“ЕВРОАЗИЙН БҮС НУТАГ ДАХЬ МОНГОЛ, ОРОСЫН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарт хэрэгжсэн “Евроазийн түншлэлийн нөхцөл байдал дахь Монгол, Оросын соёл иргэншил хоорондын харилцан үйлчлэл” гадаадтай хамтарсан төслийн хүрээнд “Евроазийн бүс нутаг дахь Монгол, Оросын соёл иргэншлийн харилцан үйлчлэл” (Уб., 2023) хамтын бүтээлийг олон нийтийн хүртээл болгон гаргав.
Хамтын бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, холбогдох байгууллагууд болон улс төр судлал, олон улсын чиглэлээр сонирхон судалгаа хийгдэг бүхэнд зориулан 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нээлтийг зохион байгуулав.
Тус бүтээлд Евроазийн геополитикийн орон зай, соёл иргэншлийн бүтэц өөрчлөгдөх үйл явцын харилцан хамаарлын тухай асуудлыг ОХУ, Монгол Улсын түүхэн хөгжлийн жишээн дээр судлан боловсруулсан болно. Хамтын бүтээлийн нэгдүгээр бүлэгт Монгол Улс, Монголын ертөнцийг соёл иргэншлийн ертөнц, ерөнхийд нь Евроазийн орон зайд байршуулах онол-арга зүйн болон улс төр-практикийн асуудал, Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн үүсэл, төв Евроазийн орон зайд Орос, Монголын соёл иргэншил хоорондын харилцааны онцлогыг авч үзсэн. Бүтээлийн хоёрдугаар бүлэгт Их Монгол хэмээх улс Төв Азид мандсан, XVII зууны Монголчуудын нүүдлийн асуудал, Евроазийн энэ үеийн бүс нутаг дахь нүүдэлчдийн шашин шүтлэг, түүний нөхцөл байдал, өөр хоорондын харилцаа ямар байсан тухай асуудал, Алтан ордны улс нь Монголын төрөөс явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогын улс орныхоо онцлогт тохируулан хэрэгжүүлж, өрнө зүгийн орнуудад монголын ноёрхлыг тогтоон барьж байсан гол төв нь болж байсныг онцоллоо.
Хамтын бүтээлийн гуравдугаар бүлэгт XX зууны турш үргэлжилсэн социализмын гэгдэх үеийн монголын соёл иргэншлийн хөгжлийн гол үе шат, ЗСБНХУ задарч, ОХУ болон Монгол оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцад 2 орны харилцаанд гарсан өөрчлөлт нь 2 ард түмний соёл иргэншлийн харилцан нөлөөлөхөд ямар үр дагавар авч ирсэнийг тоймлон шинжилсэн, соёл иргэншил хоорондын харилцан үйлчлэлийн нөхцөлд Орос-Монголын харилцааны хөгжлийн өнөөгийн үе шатыг судлахад зориулагдсан. Бүтээлийн дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын гадаад ертөнцтэй харилцах соёл иргэншил, улс төрийн асуудал, Монгол-Хятадын геополитик ба соёл иргэншлийн харилцан хамаарал, Энэтхэг улс хоорондын харилцааны асуудлыг авч үзэв. Хамтын бүтээлийн тавдугаар бүлэгт Орос-Монголын харилцааны төлөв байдлын талаарх Оросуудын Монголчуудын санал, бодол, Евроазийн их түншлэлийн хэтийн төлөвт хандах хандлагыг тандан судалсан олон нийтийн санаа бодлын үр дүнг багтаасан болно.
Орос-Монголын харилцааг Евроазийн орон зай геополитикийн төдийгүй соёл иргэншлийн бүтцийн өөрчлөлтөөр дамжуулан шинжилснээрээ энэ бүтээл нэлээд өвөрмөц онцлогтой. Энэ төрлийн стереоскопоор Монгол Улсын дэлхийн дэг журамд эзлэх байр суурийг Төв Азроазийн ард түмний түүхэн хувь тавилангийн олон зуун жил үргэлжилсэн харилцан нөлөөллийн онцлогыг бүтээлд агуулсан нь ихээхэн сонирхолтой.
Хамтын бүтээлд Монголын талаас 8 эрдэмтэн (Г.Чулуунбаатар, С.Чулуун, Ц.Энхчимэг, Б.Пүрэвсүрэн, Ц.Цэцэнбилэг, Б.Баттөмөр, О.Хатанболд, Ё.Ундрал), Оросын талаас 5 эрдэмтэн (А.С.Железняков, Т.Н.Литвинова, Д.Д.Бадараев, В.А. Родионов, С.В. Никифоров) оролцсон болно.
Редакцийн зөвлөл: Г.Чулуунбаатар, А.С.Железняков, О.Хатанболд
Зохион байгуулагч: Улс төр, эрх зүйн салбар
Мэдээ бэлтгэсэн: М.Долгорсүрэн