Г.Чулуунбаатар: Философи мэдлэгийн үндэс язгуур бол оюун ухаант хүмүүнд байгалиас заяагдсан атрибут шинжтэй үзэгдэл
Г.Чулуунбаатар: Философи мэдлэгийн үндэс язгуур бол  оюун ухаант хүмүүнд байгалиас заяагдсан  атрибут шинжтэй үзэгдэл

Г.Чулуунбаатар: Философи мэдлэгийн үндэс язгуур бол

оюун ухаант хүмүүнд байгалиас заяагдсан

атрибут шинжтэй үзэгдэл

 

 

Дэлхийн философийн өдрийг ЮНЕСКО-оос жил бүрийн 11-р сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тэмдэглэх болсон шалтгааныг товч дурдвал: Дэлхийн 2-р дайны дараа  буюу 1945 оны 11-р сарын 16-нд ЮНЕСКО байгуулагдахад түүнийг санаачлагчид нь дайны хор уршгийг хүмүүст ойлгуулахдаа “нэгэнт дайныг хүн өдүүлсэн, тиймээс түүнийг зогсоож чадах нь мөн л хүн өөрөө байна” гэсэн санааг үндэс болгосон байдаг. Ингэхдээ хүн төрөлхтөн биеэ биеэ хүндлэх, энх тайвныг эрхэмлэх, үндсэрхэг болон хүчирхийллийг эсэргүүцэх, соёлын үнэт зүйлийг хамгаалах, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэж ажиллах юм.

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатартай ярилцлаа.

 

Сайн байна уу? Танд Дэлхийн философийн өдрийн мэнд хүргэе. Уг өдрийг тохиолдуулан тантай ярилцаж байгаадаа баяртай байна.

Баярлалаа. Танд болон нийт философичдодоо Дэлхийн философийн өдрийн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол философийн мэргэжил эзэмшсэн бидний хувьд хамгийн чухал тэмдэглэлт өдрүүдийн нэг.  Манай улсын тухайд энэ өдөр маань шинжлэх ухааны ажилтны өдөртэй ерөнхийдөө давхацдаг учраас шинжлэх ухаанд философийн мэдлэг ухааны салбараар зүтгэж яваа   хүмүүсийн тухайд олон зүйл бодогдуулж, бас мэргэжлээрээ, сайн яваа шавь нараараа бахархах,  хорвоо  ертөнц,  улс орноо, нийгмийн хөгжлийнхөө дүр зураг, хандлага чиглэлийн талаар философи эргэцүүлэл хийх сайхан өдрүүд болдог. Жил бүрийн 11 сарын эдгээр өдрүүдэд  философиор, шинжлэх ухаанаар амьсгалсан олон чухал арга хэмжээ зохион байгуулагддаг учраас би ингэж хэлж байгаа хэрэг. Энэ жилийн тухай бүр онцлогтой байна. Мөн энэ өдрүүдэд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэн үүсэн байгуулагдсаны 100, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүх ой тохиож байгаа нь ховор тохиолдох үйл явдал юм.  Энэ өдрүүдэд Монголын Философийн холбоо, ШУА-ийн Философийн хүрээлэн,  МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим хамтран болон дангаараа, бас ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтарч олон бүтээлч ажил өрнүүлдэг нь философийн мэдлэг, боловсролын үнэ цэн, ач холбогдлыг судлах, сурталчлах ажилд чухал түлхэц болдогт баяртай байдаг даа.

Философийн боловсрол гэж юу вэ? Яагаад чухал вэ? хэмээх асуултаар хоёулаа ярилцлагаа эхэлье гэж бодож байна.

Философи бол мэдлэг ухааны их том ай савыг багтаасан, гүн гүнзгий агуулга, өргөн  хүрээтэй ойлголт. Философи гэж чухам юу болох, философийн боловсрол гэхээр ямар байх вэ? гэдэг шууд холбоотой асуудал. Тэгэхлээр философийн боловсролын тухай ярихын тулд философи гэж чухам юу вэ? гэдгээс эхэлж ганц нэг санаа  хэлье.  Би бол 1970-д онд МУИС-ийн философийн ангид академич С.Норовсамбуу, Г.Лувсанцэрэн, профессор Д.Содномгомбо, Цо.Намсрай, Ц.Гомбосүрэн,  Магсим Петрович Хван нарын багш нараар өрнийн болон дорнын философийн түүх, диалектик ба түүхийн материализм, формаль логикийн хичээл заалгаж философийн боловсрол эзэмшсэн бүтээгдэхүүн. Тий болохоор ерөнхийдөө сонгодог философийн сууриа илүү баримжаалсан үзэл бодолтой явдаг нэгэн. Гэхдээ 1990-ээд оноос хойш манай сургалт, судалгаанд эрчимтэй дэлгэрч байгаа өрнийн философийн сонгодог биш, сонгодог бишийн дараах философийн үзэл сургаалуудтай боломжийн хэмжээнд танилцаж, сургалт судалгааны ажилдаа чадах хэрээрээ ашиглаж л явна.

