ШУА-ийн Философийн хүрээлэнгээс эрдэмтэн судлаачдын коронавирусийн хөл хорионы дэглэмийн үеийн нийгмийн нөхцөл байдлын талаарх санаа бодлыг цувралаар толилуулж байна. Энэ удаа МУИС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор П.Цэрэнбазар, ШУА-ийн Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Батмөнх нарын ажиглалт, эргэцүүллийг танилцуулж байна.
МУИС-ИЙН СОЦИОЛОГИ-НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХИМИЙН БАГШ, ДОКТОР П.ЦЭРЭНБАЗАР
КОВИД -19 -н хөл хорио гэж юу вэ?
ДЭМБ-аас энэхүү өвчнийг 2020 оны 2-р сарын 11-нд КОВИД-19 гэж нэрлэсэн ба дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж 3-р сарын 11-нд зарласан. Манай улсын хувьд 1-р сарын 25-аас хойш хөл хорио үргэлжилж, 2020 оны 3-р сарын 2нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш манай улсын нөхцөл байдал илүү ноцтой болж ирсэн. Цаг үеийн байдал бидний хувьд шинэ, урьд өмнө тулгарч байгаагүй нөхцөлүүдийг үүсгээд байгаа ба өвчний тархалт улс орныг үлдэж чадах уу, эсвэл тахлын нөхцөл үүсэх нь цаг хугацааны асуудал уу гэдгийг хэлэхэд эрт байна. Олон хүн нөхцөл байдлыг урьдчилан таамаглахаас эмээж, төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг анхааралтай ажиглаж байна.
Хөл хорионы үеийг даван туулах эрсдэлийн менежмент
Гадаад харагдах байдлын хувьд Улаанбаатар хотын гудамж, олон нийтийн газарт ихэнх хүмүүс маск зүүж, хувийн хамгаалалт хийж байгаа ба хэдийгээр зарим шүүмж байгаа ч олон нийтэд чиглэсэн хамгаалалтын ба хориглолтын арга хэмжээнүүд боломжийн түвшинд хэрэгжиж байна.
Тахлын тархалт дотоодод биш зөвхөн гадаад орноос тээвэрлэгдэж ирсэн хүмүүсийн дунд, эмнэлгийн байгууллагын хараа хяналтад байгаа нь авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэдэг нь гарцаагүй. Гэхдээ энэ нөхцөл хэр удаан үргэлжлэх бол, хэрвээ дотоодод илэрч, нөхцөл байдал хүндэрвэл яах вэ гэдэг нь асуулт хэвээр байна. Хүмүүс хэдийгээр ойр зуураа болгоомжтой байгаа ч эдгэрч гарсан хүмүүс халдвар тээгч бол, хэрвээ хэн нэгэн хөл хорионд байх хугацаандаа халдвар тээгч нь илрээгүй бол яах вэ? Олон нийт үүнд бэлэн үү, одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд 6 сар, 1 жилийн дараах эдийн засгийн нөөцийг тооцсон уу, байгууллага, өрх гэр, олон нийтийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн шийдвэр болж байна уу гэдгийг хэлэх боломж бас л алга.
Эрсдэлийг тооцох, оновчтой шийдвэр гаргах ур чадвар яг ийм тодорхойгүй нөхцөлд л хамгийн их хэрэгтэй зүйл бөгөөд зөвхөн хориглох хамгаалахаас гадна эрсдэлийг даван туулах, олон нийтийг чадавхжуулах, чиглүүлэх, КОВИД-ын халдвараас сэргийлэхээс гадна ядуурлаас, ажлын байраа алдахаас, гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлсэн алхам хэрэгтэй байна.
Тогтмол орлоготой, эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтсон байгууллага, өрхийн хувьд хөл хорио нь гэр бүлийн харилцаа сайжрах, өөрсдийн дотоод нөөц боломжийг нээж илрүүлэх, хөгжих, оюун ухаан, мэдлэг чадвар, бизнесийн санааны хувьд дараагийн шатанд өөрсдийгөө бэлтгэх боломж гэж харагдаж байна.
Үйл ажиллагаа нь тогтворжоогүй, бизнес нь хязгаарлагдмал байгууллагын хувьд хүний нөөцөө алдах, бизнесийн чиглэлээ өөрчлөх, эсвэл дампуурлаа зарлах эрсдэл нүүрлээд байна. Үүний тод жишээ нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг маш олон сургалтын төвүүд хаалгаа барьсан, багш нараа цомхотгосон, нээгдсэн ч сурагчид нь тахлын үеийн зун сургалтанд суухгүй нь бараг ойлгомжтой болоод байна.
Харин тогтмол орлогогүй, нэн ядуу өрхүүдийн хувьд нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй нь үнэн ч одоогоор хөл хорио тогтоосны улмаас гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдээд, орон байрны болон ажлын байрны архидалт нэмэгдээд, хүмүүсийн орлого огцом буурсны үр дүн хараахан мэдрэгдээгүй байгаа. Хэвлэлээр гарч буй гэмт хэрэг, архидалт, ядуурлын талаарх мэдээнүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад хэвийн хэмжээнд байна.
Товчхондоо яг өнөөдрийн нөхцөл байдал нь аянгатай борооны өмнөх намжмал байдлыг санагдуулам, одоогоор авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд нь алс хэтийг хэр харсныг тодорхойлж мэдэхгүй. Энэ нөхцөл байдлыг үнэлээд дүгнэлт өгөх нь эрт байна.
