“АРДЧИЛАЛ СУДЛАЛ” ТАЙЛБАРТ НОМ ЗҮЙ
 “АРДЧИЛАЛ СУДЛАЛ” ТАЙЛБАРТ НОМ ЗҮЙ


“АРДЧИЛАЛ СУДЛАЛ” ТАЙЛБАРТ НОМ ЗҮЙ



Эмхэтгэсэн. О.Хатанболд,

Редактор Г.Чулуунбаатар, Г.Билгээ,

Шүүмж өгсөн. Д.Ганбат

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) О.Хатанболд "Улс төрийн харилцаан дахь улс төрийн хошуучлалын гүйцэтгэж буй үүрэг, нөлөө" (2022-2024) суурь судалгааны төслийн хүрээнд «Ардчилал судлал» тайлбарт ном зүйн бүтээлийг эмхэтгэн хэвлүүллээ. Тус бүтээлийн редактораар академич Г.Чулуунбаатар, магистр Г.Билгээ ажилласан бол, бүтээлд доктор (Ph.D) Д.Ганбат шүүмж өгсөн байна. Энэхүү ном зүйн бүтээл нь Монгол Улс дахь ардчиллын түүх, ардчилсан засаглалын төлөв байдал хийгээд ардчилсан эгэх хариуцлага, ардчилал судлалын онолын болон эмпирик судалгаа, улс төрийн шинжлэх ухааны тодорхой сэдвүүдэд холбогдох 2000 орчим ном бүтээлийг хамруулсан анхны ном зүйн бүтээл болжээ.

Ном зүйн бүтээл нь монгол болон англи хэлээр бичигдсэн ном бүтээл хэмээсэн хоёр үндсэн хэсгээс бүрдсэн нь бүтээлийн агуулгын цар хүрээг өргөжүүлж өгсөн байна. Тодруулбал, монгол хэлээр бичигдсэн ном бүтээлд нэг сэдэвт болон хамтын бүтээл, орчуулгын бүтээл (гадаад хэлнээс монгол хэлэнд орчуулагдсан бүтээл), эрдмийн зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл (монгол, англи, орос хэлээр), сонирхогч талуудад зориулсан гарын авлага, бодлогын баримт бичиг, судалгааны тайлангууд зэргийг багтжээ. Харин ардчилал судлалд холбогдох гадаад хэлээрх ном бүтээлд нэг сэдэвт ба хамтын бүтээл, судалгааны сэтгүүл, судалгааны гарын авлага, судалгааны тайлан болон бодлогын бэсрэг судалгаа зэргийг багтаасан нь судалгааны өвөрмөц хийгээд шинэлэг тал болсон гэж болно. Мөнхүү бүтээлд ардчиллын шинэ давалгааны хүрээнд өрнөсөн үйл явцад ардчиллын онолын шинэ асуудал хөндөгдөж, жинхэнэ бодит ардчилал, ардчиллын чанарыг шинжлэх ухааны үндэстэй үнэлж дүгнэх асуудалд ардчиллын судалгаа бүхэлдээ чиглэгдсэн агуулгыг илэрхийлсэн ном бүтээлүүдийг багтаахыг зорьжээ.

Бүтээлийн бас нэгэн онцлог нь ном зүйд орсон бүтээлүүдийг номын зохиогчийн нэр, номын нэр, хэвлэлийн газар, эрхлэн хэвлүүлсэн байгуулаг, хувь хүн, хэлэгдсэн газар, хэвлэгдсэн огноо, хэвлэлийн хуудсын тоо, олон улсын номын зүйн бүртгэлийн дугаарыг багтаасан. Хамгийн гол нь тухайн ном зүйд агуулгыг товч тодорхой оруулж өгсөн нь эл бүтээлийн бусад ном зүйн бүтээлээс ялгагдах нэг чухал зүйл гэж болно. Ном зүйн бүтээл нь бүхэлдээ судалгааны үр дүнг оруулж өгсөн нь бүтээлийн чанар чансааг сайжруулаад зогсохгүй улс төрийн шинжлэх ухааны судалгааг сонирхон судлаачдад ашиглагдахуйц баялаг ном зүйг оруулсан нь практик ач холбогдолтой төдийгүй ном зүйн эл бүтээлийг ардчиллыг сонирхон судлагчид, их дээд сургуулиудын магистр, докторантурт суралцагчид болон энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг хэн бүхэн судалгаа шинжилгээндээ өргөн ашиглах бүрэн боломжтойг дурдах нь зүйтэй.

 

Мэдээлэл бэлтгэсэн: 

Философийн хүрээлэнгийн

Улс төр, эрх зүйн салбар 


Бусад мэдээлэл