Тэгэхлээр философи гэж чухам юу болох тухай тодорхойлолт хөөж яривал Шинжлэх ухааны үр дүн, арга барилыг дүгнэдэг философи сэтгэлгээний хэв маяг (Р.Карнап, Т.Бунге), Байгалийн болон хүмүүнлэгийн мэдлэгийг шууд холбогч үе шат (Ф.Франк), Шинжлэх ухааны мэдлэгийн арга зүйн задлан шинжилгээ (И.Лакатос) гэх мэтээр  хэдэн арваар нь тоочин дурдаж болно.    Би зөвхөн өөрийнхөө  бодлыг товч хэлье. Миний хувьд философи бол аливаа юм үзэгдлийн анхдагч эхлэлийн тухай, бүх оршихуйн түгээмэл нэгдлийн тухай гэх мэтээр орчлон хорвоог бүхэлд “юу вэ? гэдэг асуултад хариу эрэлхийлдэг, чин эрмэлзэл, соёлын хэм хэмжээ, үнэлэмж бүрдүүлэх замаар нийгмийн ахуйд харьцах оюун сэтгэлгээний үйл явц буюу товчдоо бол аугаа их И.Кантын онож тодорхойлсноор  энэ бүхний хамаарах  “... ойлголтуудаас бүтсэн  рациональ мэдлэгийн тогтолцоо” юм гэж ойлгодог. 

Чухам энэ л утгаараа философи нь шинжлэх ухааны эргэцүүлэл,  харилцааны бодол санааны ерөнхий зүй тогтол, хүмүүнлэг мөн чанарыг зөв ойлгон тайлбарлаж, тэгснээрээ тодорхой шинжлэх ухаануудын судалгааны арга зүй болж, тэднийг хооронд нь зуучлан холбож байдаг. Бас тодорхой шинжлэх ухааны эргэцүүлэл, зааг хүрээ ба арга зүйг үндэслэж, танин мэдэхүйн болон хөгжлийн загвар бодлогын алсын харааг санал болгодгоороо ерөнхий суурь зарчим болж тэдний ололт амжилтыг тайлбарладаг.  Философийн мэдлэгийн энэ үнэ цэнийг алдарт эрдэмтэн А.Эйнштейн  тодорхойлж хэлэхдээ: “...Философийг хамгийн өргөн утгаар мэдлэгийн эрэл гэж ойлговол тэр нь “бүх шинжлэх ухааны мэдлэгийн эх” байх нь эргэлзээгүй гэсэн байдаг. Тийм болохоор философийн боловсрол бол бүх шинжлэх ухааны мэдлэгт суралцах суурь арга зүй олгох үйл явц болно. Мэдлэг эзэмших арга зүйд суралцана гэдэг маань зөвхөн арга зүй төдийгүй сэтгэлгээний соёл төлөвшүүлэх, мэдлэгийн цар хүрээ үргэлж өргөжин тэлж байх чадварыг олгодог учраас бүх шатны сургалтад ямар нэг хэмжээгээр олгож байх учиртай чухал боловсрол гэж би ойлгож байна.

Тухайн улсын иргэд философийн мэдлэг, боловсролтой байхын давуу тал юу вэ?

