ШУА-ийн
Философийн хүрээлэн энэ жилээс Монголын философийн түүхийн 5-р боть бүтээлийг
туурвиж, эхлүүлэхээр анхны хэлэлцүүлгээ 2024.03.27-ны өдөр амжилттай зохион
байгууллаа. Хэлэлцүүлэгийг нээж ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал,
профессор Б.Пүрэвсүрэн үг хэллээ.
Тус
хүрээлэнгийн нэрт эрдэмтэн академич Ч.Жүгдэр агсан
монголын нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээний түүх хэмээх судалгааны
биеэ даасан чиглэлийн эхлэлийг тавьж байсан бол 1997-2001 онд Монголын философийн
түүхийн судалгааг чиглэл
чиглэлээр гүнзгийрүүлж, философи сэтгэлгээний хөгжлийн үндсэн үе шатууд дахь
үзэл санааны урсгалууд, гол төлөөлөл болсон сэтгэгчдийн үзэл баримтлал,
бүтээлүүдийг тусгайлан нарийвчилж судлах зорилгын хүрээнд эртнээс XII зууны
үеийг хамарсан эртний монголчуудын ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны сэтгэлгээний
үүсэл, төлөвшлийг тодорхойлон гаргах, XX зуун хүртэлх Монголын шашин соёл, нийгэм
улс төрийн сэтгэлгээний өөрчлөлт, шинж төлөвийн хүрээнд Монголын философийн
түүхийн 4 боть бүтээлийг нийтийн хүртээл болгож гаргаад нэлээдгүй олон жил
болсон.
Энэ оноос тус хүрээлэн философи
сэтгэлгээний орчин үеийн онол, арга зүйн
тэргүүлэх чиг хандлагатай уялдуулан монголчуудын оюуны соёлын философи судалгаа
хийх зорилтынхоо хүрээнд Монголын философийн түүхийн өмнө хэвлэгдсэн 4 боть
бүтээлийг шинэчлэн сайжруулах, 5-р боть бүтээлийг туурвих, 6-р боть бүтээлийг
“Монголын философийн түүхийн нэр томъёоны тайлбар” толь нэрээр гаргах томоохон
төслийг хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнгийн санаачилгаар эхлүүлэхээр зориод
байна.
Энэ ажлын хүрээнд 5-р боть
бүтээлийг туурвих хэлэлцүүлгийг зохион байгуулж, шинжлэх ухааны гавъяат
зүтгэлтэн, доктор (Sc.D) Б.Даш-Ёндон “Монголын
философийн шинэ түүхийг судлах, бичих аргачлалын асуудалд” илтгэл хэлэлцүүлж,
доктор (Sc.D) Ц.Гомбосүрэн, доктор (Sc.D) Д.Дашпүрэв, доктор (Sc.D) М.Гантуяа, доктор
(Sc.D) Ш.Ариунаа, доктор (Sc.D) А.Цанжид, академич Б.Батхишиг, доктор (Ph.D)
Р.Дарьхүү, доктор (Ph.D) А.Төмөр-Очир,
доктор (Ph.D) Ш.Ганхуяг, доктор (Ph.D) М.Анара, доктор (Ph.D) С.Одхүү, доктор
(Ph.D) Я.Долгоржав нарын эрдэмтэн судлаачид санал, шүүмжээ хэлж эл ажлыг
хэрэгжүүлэх нь цаг хугацааны хувьд тулгамдсан чухал болохыг онцолж, мэргэжлийн
хүрээлэн дээр судалгаагаа төвлөрүүлж, эхлүүлэхийг санал нэгтэй дэмжлээ.
ФИЛОСОФИЙН САЛБАР