Базарбямбын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад ШУА-ын Философийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, шашин судлаач доктор Д.Дэмбэрэлийг урилаа. Тэрбээр, БНСУ-д шашин судлалын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд Богд Зонхавын “Бодь мөрийн зэрэг” сургаалийг дагнаж судлажээ.
Блиц:
Боловсрол:
2010 он: БНСУ-ын Донкүг их сургуульд Буддын шашин судлалын тэнхимд магистр
2023 он: БНСУ-ын Донкүг их сургуулийн буддын шашин судлалын тэнхимд докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
1991-2010 онд: Зүүн хүрээ Дашчойлин хийдэд хурлын лам.
2023 оноос: ШУА-н Философийн хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан.
-Монголын бурхны шашин бол олон янзын зөрчилдсөн урсгалгүй, нэгдсэн нэг урсгалтай, нэг цогц болж хөгжсөнөөрөө онцлогтой.
Богд Зонхавын олон сургааль ном байдгийн дотор “Бодь мөрийн зэрэг” онцгой байр суурь эзэлдэг. Энэхүү сургааль нь Бурхан багшийн бүхий л сургааль номыг бүгдийг ойлгох гол гарц нь гэж үздэг.
“Бодь мөрийн зэрэг” бол гурван төрөлхтөн буюу бага, дунд, их төрөлхтөний талаар агуулдаг. Энэ нь хүнийг дээд, доод төрөлтөн гэж ялгаж байгаа хэрэг биш. Харин бурхны шашны энгийн сургаалаас гэгээрэл буюу дээд түвшинд хүрэх бүх зам мөрийг тайлбарлаж бичсэн арга замыг заасан сургаал юм. Өөрөөр хэлбэл, хүний бодол санаа багаас яаж хөгжиж өндөр түвшинд хүрч гэгээрэх боломжтой гэдгийг номлодог учиртай.
Миний хувьд 1990 онд сахил хүртээд, 1991 оноос Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилах болсон. Тиймээс би энэ их номыг судалъя гэж зорьсон. Үүнийгээ гүнзгийрүүлэн Өмнөд Солонгост магистр, докторын судалгааны ажил хийж, Солонгос хэл дээр, Солонгос оронд буддын шашин тэр дундаа Богд Зонхавын сургааль ямар байгааг судалж эхэлсэн. Докторын ажлаа амжилттай хамгаалж ирээд одоо ШУА-ийн, Философийн хүрээлэн, Шашин судлалын тэнхимд эрдэм шинжилгээний ажил хийж байна.
-Солонгосууд өөрсдийгөө олон шашин зэрэгцэж оршдог, “шашны их дэлгүүр” гэж хэлдэг. Би шашин судлаач. Тэгэхээр шашин бүрийг судлаад үзэхээр арга зүй талаасаа, хүн байх чанар талаасаа ч бай хүн шиг хүн байх нь шашин болгоны эрхэмлэдэг зүйл юм. Тэгэхээр аливаа шашин судлалын гол үндсэн санаа нь эв нэгдлийг тогтоох, хүн шиг хүн байхыг номлодог.
Надаас нэг удаа “Будда Есүс хоёрын хэн нь дийлэх вэ” гэж асууж байсан юм. “Та бид л зөрчилдөх мэтээр бодож байгаагаас тэр хоёр хоёул хүний тусын тулд байсан улсууд. Яг уулзвал хөтлөлцөөд цаашаа инээлдээд явах байсан” гэж би хариулсан. Өөрөөр хэлбэл, өөр өөр шашин гээд заавал тэмцэлдэх зүйл байхгүй. Өөрсдийнхөө оршин байгаа хүн арддаа, зон олондоо ямар сургааль хэлж, ямар арга хэрэглэсэн гэдэгтээ ялгаа байгаагаас биш тэр сургаалыг гүнзгий судлаад үзэхэд хоорондоо зөрчилддөггүй.
Биднийг өвөг дээдэс маань бурхан Будда шиг, Есүс шиг, Мухаммед шиг болоорой гэж хэзээ ч сургадаггүй. Харин зөв хүн байгаарай, хүн шиг хүн байгаарай л гэдэг.
Хүн шиг хүн байх гэдгийг өвөг дээдэс маань том энерциэр нь хараад “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гээд хэлчихсэн. Өөрөө зөв явах юм бол заяа чинь түшнэ гэж ярьдаг. Энэтхэгийн Махатма Гандигийн хэлсэн нэг үгийг Далай багш их иш татдаг. Тэр үгээр тайлбарлавал ойлгомжтой юм болов уу.
Зөв зүйл бодвол зөв үг бий болно, зөв үг нь зөв үйлдэл болно. Зөв үйлдэл зөв дадал болно. Зөв дадал зуршил үнэ цэнийг бий болгоно. Тэр үнэ цэн нь хувь тавиланг өөрчилнө гэж хэлдэг. Үүнийг буддын шашин талаас нь яльгүй жаахан тайлбар хийх гэж оролдъё.
