“Монгол Улс дахь шинэ шашнууд: нийгмийн төрх, асуудал, шийдэл” хамтын бүтээл хэвлэгдлээ
“Монгол Улс дахь шинэ шашнууд: нийгмийн төрх, асуудал, шийдэл” хамтын бүтээл хэвлэгдлээ

ШУА-ийн Философийн хүрээлэнд хэрэгжүүлсэн “Монгол дахь шинэ шашнууд: нийгэм, философийн шинжилгээ” суурь судалгааны төслийн (ШуСс-2017/49) /2017-2019 он/ хүрээнд “Монгол Улс дахь шинэ шашнууд: нийгмийн төрх, асуудал, шийдэл” хамтын бүтээлийг (20 х.х) хэвлүүлээд байна. Суурь судалгааны төслийг, доктор (Ph.D), профессор С.Цэдэндамбын удирдлагаар доктор (Ph.D), дэд профессор С.Янжинсүрэн, доктор (Ph.D) Ж.Алтайбаатар, Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцацралт, гэрээт ажилтан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэл, БНХАУ-ын ӨМИС-ийн докторант О.Бумдарь нарын бүрэлдэхүүнтэй энэхүү хамтын бүтээлийг бичиж боловсруулсан. Хамтын бүтээл нь 4 бүлэгтэй, 12 дэд сэдвээс бүтсэн.

 Шинэ шашны тухай гадаадын судлаачдын үзэл баримтлал, арга зүйн асуудлуудыг Монголын нийгэм, соёлын онцлогтой уялдуулан судалж, Монгол Улс дахь шинэ шашны хөдөлгөөний судалгааны арга зүйн үндэслэлийг боловсруулах арга замыг эрэлхийлсэн анхны бүтээл юм. Уг бүтээл нь:

- Монгол Улс дахь шинэ шашнууд, тэдгээрийн үүсэн бий болох, төлөвших үйл явц, онцлог шинжийг орчин үеийн шашин судлалын нийгмийн антропологи, социологи, сэтгэл зүйн болон шинэ шашны судалгааны арга зүй, аргачлалаар судалж өнөөгийн төлөв байдал, хандлагад үнэлгээ, дүгнэлт өгөхийг зорьсон;

- Монгол дахь шашны төлөв байдалд хийсэн өмнөх судалгаануудын шинэ шашнуудад холбогдох зарим үр дүнг 2015-2017 онд Философийн хүрээлэнд гүйцэтгэсэн “Монгол Улс дахь шашны төлөв байдлын судалгаа” суурь судалгааны төслийн үр дүнтэй харьцуулж, өнөөгийн Монголын нийгмийн оюун санааны амьдралд шинэ шашны зүгээс үзүүлж буй нөлөөлөл, тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг тодорхойлон, энэ чиглэлээр гадаадын зарим улс орнуудын авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын туршлагыг авч үзсэнээрээ шинэлэг болно.



Бусад мэдээлэл