Харин судлаачид, багш нар, эрдэм шинжилгээний байгууллагын зүгээс энэ нөхцөл байдалд хэрхэн бие даан суралцах, хувийн нөөц боломжоо илрүүлэх, хэрэв халдвар дотоодод тархвал ямар арга хэмжээ авах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, цахим сүлжээгээр хүмүүс хэрхэн зохион байгуулалтанд орж өөртөө болон бусдад туслах талаар бодитой төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй болов уу.
ШУА-ИЙН УЛС ТӨР, ЭРХ ЗҮЙН САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ДОКТОР, ПРОФЕССОР Д.БАТМӨНХ
Нийгмийн гажуудлыг арилгахад титэм вирус тусална
Титэм цар тахлын энэ удаагийн дэгдэлт хүн төрөлхтний дархлаа хаанаа сул эсэхийг, эдийн засгийн тамир тэнхээ, шинжлэх ухаан-технологийн чадавх, засаглалынх нь хүч чадлыг үндсэндээ сорьж үзэж байна. Нэг үгээр хэлэхэд гажуудсан ардчиллын гэм согог нь титэмт вирусын давалгаанд шидэгдэн ил гарч ирж байна.
Энэ ертөнцөд байгаль, нийгэм, оюун ухааны гэнэтийн гэмээр үй түмэн үйл явдал, үзэгдэл өдөр бүр болж, хөгжиж дэвжих нь асч гэрэлтэнэ, мөхөж үеэ өнгөрөөх нь устаж үгүй болсоор л байна. Хорвоогийн хууль, зүй тогтол ийм л юм. Харин тэдгээр юмс, үзэгдлийн аль нь тохиолдлын санамсаргүй, юу нь зайлшгүй зүйл болж өрнөхийг нягтлан судалж, үнэлэлт дүгнэлт өгөхөд мэргэжлийн судлаач, салбарын шинжээчид онцлон анхаарч, ханцуй шамлан ажиллаж байна.
• Титэм вирус тэсрэлтийн хурдаар дэлхий дахинд тархаж, түүний эсрэг улс үндэстэн бүр дархан хилээ хааж, тусгаарлагдсан орчинд вирустэй тэмцэж байна. Улс дотроо хот, суурингаар хөл хорьж, сургууль, цэцэрлэг, үйлдвэрийг хааж, иргэд бие биеэсээ зай барих зэрэг нь эдийн засгийг сүйрүүлээд зогсохгүй, нийгмийн харилцааг тасалж, тэвчээрийг барж мэдэхээр байна. Урьд өмнө үзэгдээгүй ийм гамшиг нь улс гүрэн, хөдөлмөрийн хамт олон, найз нөхдийг төдийгүй, гэр бүлийг дотроос нь зааглаж, тэдэнд цахим харилцааг тулгасан хана хэрэм босгож эхэллээ. Тиймээс энэхүү задарч тусгаарлах үйл явцыг хамтын ухаан бодлоор давж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад иргэдийн сонор сэрэмж, итгэл үнэмшлийг бэхжүүлэх шаардлагатай байна. Нүдэнд үл үзэгдэх вирусыг намнахад иргэдийнхээ соргог мэдрэмж, итгэл үнэмшлийг хүчтэй зэвсэг болгож ашиглая.
• Цар тахал дэгдсэн нь нэг талаар ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалж хөгжүүлэх, нөгөө талаар үеэ өнгөрөөсөн гэх зүйл рүү олон нийтийн сэтгэл зүйг түлхэж эхэллээ. Иргэдийн сахилга хариуцлага, дэг журмыг чангатгахад чиглэсэн, титэмт вирусын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний шаардлага нь засаглалын захиргаадалтын хэв шинжийг сэргээх, улмаар эрх зүйн хүрээнд засаглалыг тэнцвэржүүлсэн өнөөгийн тогтолцоог эргэж харахад хүргэж болзошгүй байдал ажиглагдах боллоо.
• Аюулт өвчний хөнөөл хүмүүсийн сэтгэлгээнд эерэг, сөрөг олон өөрчлөлтийг авчирч байна. Зарим орны иргэдийн бухимдал арьс өнгөөр ялгаварлах, үндсэрхэг үзлийг сэдрээж, хувиа хичээж, довоо шарлуулсан хүслийг бадрааж байхад нөгөө талд эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг илүүтэй дэмжиж буй хандлага давалгайлж байна. Дэлхий нийтийг хамарсан даяарших үйл явц титэмт вирусын эхний давалгаанд бут цохигдон сарниж эхэллээ. Улс гүрнүүд нэг хэмжүүрт туйлчлагдсан төвийг тойрч эргэлдэх бус, олон туйлт хөгжлийн тойрог замыг чухалчилж байх шиг байна.
Бид бүхэн хүний эрх, нэр төрийг эрхэмлэдэг, шударга ёс, хөдөлмөрийг дээдэлдэг хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бүтээн байгуулах эрин үед амьдарч байна. Өнөөгийн сэтгэгчид энэхүү үзэл баримтлалыг цаг үеийн шаардлагаар улам баяжуулж, улс орны тогтвортой хөгжлийг тусгаар тогтнол, үндэстний аюулгүй байдал, хуулийн дэг журам, ёс зүйн хэм хэмжээ, эдийн засгийн хүчин чадлаар тодорхойлж, цаашдын чиг баримжааг боловсруулж байна.