Зөв хандлага, эерэгээр хар гэж сүүлийн үед их ярьж байна. Бурхны шашин шинжлэх ухаанч шашин. Үүнийг бурхны шашны арван хар нүгэлтэй холбоод аль хэдий нь тайлбарлачихсан байдаг. Зөв бодол гэдэг бол бусдад тустай, бусдын сайн сайхны төлөөх хорлолгүй бодлыг хэлнэ. Бодол үг болно, үг үйлдэл болох учраас үг хүртэл бусдад тустай бусдад хорлолгүй байх учиртай юм. Хүн 24 цагт 40-60 мянган бодол боддог гэж үздэг. Зарим үед 80 мянган бодол бодох боломжтой. Тэрхүү бодол бүр нь сэтгэл гээчийг бүрдүүлж байгаа нэгж хэлбэрүүд юм. Тэгэхээр бодол маань зөв бол зөв сэтгэлтэй байна гэсэн үг. Тэгвэл бусдад тустай, бусдад хорлолгүй хамаг амьтанд тустай байх нь бурхны шашны гол ном. Хамаг амьтан гэдэг дотор та ч, би ч байгаа. Мөн бидний ойр тойрныхон үр хүүхэд, хань ижил багтаж буй.
Ингээд зөв бодолтой, зөв сэтгэлтэй байх нь сэтгэлээр хийдэг гурван нүгэлийг хорьж байдаг. Хүнд сэтгэлээр хийдэг гурван нүгэл байдаг нь хорлох сэтгэл, хомхой сэтгэл, буруу үзэл. Бусдад тустай, хорлолгүй үг яриа ярьснаар хэлээр хийдэг дөрвөн нүгэл болох худал хэлэх, хов зөөх, чалчаа үг, ширүүн үгийг хорих гээд байгаа юм. Бид чалчаа үг, хов үг яриад хэн нэгнийг муулаад ярих нь ардаа байнга сөрөг дагавартай гэдгийг бодохгүй байна.
Таны ярьсан нэг ховын үг гэр бүл үймүүлдэг ч юм уу, хоёр хүнийг хэрэлдүүлж, муудалцуулж зөрчил үүсгэдэг.
Тэгвэл зөв бодоод зөв яриад эхлэхээр зөв үйлдэл хийдэг. Зөв үйлдэл гэдэг амьтны амь таслах, хулгай хийх, буруу явдлаар явах зэрэг биеэр хийдэг үйлийг хорьж өгнө. Орчин цагт бид телевиз асаахад л буруу бодол, буруу үг яриа, буруу үйлдлээс гарсан мэдээнүүд маш их гарч байна. Тэгэхээр амьтны амь таслах хулгай хийх буруу явдлаар явах гээд асар их буруу үйлдэл дэлгэрчихсэн байгаа учраас эргээд бидэнд асар их муу нөлөө өгч байна. Архи уух, тамхи татах, мансуурах, эхнэр нөхөр хоорондоо үнэнч бус байх зэрэг нь бүгд буруу бодлоос эхтэй.
Хүн таван мэдрэхүйгээр аз жаргал гэж бодоод эндүүрснээс болоод ийм буруу зам руу явчихаж байгаа юм. Тэндээс үүссэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл замаа алдаж байгаагийн гол шалтгаан болж байгаа юм.
Тэгвэл зөв бодож, зөв үг хэлж зөвийг үйлдээд явахаар сэтгэл дотор зөв дадал зуршил сууна. Сэтгэл гэдэг том орон зай дотор зөв дадал зуршил явсаар байгаад хувь тавиланг өөрчилнө. Тэгэхээр тавилангаараа болж байгаа юм, хувь тавилан нь тэр байж гэж хэн нэгний зурсан зургаар явж байгаа юм шиг ойлгож, яриад байдаг. Яг үнэндээ тийм биш. Есүс, Будда бидний тавиланг зураагүй. Хувь тавилангийн зурсан зураг үнэхээр байдаг бол зураач нь би, та бид өөрсдөө юм.
-Бурхны номд урьд төрөл дараа төрөл гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Урд төрөлдөө сайн ёс суртахуунтай хүн байсан учраас хүний төрлийг олоод төржээ. Эрээд олдошгүй эрдэнэ болсон хүн биеийг олоод төрснийхөө хэргийг гаргаж, бусадтай эв түнжинтэй байж, хоорондоо эвлэлдэн зохицож амьдрах учиртай юм байна. Хүн урд хойд төрөлтэй холбоотой гэдгийг энгийнээр хэлбэл, өнөөдөр баруун дөрвөн замын уулзвар түгжрэхэд 20 минутын дараа Зүүн дөрвөн замд түгжирч эхэлдэг.
