ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-оос жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг Энх тайвны олон улсын өдөр (“Peace Day”) болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жил ЮНЕСКО-оос олон улсын өдрийг “Амар тайван дэлхийг үйлдлээрээ бүтээе” (Act Now for a Peaceful World) уриан дор тэмдэглэж байна. Энэхүү уриа нь дэлхийн өнцөг булан бүрт үймээн самуун, тодорхойгүй байдал нүүрлэж буй үед хүн бүр бодол санаагаа зөвхөн үгээр бус, бодит үйлдлээр илэрхийлж, энх тайвны төлөө идэвхтэй оролцохыг уриалж буй юм.
Энэ удаагийн Олон улсын энх тайвны өдрөөр ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Энх тайвнаар зэрэгцэн оршихуй: Орчин үе ба Монгол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагдаж, хурал 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын байрны 3 давхрын хурлын танхимд боллоо.
Тус хурлын гол зорилго нь, энх тайвны тухай философийн суурь ойлголтыг өнөө үеийн Монголын нөхцөл байдалтай уялдуулан авч үзэх, түүнийг нийгмийн хөгжлийн үнэт зүйлсийн нэгэн тулгуур болгож авч үзэхэд оршино. Энх тайвнаар зэрэгцэн оршихуйн түүхэн туршлага ба соёлын өв, Орчин үеийн сорилт ба боломжууд, Хамтын ажиллагаа ба олон улсын харилцаа, Энхийг сахиулахуй, батлан хамгаалах бодлого дахь энх тайвны үзэл санаа, Боловсрол, ирээдүйн чиг хандлага зэрэг дэд сэдвүүдийг хамарсан байна.
Хуралд Академич Б.Батхишиг “Олон улсын худалдааны дайн ба энх тайвны асуудал”, доктор (Sc.D) Б.Даш-Ёндон “Үндэстний намтар цадиг”, доктор (Sc.D) М.Гантуяа “Рерихийн тунхаглал ба түүний дэлхий дахин болон Монгол улс дахь өнөөгийн түүхэн нөхцөлд үзүүлэх ач холбогдол хэмээх асуудалд”, доктор (Ph.D) Ш.Ганхуяг, ЭША, М.Амантай “Аристотелийн эв найрамдлын ойлголт”, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Н.Тогтох “Арга билгийн ухааны нэгдэл ба танин мэдэхүй”, докторант О.Мөнгөнсор "Эв зүйгээр зэрэгцэн оршихтой холбогдож болох шашны эксклюзивизм, инклюзивизм, плюрализм, релятивизм үзэл санаануудын тухай", А.Энхбаяр “Монголчуудын ерөөл ба Энхтайван”, доктор (Ph.D) Б.Галаарид “Монголчуудын тэнгэр шүтлэг дэх амар амгалангийн үзэл санаа”, доктор (Ph.D) Б.Галиндэв “Энх тайвныг дээдэлсэн уран зохиолын дүрүүдийн тухай философи эргэцүүлэл”, олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж, 22 илтгэл бүхийн хурлын эмхэтгэл хэвлэгдэн нийтийн хүртээл боллоо.






































Бусад мэдээлэл