Аль улсын иргэн байхаас үл хамааран ямар ч хүнд философийн боловсрол чухал. Ер нь философи мэдлэгийн үндэс язгуур бол оюун ухаант хүмүүнд байгалиас заяагдсан атрибут шинжтэй үзэгдэл. Тэгэхлээр аливаа хүнд философийн  боловсролд суралцах суурь өгөгдөл байдаг гэсэн үг. Үүнтэй холбогдуулж би  Английн логикч, философич, социологич Бертран Расселийн нэг  сонирхолтой санааг дурдаж хэлье.  Тэрээр “Философийг теологи, шинжлэх ухаан хоёрын завсар байрладаг гэмээр юм. Нарийн мэдлэгээр өнөөг хүртэл тайлбарлаж чадаагүй зүйлстэй харьцдаг утгаараа теологи мэт. Уламжлалт нэр төр ч бай, шүтлэг шүтээн ч бай, аливаад хандахдаа алдар хүндэд нь бус хүний оюун ухааныг дээдэлдгээрээ шинжлэх ухаантай адил “  гэсэн байдаг. Энд юу хэлээд байна гэхлээр  оюун ухаант хүмүүний  уураг тархинд үүсдэг оюун сэтгэхүйн олон талт үйл явцыг бүхэлд нь хамруулан сонирхдог ухаан бол философи гэдгийг л онцолж байгаа хэрэг. Тэгэхлээр философийн сонирхдог асуудал бол зөвхөн шинжлэх ухааны мэдлэгээр хязгаарлагдахгүй, бас шинжлэх ухааны  бус мэдлэг, сүсэг бишрэл, итгэл үнэмшил, түүнчлэн гоо сайхан, ёс суртахуун гээд орчлон хорвоо, хүний амьдрал ахуйн язгуур хийгээд түгээмэл уг чанарыг сонирхож мэдэх тэр өргөн хүрээг хамардаг.

Энэ бүхнээс ургуулаад бодохлоор философийн боловсрол нь  хүмүүний оюун сэтгэхүйд арга зүйн программчилсан ерөнхий удирдамж, шинжлэх ухааны онол бүтээхэд ерөнхий арга зүй, танин мэдэхүй дэх  бясалгал, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээний хөшүүрэг зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэгэхлээр философийн боловсролтой хүн бол наад зах догматик хөшүүн сэтгэлгээнд хүлэгдэхгүй, аливаад туйлширч савладаггүй, аар саархан зүйлд хөтлөгдөж будилдаггүй,  ойрыг нягталж, холыг хардаг, юмыг үзэгдэх байдлаар нь биш уг язгуур шинжээр нь үнэлэхийг эрмэлздэг,  ээдрээтэй нөхцөлөөс оновчтой гарцыг олж хардаг, цэцэн мэргэн, гоо сайхан, сайн үйл, амьдралын утга учир гэж юу болох тухай асуултад  хариу  өгөхийг зорьдог, зөн совин, мэргэ төлөг сүнс, бурхан, ид шидийг ад үздэггүй ч түүнийг теологи шиг, шашин шиг тайлбарладаггүй, эзотерик ертөнц, тансценденталь зүйлд тэмүүлэх авьяас, сонирхлоороо тодорхой шинжлэх ухааны эрдэмтдээс ялгардаг зэрэг  ухаант  хүмүүний түгээмэл чадавхыг олгодог учраас олон давуу талтай гэж бодож явдаг даа.

 

 Та философийн мэргэжил эзэмшээд түүгээрээ ажиллаж, товчоор хэлбэл мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваа хүний хувьд энэ мэргэжлийн ач холбогдол, үүргийг тус мэргэжлээр суралцаж буй, суралцахаар сонирхож буй залуучуудад тайлбарлаж өгөөч.

За би сая философийн боловсролын тухай ярихдаа гол санаагаа хэллээ дээ. Мэргэжил гэдэг талаасаа бол философи их онцлогтой гэж боддог. Философич мэргэжилтэй гэхлээр философийг судалдаг, аливаад философийн үүднээс ханддаг, бас өөрөө философиддог  хүн гэж ойлгох байх даа.   Философиор суралцаж, боловсролын шат шатны зэрэг хамгаалсан, яг философийнхоо чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж яваа хүмүүст энэ мэргэжил юуны өмнө хамаарна.

Миний хувьд бол 1975 онд МУИС-д 10 жил завсарласны дараа 3 дахь удаагаа элсэлт авсан ангид орж суралцаж төгссөн хүн. Тэр үед философийн ангид суралцаж байсан оюутнуудыг  3 дугаар курсээс нь эхлээд диалектик материализм, түүхийн материализм, шинжлэх ухааны коммунизмын онол гэсэн чиглэлээр мэргэшүүлдэг байсан. Миний элссэн анги түүхийн материализмаар, харин төгссөн анги маань ШУКО-гоор мэргэшсэн. Би чинь 1975 онд элсээд засвар нь нэг жил цэргийн алба хааж, 1976 оны элсэлтийнхэнтэй 1981 онд төгссөн хүн л дээ. Тэгэхлээр одоогийн  ангиллаар бол нийгмийн болон улс төрийн философийн чиглэлээр мэргэшсэн хүн   болж байгаа  юм.  Тэгээд л мэргэшсэн тэр л чиглэлээ голлон барьж одоо  40 жил ажиллаж байна даа. Миний эзэмшсэн мэргэжил надад өгөөж хишгээ хангалттай хайрлаж байгаа. 