Хүний амьдрал яг үүн шиг хоорондоо уялдаа холбоотой. Тэгвэл дараа төрөлдөө ямар байх вэ гэдгээ бодохын тулд одооноос бид хэр хичээх вэ гэдэг зүйл гарч ирнэ.
Бурхны шашны “Бодь мөрийн зэрэг”, бурхан багшийн сургаал, Ганжуур Данжуур Энэтхэг Төвдийн дээдсийн хийсэн бүтээл ном бол эцсийн эцэст хамаг амьтныг жаргаахын төлөө юм. Тэр жаргалын гол үндэс нь бидний өөрсдийн дотор сэтгэлд байна. Бид бусдад хоргүй бодож зөв үг хэлээд явах юм бол үйлдэл маань зөв байна, дагаад дадал зуршил, хувь тавилан минь зөв байх учиртай. Хувь тавилан ч адил, хүн засмал замаар явах уу бартаат замаар явах уу гэдгээ өөрөө л шийднэ.
Бурхны шашинд аливааг сонсох, санах, бясалгах буюу дадуулах хэрэгтэй гэж үздэг. Гэвч өнөө цагт бид аливаа сайныг сонсох нь ховор, ном уншихгүй байна. Ингээд ирэхээр санах эргэцүүлж бясалгах нь багасаад байгаа юм. Аливааг өөрөө судалж, ойлгохын оронд хэн нэгний бичсэн зүйлийг шууд хуулбарлаад, амьдралдаа хүчээр наах гэж оролдох болжээ.
Хүн аливааг өөрөө эргэцүүлэх хэрэгтэй. Дархан хүн алтыг худалдаж авахдаа үнэхээрийн шижир алт байна уу гэдгийг олон удаа давтаж шинжиж үздэгтэй ижил бид давтаж шинжиж судлах хэрэгтэй юм. Нөгөө талаар “Арван хар нүгэл бол шашны л асуудал” гэж зарим хүн ярьдаг. Тэгвэл шашин гэдэг үг нь сургаал гэсэн үг.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Хүн шиг л хүн болоорой” гэж өвөө, эмээ аав ээж нар сургадаг байсан. Хэдий шашны талаас гэж үзэхгүй ч аав ээж өвөг дээдсийнхээ зааж сургасны дагасан хүмүүс харин ч зөв яваад байдаг. Өөрөөр хэлбэл, шашин гэдэг хэт явцуурах биш зөв явахын төлөөх сургаал л юм. Харамсалтай нь сүүлийн 70 жилд “Шашин бол хар тамхи” гэж ярьж 70 жил шашингүй үзэл номлосны хамгийн сөрөг үр дүн нь одоо л гарч байна уу даа. Ямар нэг шашны үзэл байхгүй, би нэг амьдрахдаа яаж ч явсан яадаг юм гэдэг шашингүй үзэл олширчихож. Үүнийг "тасархай" үзэл гэж нэрлэдэг л дээ. Урд хойд төрөлд хамаарахгүй юм шиг ярьдаг ийм үзэл байдаг. Гэхдээ өнөөдөр зөв мэт санагдах энэ үзэл хожим хойно ямар муу үр дагавартайг хүмүүс тэр бүр ойлгодоггүй.
“Тасархай” үзэлтэй ямар ч хүнд өмнө хойно гэж заавал байдаг. Хамгийн энгийн жишээ нь тэр хүмүүсээс “Та аав, ээжтэй юу?” гэж асуухад байгаа гэж хариулна. Тэрхүү аав ээж нь бас аавтай, ээжтэй. Ингэж уруугаа харсан пирамид шиг асар их мэдээлэл, олон хүний нөр их хөдөлмөр бий. Аав ээж анхны багш байдаг. Хүнйи аав ээж үр хүүхдээ өдрийн 1000 үхлээс аварч байдаг гэж бурхны шашинд үздэг. Манайх өвөг дээдсийнхээ үгийг сонсдог ард түмэн байсан бол 70 жил түүн дээр нэмээд сүүлийн 30 жил шашингүйн үзлийг сурталдлаа. Яахав энэ бол “шавхайтай газар явсан бол шавхайтайгаа хэсэг явдаг шиг энж үзлээрээ хэсэг явахаас өөр замгүй үе таарч байгаа нь энэ юм.
