүтгэх шөрмөслөг, хүчирхэг “үл үзэгдэх гар”-ыг үгүйлж, өөрийн гэсэн улс төрийн эдийн засгийн ухааныг хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн болов уу. Учир нь уудам дэлгэр газар нутагтай, цөөн хүн амтай, бэлчээрийн мал аж ахуй эдийн засгийнх нь гол салбар болсон, байгалийн их баялагтай, хоёр том хөршийн дунд оршдог Монгол Улсын төлөө үнэнч зүтгэх “үл үзэгдэх гар” зайлшгүй хэрэгтэй юм. Бид энэ өвөрмөц онцлогоо тооцсон өөрийн гэсэн эдийн засгийн хөгжлийн номлолтой болох ёстой. Үүний үндэс нь Монголын улс төрийн эдийн засгийн ухаан юм гэж номыг зохиогч, доктор Б.Батхишиг үзсэн байна. Монголын өвөрмөц онцлог, түүхэн хөгжлийн шаардлагаар “Адам Смитийн онол ба эдийн засгийн философи” хэмээх ном ийнхүү төрж гарчээ. Эрдмийн анд, номын садан доктор Б.Батхишигтээ онгод хайрласан шинэ бүтээл туурвисанд чин сэтгэлийн баяр хүргэж, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье.
Доктор Д.БАТМӨНХ
Бусад мэдээлэл