Мэргэжил сонгож байгаа залуучуудад хандаж хэлэхэд  анх сонирхож сонгосон бол түүнийгээ битгий орхи, харин сонгож эзэмшсэн мэргэжлээрээ олж авсан мэдлэг, арга зүй, чадвар, дадлагаа ямагт баяжуулж,  ажил амьдралынхаа  бүхий л салаа мөчирт түүнийгээ ашиглаж сур гэж зөвлөх байна. Философийн боловсрол сайн эзэмшсэн, бүр мэргэжлийн анги төгссөн хүн философидоо үнэнч байж, түүнийгээ байнга тэтгэн баяжуулж чадвал аль ч салбарт ямар ч ажил албыг шаардлагын хэмжээнд  гүйцэтгэх боломжтой гэдгийг л хэлье. Миний хувьд  сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад насаараа ажиллаж, эрдэм шинжилгээний дэд ажилтнаас эхлээд  сургалтын болон шинжлэх ухааны байгууллагын удирдах албан тушаалыг  хашихдаа өөртөө хийсэн гол дүгнэлт бол унаган мэргэжлээ түшиж ажиллаж амьдар, энэ л таны  эгэл жирийн бөгөөд ухаалаг төвшин амьдралын  хамгийн найдвартай баталгаа мөн юм байна гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болсон хүн. Үүнийгээ л залуучууддаа давтан хэлэх байна.

Таны сонирхлыг хамгийн их татаж байсан философич хэн бэ? Яагаад? Одоо та хэний бүтээлийг илүү сонирхон уншиж байна?

Философийн мэргэжил эзэмшсэн хүнд аль нэг философичийн бүтээл, үзэл сургаалыг  дагнан сонирхож, илүү нарийн судалдаг нь ерөнхийдөө нийтлэг зүйл байх. Гэхдээ багш профессоруудын хувьд энэ чиглэлийн сонирхол илүү байдаг юм уу даа гэж ажиглагддаг. Мийн хувьд бол бусдын л адил  оюутан байхаасаа Сократаас эхлээд Платон, Аристотель, Гегель, Кант, Маркс, Энгельс гээд сонгодог философийн  төлөөлөгчдийн зохиол бүтээлийг сургалтын шаардлага, өөрийн сонирхлоор уншиж судалж явлаа. Түүнээс хойш, одоо ч гэсэн сонгодог үеийн философичдын бүтээлийг илүү нарийн судлах шаардлагатай гэж боддог  хэвээрээ л байна.

Мэдээжээр цаг үеийн шаардлага,  бий болсон боломж, сургалт судалгааны ажилд гарч байгаа өөрчлөлтийг хандлагыг тусгаж, бүтээлийг нь уншиж сонирхох философичдын тоо олширч сонирхлын хүрээ тэлсэн ойлгомжтой. 1990-ээд оны сүүлчээс эхлэн гол төлөв сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагад “шүдлэн дарга”-ын ажил албатай болчихсон болохоор  философийнхоо судалгаа, шинжилгээний ажлыг тууштай дагнаж амжихгүй л явна. Гэхдээ цаг боломжийнхоо  эрдэм шинжилгээний ажлыг аль болох таслахгүй явахыг  хичээж явна.  Яг чиний асуусан асуултын тухайд бол сүүлийн үед  академич багш Г.Лувсанцэрэн, ардын багш Б.Даш-Ёндон, найз Ч.Ган-Өлзий нарынхаа нөлөөгөөр  өрнө, дорнын философийн  зарим төлөөлөгчид, тухайлбал,   дорноос Лао-Зцы, Нагаржуна, Кунз нарын философи санааг Аристотель, Платон нарынхтай Агваанбалдан, Агваанхайдав, Данзанравжаа, Инжинаш нарт байгаа зарим нэг философи санаануудыг өрнийн экзистенциализм,  феноменологи, герменевтикийн зарим төлөөлөгчид, тухайлбал,  М.Хайдеггер, Эдмунд Гуссерль, Г.Гадамер нарын философичдын үзэл сургаалтай харьцуулж харах  чиглэлээр бага сага мэдээлэл цуглуулж харж байна. Чингэхдээ  үзэл санааны ерөнхий харьцуулалт хийж, тойм ойлголтоо нарийвчлахын зэрэгцээ  ёс суртахуун,  төр улсын үйл хэрэг, засаглал, хүний эрх, эрх чөлөөний чиглэлд хамаарах зүйлүүдийг   голчлон харж судалж байна.

