Философийн хүрээлэнгийн Философийн салбарын Улс төрийн эдийн засгийн ухааны тасгийн дарга, доктор (Sc.D), дэд профессор Б.Батхишиг Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцын үндсэн алхмууд, сорилт, үр дүн, онцлогийг нээн харуулж, өнгөрсөн 30 жил дэх зах зээлийн харилцааны хөгжил, үйлдвэрлэх хүчний өөрчлөлт, тэдгээрийн гол зөрчлүүдийг харьцуулан судалж, шийдвэрлэх арга замыг тодотгон, эдийн засгийн цаашдын хөгжлийн онолын үндэслэлийг боловсруулж “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд” (УБ.,2020 -х.317) хэмээх нэгэн сэдэвт бүтээлийг хэвлүүллээ.
Зохиогч тус судалгаанд хөгжлийн тухай философийн онолыг үндэс болгож, сонгодог ба шинэ улс төрийн эдийн засгийн ухаан болон экономикийн судалгааны онол, арга зүйг хослуулан хэрэглэсэн нь энэ талаарх анхны оролдлого бөгөөд эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг тооцоход эконометриксийн ARMA загварыг ашиглажээ.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишиг нь эдийн засгийн онол, практикийн асуудлаар 9 хамтын бүтээлд оролцож, 2 диссертац, 5 ном, толь бичиг, бусад сэдвээр 5 ном бичиж хэвлүүлжээ. Тэрээр ардчилал, шинэчлэлийн онол, арга замыг анх боловсруулсан 15 эрдэмтний нэг бөгөөд зах зээлийн эдийн засагт шилжих анхны үзэл баримтлалыг бичихэд голлон оролцсон байна.
Энэ нэгэн сэдэвт бүтээлийг эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич А.Бакей редакторлажээ.