АРИСТОТЕЛИЙН “СЭТГЭЛ САНААНЫ ТУХАЙ” ХЭМЭЭХ БҮТЭЭЛИЙГ ОРЧУУЛЖ ХЭВЛЭЛЭЭ
Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Sc.D), профессор Б.Даш-Ёндон Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан эртний Грекийн философич Аристотелийн “Сэтгэл санааны тухай” хэмээх бүтээлийг орчуулан хэвлүүллээ.
Тус бүтээл нь 3 дэвтэр, 30 бүлэгтэй бөгөөд “Аристотель. Сочинения в четырех томах. Том 1. М.,1976” номоос орчуулсан байна. Орчуулгын бүтээлийг академич, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Г.Чулуунбаатар редакторлаж, эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Д.Чулуунгэрэл эхийг бэлтгэж, эрхлэн хэвлүүлжээ.
Аугаа их сэтгэгч Аристотель энэ шастираараа сэтгэл судлал хэмээн орчин үед нэрлэж буй шинжлэх ухааныг үндэслэсний зэрэгцээ сэтгэл санааны тухай асуудлыг зөвхөн сэтгэдэг хүмүүний төдийгүй амьтан, ургамал гээд амьтай бүхний хөдөлгөөн, үйлдэл, дуу авиа, өнгө дүрсний хувирал зэрэгтэй холбон харьцахуй хийгээд шүтэлцээг нь шинжилсэн учраас зөвхөн философи, нийгэм, хүмүүнлэгийн ухааны төдийгүй байгалийн шинжлэлийн хувьд маш үнэ цэнэтэй бүтээл юм.
Мэдээг бэлтгэсэн: Д.Чулуунгэрэл