Үнэт зүйл гэж юу вэ? Монголчуудын хувьд нийтлэг үнэт зүйл юу байх вэ? Монголчууд ер нь үнэт зүйлдээ хэр тууштай ард түмэн бэ? Таныг ийм чиглэлийн төслийн ажилд оролцож зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд асууж байна л даа?

За их лут асуултууд байна. Үнэт зүйл, үнэлэмжийн тухай асуудал философи аспектээр  бол их төвөгтэй ойлголт. Орос англи хэлнээс орчуулахаас эхлээд үг оноох,  агуулгыг нь зөв ойлгох, тэгээд сургалт, эрдэм шинжилгээний ажилд хэрэглэх хүртэл бүхий л хүрээнд тодорхойлох гэхээр үргэлж л маргаан дагуулдаг асуудал. Гэхдээ олон улсын хэмжээнд болон манайд хийгдсэн судалгааны бүтээлүүдийг нэг бүтэн хавтгайд буулгаад  харвал ерөнхий агуулга нь ямар нэг хэмжээнд ойлгогдоод  байдаг, түүнийг нь үнэлэмжийн философи гэсэн бие даасан салбар чиглэл судалдаг. Ном сурах бичигт ч орчихсон байгаа. Тэгэхлээр одоогоор тэр нийтлэг ойлголтын хүрээнд л ярьж болох зүйл гэж бодож байна. 

Төслийн тухай ярихын өмнө  үндэслэлийг нь товч хэлье. Ер нь  бол дэлхийн үнэлэмжийн судалгааны сүлжээ гэж байдаг. Манайх тэр сүлжээнд холбогдох гээд хөөцөлдөж байгаа ч одоогоор мэдээлэл хангалтгүй байгаа. Манайд бол Ц.Баатартогтох, Ц.Цэцэнбилэг гээд диссертацийн хэмжээнд судалсан зүйл бий. Мань мэтээс эхлээд Ц.Гомбосүрэн багш, Г.Сайнхишиг нарын зарим хүмүүс  ном бүтээлдээ хөндөж, өгүүлэл бичсэн  байдаг. Санхүү эдийн сургууль, Удирдлагын академиас багахан төслийн хэмжээнд хийсэн судалгааны тайлангууд гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, асуудлыг бодлогын хэмжээнд хөндөж ярих судалгаа, мэдээллийн бааз суурь ямар нэг хэмжээнд бий болжээ гээн үг.

Нөгөө талаар манай нийгэмд соёл, сэтгэлгээ, үнэлэмжийн далайцтай өөрчлөлт  түргэн хурдацтай явагдаж байгаа орчин үед   өнөө ба ирээдүй хойч үеийнхэн маань монгол хүний хувьд сэтгэл оюундаа ямагт шингээн хадгалж,   эрхэмлэх дээдэлж байх үнэт зүйлс  нь цэгцрэн төлөвшөөгүй  байна. Улс үндэстний  ялгаран, танигдах гол онцлогийг үндэсний соёл, өв уламжлал тодорхойлж буй даяаршлын нөхцөлд  эртний түүхт  Монгол орны өнөөгийн иргэд бидний өмнө үеэс үед уламжлан ирсэн эрхэмлэн дээдлэх үндэсний үнэт зүйлсээ тодотгон томьёолж, ирээдүй хойч үедээ залгамжлан хүргэх зайлшгүй шаардлага үүссэн гэдэг үндэслэлээр СУИС санаачлан өөрийн санхүүжилтээр “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл” нэртэй төслийг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байгаа.

Энэ төслийн судалгаанд “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс бол монгол үндэстний түүхийн явцад бүрэлдэн бий болж, уламжлан ирсэн, монголчуудын дунд нийтээр хүлээн зөвшөөрөгдөн,сэтгэл  зүрх, оюун санаанд нь хоногшин тогтсон эрхэм нандин эрдэнэсийн цогц нэгдэл мөн” энгийн агуулгатай үзэл баримтлалыг удирдлага болгосон. Гэхдээ үүнийг нэлээд тодорхой  судалгаа, олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүн тодорхойлсныг хэлэх хэрэгтэй.

