Шинжлэх ухааны докторын зэргийг эдийн засгийн чиглэлээр хамгаалсан хүн Монголд ердөө 20 орчим байдаг юм байна.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн Баасан гарагт ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарын Улс төрийн эдийн засгийн ухааны тасгийн дарга Бадамдоржийн Батхишиг “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын / Sc.D. / зэрэг амжилттай хамгаалжээ.
Тэрбээр Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцын үр дүн, онцлогийг харуулж, өнгөрсөн 30 жил дэх зах зээлийн харилцааны хөгжил, үйлдвэрлэх хүчний өөрчлөлт, тэдгээрийн гол зөрчлүүдийг харьцуулан судалж, нэгтгэн дүгнэснээс гадна шийдвэрлэх арга замыг нь тодорхойлж, эдийн засгийн цаашдын хөгжлийн онолын үндэслэлийг боловсруулснаараа чухал ач холбогдолтой бүтээл боллоо гэж судлаачид үзэж байна.
Горилогчийн эрдэм шинжилгээний зөвлөхөөр эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич А.Бакей ажилласан байна.
Шинжлэх ухааны доктор Б.Батхишиг нь 1990 оны ардчилал, шинэчлэлийн үзэл баримтлалыг анхлан дэвшүүлсэн 15 эрдэмтний нэг төдийгүй зах зээлийн эдийн засагт шилжих анхны үзэл баримтлалыг бусад эдийн засагчдын хамт боловсруулж, түүхэн хувь нэмрээ оруулсан эрдэмтэн юм.
Эх сурвалж : https://ikon.mn/n/1zow