А.ЦАНЖИДЫН “БОДЛОГО СУДЛАЛ: ХӨТЛӨН” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбараас санаачлан Профессор А.Цанжидын "Бодлого судлал: хөтлөн" (Уб., 2023) шинэ бүтээлийг хэвлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгов.
Бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиуд, холбогдох байгууллагууд болон бодлого судлалын чиглэлээр судалгаа хийдэг бүхэнд зориулан 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээлтийг зохион байгуулав.
Номын нэгдүгээр бүлэгт бодлого судлалын үүсэл хөгжил, хоёрдугаар бүлэгт бодлого судлалын үндсэн ойлголтууд, гуравдугаар бүлэгт бодлогын үйл явц, түүний үе шатууд, дөрөвдүгээр бүлэгт бодлогын үнэлгээ, тавдугаар бүлэгт бодлого боловсруулах болон үнэлгээнд хэрэглэдэг зарим арга, зургаадугаар бүлэгт бодлогын тухай онолууд, долоодугаар бүлэгт бодлогын шинжилгээний тухай, наймдугаар бүлэгт бодлого ба эрсдэл, есдүгээр бүлэгт бодлогын судалгаанд суурилах нь зэрэг асуудлыг хөндсөн болно. Бодлого судлалд хэрэглэдэг аргууд, бодлогын тухай онолуудыг тус бүрд нэгэн бүлэг болгон бичсэн бөгөөд маш товч дурдсан юм. Номын сүүлчийн 2 бүлэг бодлого судлалын сурах бичигт байдаггүй боловч манай орны нөхцөл байдлыг харгалзсан бодлого судлалын хүрээнд зайлшгүй хөндөх ёстой сэдвүүд гэж үзэж эрсдэл болон бодлогын судалгаанд суурилах тухай авч үзсэн болно.
Энэ ном нь бодлого судлалыг сонирхон, энэ чиглэлээр мэргэших зорилготой байгаа залууст зориулсан бөгөөд төрөл зүйлийн хувьд сурах бичиг болон “guide” хоёрын дундын маягтай байхаар бичигдсэн юм. Бодлого судлалаар мэргэших зорилго өвөртөлсөн залуу судлаач эрдэмтэд маань энэ бүтээлийг дөрөөлөөд онол, арга зүйг гүнзгийрүүлэн судалж улс орондоо энэ ухааныг хөгжүүлэхийн зэрэгцээ бодлого судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй магистрант, докторантууд болон энэ асуудлыг сонирхогч өргөн олон нийтэд сургалт, судалгааны ажлын суурь хэрэглэгдэхүүн, чухал гарын авлага болно.
Редактор: О.Хатанболд (Ph.D)
Санал шүүмж: М.Золзаяа (Ph.D), О.Хатанболд (Ph.D)
Нээлтийн арга хэмжээг зохион байгуулагч: Улс төр, эрх зүйн салбарын ЭША-ууд
Мэдээ бэлтгэсэн: М.Долгорсүрэн