Төслийн үр дүнгээр Монголчуудын эрхэмлэн дээдлэх  үнэт зүйлсийг:  Монгол хүн дээд эрдэнэ, Гэр бүл эрхэм эрдэнэ, Төрт ёс ялгуулсан эрдэнэ, Эх нутаг чандмань эрдэнэ, Монгол хэл цогт эрдэнэ,  Өв соёл өлзийт эрдэнэ,  Нүүдэлчний ухаан чухаг эрдэнэ, Эрдэм боловсрол төгс эрдэнэ, Ёс суртахуун нандин эрдэнэ хэмээн есөн эрдэнээр бэлгэдэн тодорхойлохыг оролдсон байгаа.

 

 Таны саяын ярьсан үнэт зүйлд бид яагаад тууштай, түүнийг баримжаа болгож ажиллах ёстой вэ?

Би сая хэллээ. Энэ бол анхны оролдлого. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дүгээр зарлигийг 2020 онд гаргаж дэмжсэн нь олзуурхууштай зүйл. Энд яагаад чухал болох тухай, үүнийг монголчуудынхаа  итгэл үнэмшил болгож, үе үеийнхний сэтгэл зүрхэнд шингээн хэвшүүлэхийн тулд юу хийх  ёстой зэргийг нэлээд тодорхой заачихсан байгаа.  Хамгийн гол бодит ажил болоосой гэсэн хүлээлт л бидний хувьд үлдээд байгаа гэж хэлж болно. Гэхдээ Соёлын яам, ГХЯ энэ чиглэлээр зарим нэг тодорхой ажил эхлээд байгаа гэж сонссон шүү.

 Төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын тайлан, хурал хэлэлцүүлэгт эрдэмтдийн тавьсан илтгэл, дэвшүүлсэн санал зөвлөмжүүдийг  нэгтгэсэн ном бүтээл зарим нь хэвлэгдэн гарсан, зарим нь гарч байгаа байх.  Эдгээрээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Би хувьдаа бол эрчимтэй даяаршлын  энэ эрэн үед Монголчуудыг  монголоороо үлдэх, тэгэхдээ хүн төрөлхтний нийтлэн үнэт зүйлстэй шүтэн барилдаж хөгжих үндсэн суваг сэжмүүд нь энд хураангуйлан томьёолсон үнэт зүйлс байх болов уу?  гэж бодож байна.  Энэ төсөлд анхнаас нь оролцож, чадах чинээгээрээ  зөвлөж явсан хүний хувьд  монголчуудын маань ахуй амьдрал, улс орны маань хөгжил дэвшилд өчүүхэн ч  атугай нэмэр  болбол баярлахаас өөр яах билээ. Шуугиад өнгөрдөг ажлуудын нэг бодоод өнгөрвөл тэр л биз дээ. Одоо яая гэхэв.

Одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна? Таны бүтээлийг мэргэжлийнхэн болон бусад судлаачид бас хүлээж л байгаа ...

За даа гол дуу өдөр тутмын урсгал ажилдаа дарагдаад зав муутайхан л байх юм. Гэхдээ бас хоосонгүй. Сүүлийн 2 жил “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ” \2017-2019\,  “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба тогтвортой хөгжлийн зорилтууд” \2019-2020\  хоёр төсөл удирдан ажиллаж, хоёр томоохон хэмжээний хамтын бүтээл гаргах тус бүрд нь хоёр хоёр  бүлэг бичлээ.

 

Энэ өдрүүдэд тохиож буй түүхт ойд зориулан  ШУА  “Монголын Шинжлэх ухааны түүх”  5 боть том хэмжээний бүтээлийг хэвлүүлээд байна. Энэ бүтээлд оролцлоо.  2003 оноос хойш сүүлийн хэдэн жил Монголын ардчилал, ардчилсан засаглалын асуудлыг сонирхож, НҮБ-ын ХХ-ийн төсөл болон бусад судалгааны ажилд оролцож, нэлээд зүйлийг уншиж цуглуулсан юм. Ер нь надад Монголын ардчиллын тухай нэлээд томоохон бүтэл гаргах санаа төрөөд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Саяхан  “Монголын ардчилал” (Төлөөллийн ардчиллын сорилт,  шууд ардчиллын боломж) гэсэн нэртэй нэгэн сэдэвт бүтээлийг  Удирдлагын академийн профессор Ш.Батсүх, докторант Б.Ганцоож нартай  хамтран дуусгаж, хэвлэлд шилжүүлсэн, өнөөдөр хэвлэгдэж гараад байна.  Цаашдаа энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлнэ.