Бурхны шашны түүхийг ярьвал МЭӨ V зуунаас нэгдүгээр зуун хүртэлхийг Бага хөлгөний үе гэж үздэг. Тэр үед сургаал, судар ном их дэлгэрсэн. МЭӨI-МЭV зуун хүртэл Их хөлгөний үе шашин үүссэн гэж үздэг. Тэр үед Хятадад дэлгэрсэн, Хятадаас Солонгост Күрёо улс авсан байдаг. Солонгосын бурхны шашин 1700-аад жилийн түүхтэй. Манай монголчуудын дунд Алтангэрэл судар их алдартай айл болгонд байдаг байлаа. Тэгвэл Алтангэрэл судар маань хамгийн анх Монголд орж ирсэн Их хөлгөний ном учраас тэгж их дээдэлдэг байж. Төрт ёсыг зөв явуулах гол арга ухааныг Алтангэрэл сударт өгүүлсэн байдаг. Солонгосын бурхны шашинд ч бас Доржзодов, Шийрэвнямбуу, Алтангэрэл зэрэг Их хөлгөний судрууд их орж ирсэн. Ялангуяа солонгосуудын түүхийн 1700 гаруй жилд байсан улс орнууд дандаа буддын шашинтай байсан юм билээ. Хамгийн сүүлийн Кюрү улс нь XIV зууны эхэн үе хүртэл байж байгаад 1394 онд Юань гүрний дараа байхгүй болсон. Тэр үеэс Күнзийн сургаал орсон байдаг. Түүнээс өмнө төрийн шашин нь бурхны шашин байсан юм билээ. Монголын бурхны шашны гол онцлог судар тарни хосолсон Очирт хөлгөний сударт суурилдаг. Энэ судар, тарни хосолсон урсгал Солонгост байдаггүй.
Буддын шашин шүтсэн газрууд ядуу байна, буддын шашнаас бусад шашинтнууд баян байна гэсэн яриа сүүлийн үед яригдах болж. Тэгвэл баян ядуу гэх энэ үзэл нь бурхны шашны сургаалиас шалтгаалахгүй юм. Тэр нь хүн ардын үзэл бодол, явж байгаа зам мөр бүрээс болж байгаа хэрэг. Харин ч буддын шашин зөв явах талаас нь номлож, сургадаг. Монгол төрийн долоон эрдэнэ гэж бий. Хорол эрдэнэ буюу тэрэгний дугуй шиг хорол нь найман зөвийг бэлгэдсэн хүрд байдаг. Төрт ёс маань зөв явъя гэвэл зөв сургааль байх хэрэгтэй. Норов эрдэнэ бол аливаа эдийн засаг, санхүүгийн асуудлыг хэлж байгаа юм. Гуравдахь буюу Хатан эрдэнээр нийгмийн халамжийн салбарыг төлөөлүүлж хэлдэг. Эмэгтэй хүн аливаад нягт няхуур, нэг бүрчлэн анхаарч ханддаг учраас ингэж төлөөлүүдэг. Ноён эрдэнэ бол төрийн түшээд юм. Биднийг удирдаж байгаа түшээд зөв явдалтай хүмүүс байх тусам төр маань зөв байдаг. Заан эрдэнэ гэж бий. Заан бол үхсэн ч 1000 лан, амьддаа ч 1000 лан байдаг. Тэгэхээр энэ бол төгрөгийн хүч сулрахгүй байх, инфляцыг бэлгэдэж байгаа юм. Зургаа дахь эрдэнэ бол морин эрдэнэ. Долоо дахь нь баатар эрдэнэ буюу Батлан хамгаалах салбар.
Монгол залуучууд төвд хэлээр ном уншиж байгааг харь хэлээр уншаад үр нөлөө байдаг ч юм уу гэж шүүмжилдэг. Сүүлийн үед монгол хэлээр уншлага хийдэг сүм хийд ч нэг үеийг бодвол нэмэгдсэн. Гандантэгчинлэн хийд болон Дашчойлин хийд эхний хоёр номоо монголоор уншдаг болчихсон. Мэдээж монгол хэлээр уншиж болно. Дээр үед ч уншиж л байсан. Гэхдээ монгол хэлээр уншсан ч багш байхгүй бол ойлгодоггүй. Жишээобэл, “Арван зүгийн гурван цагийн хамаг тэгүүн жилийн эерэг дагшин зарлиг уулс бүгдийн мөн чанар” гээд унзад хоологоор уншлаа гэхэд номыг нь заалгаагүй хүн ойлгохгүй.
Тийм учраас багш хэрэгтэй. Монгол хийдийнхээ уншлага дээр очоод ном уншуулахаараа “Ойлгохгүй байна. Шүлэг шиг л юм байна лээ” гэж хэлдэг. Тэгвэл тэр шүлгэн дотор юу байна вэ гэдгийг ухаж ойлгож чадаж байна уу. Шүлэг гэж харвал шүлэг, ном гэж харвал ном л байхгүй юу. Бодол болоод эргэцүүлэл харж байгаа өнцөг их чухал. Харж байгаа өнцөгөө өөрчлөх хэрэгтэй байгаагийн нэг илэрхийлэл нь энэ юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 246 (7231)