Одоо таны ажиллаж байгаа бүтээлийн гол онцлог, ач холбогдол юу вэ?

Яг одоо бол хувийн бүтэл гэхээсээ илүү хамтын бүтээл дээр ажиллаж байна. Энэ дуусах ёстой салбар дундын судалгааны “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь” инновацын  төслийн  гол үр дүн болсон толийн эх дээр ажиллаж байна. Их том ажлын эхлэл. Бас маш олон хүний хөдөлмөр шингэсэн ажил.  Ойролцоогоор суурь шинжлэх ухааны 6 салбарыг хамарсан 12000 гаруй түлхүүр нэр томьёог дунд сургуулийн хүүхдээс эхлээд  өргөн олон нийтийн хэрэгцээнд зориулан тайлбарлаж, цахим хэлбэр оруулан нээлттэй ашиглах боломж бүрдэх юм. Би нийгэм, хүмүүнлэгийн салбарын нэр томьёоны тайлбарыг ерөнхий редакторын хувьд харж байна.  Ойрын үеийн гол ажил энэ л байна даа

Монголын нийгмийн хөгжлийн асуудлаар судалгаа хийдэг хүний хувьд асуухад оюун санааны хувьд өнөөгийн монголчуудын өмнө тулгараад байгаа гол асуудал юу вэ?

Би  саяхан яг иймэрхүү сэдвээр  “Үнэн” сонины сэтгүүлчид нэг ярилцлага өгсөн байгаа. Тэр ярилцлага ШУА-ийн цахим хуудсанд байршсан байгаа.  Бас өмнө дурдсан  хоёр төслийн эхний төслийн үр дүн болж гарсан  “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ”  хамтын бүтээлд энэ тухайд холбогдох нарийн ширийн зүйлд нэлээд сайн анализ хийж, гарц гаргалгааны тухайд санаа бодлоо хэлсэн байгааг хэлье.

Ер нь бол монголын нийгмийн оюуны санааны ертөнц бол их том. Тэр бүрийн тухай жижиг ярилцлагад бүгдийг дурдах боломжгүй. Би зөвхөн шинжлэх ухаан боловсролд  холбогдох ган нэг санаа хэлж болох юм.  Хамгийн гол тулгамдсан асуудал  бол оюуны хөдөлмөрийн үнэлэмж доогуур байгаагаас  олон тулгамдсан асуудлууд үүсэж байгаа. Үнэлэмж муу байгаа нь цалин орлогыг хомс болгож, улмаар энэ салбарынхны нийгмийн асуудлаа боломж хязгаарлагдмал болох, тэр нь ажил хөдөлмөрийн үр дүн сөргөөр нөлөөлөх гээд маш олон асуудлыг дагалдуулаад байгаа юм.

Ерөнхий  боловсролын багш нараас эхлээд их дээд сургуулийн багш, профессорууд,  эрдэм шинжилгээний байгууллагын шинжилгээ судалгааны ажил эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтнууд,  соёл урлагийн салбарын  уран бүтээлчид гээд оюуны үйлдвэрлэлийн  ажлын суурь үнэлэмжийг шаардлагын хэмжээнд хүргэж нэмэхгүйгээр, эдгээр салбарт чадварлаг хүний нөөцгүйгээр  улс орны оюун санааны  хөгжилд бодит ахиц дэвшил гарна гэдэг бол  их ойлгомжгүй  зүйл.

Түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Таны санаа оноо юу вэ?

  Гол арга зам нь дурдсан  оюуны салбаруудын санхүүжилтийн хэмжээ болон цалин орлогыг бодитой нэмэгдүүлж,  илүү үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх явдал. Энэ мэдээжээр тийм өргөс авах маягаар шийдэгдэх асуудал биш л дээ. Төр, засгийн холыг харсан цэгцтэй бодлого, үйл ажиллагааны үр дүнгээр л шийдэгдэх зүйл. Сүүлийн 2-3 жилд бага ч болов итгэл төрүүлэхүйц алхмууд хийгдэж байна.  

 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төсвийн төлөвлөлт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд эрдэм шинжилгээний ажилтны тоог ойролцоогоор 2025 он гэхэд 3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байгаа. Санхүүжилтийн болон хүний нөөцийн том зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа шийдвэрийн хэмжээнд  эхэлж байна.  Төсөв хөрөнгийн хэмжээг ямар нэг хэмжээгээр нэмэгдүүлэх, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох эрэл хайгуул хийх боллоо.  Салбарынхан бидний тухайд санал зөвлөмжөө хэлэхээс өөр юу хийж чадах билээ. Одоо   харж, хүлээх л үлдэж байх шив дээ.  

Ер нь ямар үндэстэн хурдан хөгждөг вэ? Бид яавал хурдан хөгжих вэ? Мэдээж танаас эдийн засгийн ч юм уу утгаар асуугаагүй. Оюун санаа, сэтгэлгээтэй л холбоотой асууж байгааг та мэдэж байгаа.  

Та  ер нь их хүнд асуулт тавьдаг хүн юм аа. Хамгийн товчоор  оюунлаг үндэстэн хамгийн хурдан хөгждөг гэж хариулъя. Гэхдээ аливаа үндэстэн оюунлаг байна гэдэг бол хүн бүр нь ухаантай байна гэсэн механик ойлголт биш.  Хүн ард нь оюуны чадавх сайтай,  тэр нь иргэн хүний ажил үйлс, ёс суртахуун,   зан араншин, амьдралын утга учрыг ойлгож ухаарах үйл хөдлөлийн тогтсон хэм хэмжээ, ердийн соёл болж хэвшсэн  байхыг ойлгох болов уу? Өөрөөр хэлбэл,  амьдралын философи бас чухал үүрэгтэй.  Үүнтэй холбогдуулж би  их сэтгэгч Гегелийн “Философи бол төрийн амьдралд илрэлээ олж байх ёстой»; боловсролтой ард түмэн философигүй бол ерөнхийд нь янз бүрээр чимэглэсэн ч гэсэн гэрэл гэгээгүй сүм мэт нэгэн зүйл” гэдэг алдарт үгийг хэлмээр байна. . Өнөөгийн манай аугаа  нийгмийн оюуны дүр төрхийг энэ хүн хүн оноод хэлчихсэн мэт санагдаж байгаа биз дээ. Тэгэхлээр боловсролыг,  нийгмийн оюуны амьдралыг  бүхэлд философижуулах  хэрэгтэй  гэж хэлэх үү дээ. Энэ мэдээж амаргүй.  Гэхдээ энд бас  К.Марксын “…уураг тархи хүний ходоодонд оршдоггүй ч хүний гадна байрладаггүйтэй адилаар философи ертөнцийн гадна хөвөлзөж байдаггүй”  гэснийг сануулахад илүүдэхгүй байх аа.

Ярилцлага эхлэхийн өмнө дэлхийн философийн өдрийг тохиолдуулан салбарынхаа академичтай ярилцаж буйгаа онцолсон. Тэгвэл ярилцлагаа мөн түүнтэй холбоотой асуултаар өндөрлөе.

Дэлхийн философийн өдрийг илүү өргөн хүрээнд тэмдэглэж, философийн боловсролын чухлыг нийт хүмүүст ойлгуулахын тулд философичид, судлаачид бид юу хийвэл зохилтой вэ?

Юуны өмнө, хувь хүмүүсийн тухайд  бол философичид маань бүгд мэргэжлээсээ “урвахгүй”  сонгож авсан л бол тэр  чиглэлээрээ аль болох тууштай ажилладаг болмоор байна. Бас мэргэжилдээ үнэнч байж,  өөр өөрийнхөө үүрэгтэй ажлыг сайн хийх ёстой байх.  Мэргэжлийн холбоо, би  энд Монголын Философийн холбоог хэлж байна. Аль болох идэвхтэй сайн ажиллаж,  хувь философичийн хийж чадахгүй байгаа, тэгэхдээ төрийн байгууллага хийх ёсгүй, философичдын хийж чадах тийм ажлыг санаачлан  зохион байгуулах нь чухал гэж бодож байна. Төр засгийн хувьд философийг дээд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд  одоогийнхоос илүү өргөн хүрээнд хамруулж сургах,  энэ чиглэлийн судалгаа, шинжилгээ, нийгмийг соён гэгээрүүлэх ажилд ач холбогдол өгч санхүүжүүлэхээс эхлээд  боломжтой бүх талын дэмжлэг үзүүлдэг байгаасай гэж хүсэх  байна даа.

Цаг зав гарган ярилцсан эрхэм танд баярлалаа. Бидний ярилцлага дараа дахин үргэлжлэх байхаа хэмээн итгэж буйгаа илэрхийлье.

 

Ярилцсан: Д.Оюунгэрэл

 


Бусад мэдээлэл